Хил дагасан малчдын хүүхдүүд сурдаг буйдхан сургууль “Улаанхад”

3
2021 оны 12 сарын 312021-12-31
Хил дагасан малчдын хүүхдүүд сурдаг буйдхан сургууль “Улаанхад”

    Алс баруун хязгаарын буйдхан багийн “Улаанхад” сургуулийн хамт олон малчдын хүүхдүүдэд мэдлэг түгээхээр мэрийж байна. “Улаанхад” бага сургууль алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаанхад буюу 2 дугаар багт оршдог.

    Урд хилээс 8 км, аймгийн төвөөс 200-гаад км, Улаанбаатар хотоос 2000 км-ын зайд хилийн бүсэд байрладаг багийн бага сургууль юм. Баян-Өлгий аймгийн онцлог нь 90 гаруй % казак үндэстэн, 10-иад хувь нь урианхай, дөрвөд, тува, халх зэрэг монгол угсаатнууд амьдардаг. Энэ сургуулийн онцлог нь хил дагасан  малчин өрхийн цөөн хүүхэд суралцдаг юм.

266191613_889368078607587_1444142313937733099_n.jpg
БӨ аймаг Алтай сум 2-р баг Улаан хад бага сургууль
УБ-аас 2000км, хилээс 8 км-ийн зайд

Алслагдсан багийн хүүхдүүд сумын төв рүү явж сургуульд сурахад хол, малчдын хүүхдүүдийн сургууль завсардалт их байжээ. Тиймээс нутгийн малчид 2001 онд аймаг, сумын удирдлагуудад хүсэлт гаргаснаар  Б.Ерөөлт багш нутгийнхаа иргэдийг уриалж, хандив цуглуулан хоёр өрөө бүхий байшинг бариулж, энэ сургуулийн үйл ажиллагаа үндэс сууриа тавьжээ. Нэг анги нь сургалтын танхим, нөгөө анги нь дотуур байрны зориулалтайгаар хоёр өрөө байшинд нэг багш 66 хүүхдэд хичээл зааж,  эрдмийн гэрэл түгээж эхэлсэн байна.

Нэг багш, нэг галч, нэг манаачтай ээлжгүйгээр ажиллан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургууль 2003 онд Аймгийн Засаг Дарга К.Баделханы тушаалаар албан ёсоор бие даасан бага сургууль болжээ. Энэ жил 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд сургуулийн үйл ажиллагаа жигдэрч, өгсөх үе байсан ч уруудан доройтсон үе ч байв. 2017 онд Алтай суманд бага ангийн багшаар 15 дахь жилдээ ажиллаж байсан Ч.Гэрэлтуяа багш “Улаанхад” бага сургуулийн захирлаар томилогдон ирэх үед үйл ажиллагаа доголдон, сургалтын орчин, дотуур байрны нөхцөл доройтсон, барилгын чанар муудсан, шавран хашаа нь нурж унасан, хаалгаа барихдаа тулсан байжээ. Үүнийг дагаад сургалтын чанар муудаж, алс бөглүү сургуульд ажиллахаар ирэх багшлах боловсон хүч ч байхгүй байсан юм.

Шинэ захирал сургуулийн барилга байшинд засвар шинэчлэл хийхийн тулд төсөл бичиж, аймаг сумын удирдлагууд, ТББ-ууд, компани, хувь хүмүүсээс тусламж гуйж, хөөцөлдөж явсан. 2017 оны 9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн иргэн Х.Агваанданзангийн тусламжтайгаар Швейцар улсын ТББ-ын хамт олонтой уулзаж, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулснаар, тэд тусламжийн гараа сунгасан юм. 2018 онд  9-р сараас Швейцарийн “La mensa e il gragg” ТББ сурагчийн ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүнээр тусалж, мөн ондоо энэхүү гадаадын сайн дурын байгууллага, Аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурснаар, 2019 онд шинээр сургууль барьж өгч, дотуур байрыг нь засварлаж,  нарны цахилгаантай болгожээ. Ингэснээр одоогийн орчин үеийн “Эрдэм соёлын өргөө”-тэй болжээ.

238729868_815229509354778_9009715052775474065_n.jpg
Сургуулийн шинэ барилга "Эрдэм соёлын өргөө"

БШУЯ болон холбогдох боловсролын байгууллагад хандан багш нарыг чадавхижуулах сургалт, төсөл хөтөлбөрт хамрагдах, сургуулийг хэрэгцээт сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах боломжийг хайж явснаар 2020 онд Боловсролын яамнаас компьютер, даралтад хөгжим, бүрээ, мандолин хөгжим хүлээн авч сургалтын материаллаг бааз нэмэгдэв. Мөн Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их сургуулийн оюутан, багш, ажилчид Ямаха хөгжим, бишгүүр, цохилуур, үкэлэлэ зэрэг хөгжим  бэлэглэж, өөр бусад сайхан сэтгэлт олон байгууллага, хувь хүмүүсийн тусламжтайгаар үйл ажиллагаа нь өнөөдрийн шинэ төрхөө олжээ.  

Швейцарийн ТББ-ын санхүүжилт, дэмжлэгээр сургуулийн орчин нөхцөл сайжирсан ч дутагдалтай, стандартын шаардлага хангахгүй зүйлс ч бий. Гэвч тэд төрийн төсөв бага, орон нутгийн нөхцөл байдлыг мэдэх тул өөрсдийн нөөц боломжоороо, сургуулиа хөгжүүлэхийн төлөө өдрөөс өдөрт зүтгэн ажиллаж байна. 

Ихэвчлэн эмэгтэй багш ажилчид ажилладаг учраас өөрсдөө блокон хашаа барих, жорлонгийн нүх (цэвдэгтэй, чулуулаг хөрсийг) ухах зэргээр хийж чадахаасаа чадахгүйг хүртэл хөдөлмөрлөж, хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлэхээр мэрийж байна.

Мөн хүүхдүүддээ өөрсдийн цалингийнхаа тодорхой хувийг нийлүүлж орны даавуу авч шинээр оёж, гудас хөнжлийг жигдлэн, зам талбайгаа өөрсдөө уулнаас чулуу бэлтгэн зөөж хийжээ. Түлш болох нүүрс, аргалаа ч хураах, модны нүх ухах, голоос ус зөөн услах, хүүхдийн хоолны идэш бэлтгэх, мал тооллогод явах, хашаа барих зэрэг ажлыг ч хийдэг. Ийнхүү биеийн хүчний ажлаас гадна гэрээсээ илүүчлэн, санхүүгийн хувьд ч өөрсдийн боломжоороо мөнгө босгож, сургалтын хэрэглэгдэхүүн, сургуульд хэрэгцээт зүйлсээр хангахад хувь нэмэр оруулдаг.

263433427_880411939503201_6728819621675431557_n.jpg
262478681_880411852836543_6507756508907004005_n.jpg
Багш ажилчид аж ахуйн ажилд...

40-өөд үлгэрийн номтой үлдсэн номын сан өнөөдрийн байдлаар 2200 номын фондтой болж баяжжээ.

Энэхүү номын өргөөг залуу багш Б.Цагаанбарс оюутан байхаасаа номын фондыг баяжуулан идэвх санаачилгатай ажиллаж байгаа ба эцэг эх, багийн нийт иргэдэд зориулан үйл ажиллагааг танилцуулан олны талархлыг хүлээж байгаа. 

Энэ нь сурагчид болон багш ажилчид, сумын иргэдэд эрдэм номын гэрлийг түгээх боломж бүрдүүллээ. 

270175423_893508891526839_4733095519876946139_n.jpg
Хүүхдүүд номын сандаа ном уншиж буй нь
270178474_893508588193536_9010481840809208413_n.jpg
40 номтой байсан бол 2200 номтой болж өргөжлөө

  Мөн энэ жил Швейцарын “La mensa e il gragg” ТББ тусламжтайгаар  дотуур байранд 20 ширхэг буюу сурагчдын насны онцлогт тохирсон шинэ ор, гал тогооны өрөөнд 40 сандал 5 том ширээ, компьютер, сансарын интернеттэй болжээ. Мөн эцэг эхийн өдөрлөгийг зохион байгуулж хүүхдүүдийн сургалтын орчин нөхцөл,, дотуур байрандаа хэрхэн амьдарч байгааг бодитоор харуулж, хүүхдийн хоолны амт чанарыг ч үзүүлжээ. Ингэснээр эцэг эхийн оролцоо ч нэмэгдэж, хүүхдийн сурах хүсэл нь ч нэмэгджээ.

93775970_507065803504485_2088008487073218560_n.jpg
Аав ээж нь хүүхдийнхээ сурч буй орчинтой танилцаж байгаа нь. Сурагчид 100% дотуур байрандаа амьдарч, хичээллэдэг
ӨӨӨ.jpg
Дотуур байрандаа ч өв соёлын булантай

Монгол хүүхдүүдийг эртний язгуурын Алтайн өв соёлоо өвлүүлэн хадгалж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна.

Тэд сургуульдаа ч Монгол ахуйг хадгалсан эсгий гэрийн буланг бий болгожээ.

ӨӨӨӨЦУБ.jpg

Мөн хөгжмийн зэмсгүүдтэй болсон нь хүүхдийг хичээлээс гадуур хөгжүүлэх гол хэрэглэгдэхүүн болжээ. Нэг хүүхэд багадаа 4-5 ая тоглодог байна. Дуу хөгжмийн мэргэжлийн багш байхгүй ч багш нар бие даан сурч, хүүхдүүдээ хөгжмийн боловсролоор дамжуулан хөгжүүлж байна

269818245_894014378142957_574742390921282168_n.jpg
Дуу хөгжмийн хичээлийн үеэр

Ч.Гэрэлтуяа: Хүүхэд бол бидний маргаашийн нар. Энэ нарыг гэрэлтэй, илүү тод гэрэлтэж байгаасай гэж хүсч байна.

Бид “Улаан хад” бага сургуулийн захирал Ч.Гэрэлтуяатай холбогдлоо.


Тэрээр “Бидний хамгийн гол үнэт зүйл бол маргаашийн гэрэлт наран болох хүүхэд. Тийм болохоор хүүхдүүдээ хөгжүүлэх, эрдэм мэдлэгтэй, зөв монгол хүн болж төлөвшихөд нь хамгийн их анхаарч байна. Хичээлээ танхимаар хичээллүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд цар тахлын үед сурагчдын маань эрүүл мэнд нэн тэргүүний чухал асуудал. Тиймээс нийт 15 багш ажилчидаа дархлаажуулалтын 3 тунд 9-р сард хамруулаад байна. Хүүхдүүдээ холбогдох вакцинд хамруулахын тулд сумын төвөөс эмч нарыг сургууль дээрээ хүлээн авч хийлгэсэн. Мөн аймгийн төв дэх “Хосхүү дент” шүдний эмнэлэгийн зүгээс бүх сурагчдыг үнэ төлбөргүй эмчилж өгч туслахыг хүссэн ба намар сурагчдаа Улаанхад багаас аймаг руу машинаар хүргэн эмчлүүлсэн.

Хүүхдэд зориулсан  оношлуур, хүүхдүүдийн дархлаа дэмжих олон төрлийн витамин, халдваргүйжүүлэх бодис, хамгаалалтын хувцас зэргийг Щвейцарийн ТББ-аас өгсөн. Ингээд энэ тэргүүний зорилт болсон эрүүл мэндийн асуудлын найдвартай байдлыг хангасны дараагаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа.

Багш хөгжиж байж, хүүхэд хөгжинө. Багш нараа чадавхжуулж хичээл, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Бидэнд МУБИС-ийн багш н.Алтанцэцэг мөн ч их тусалсан даа. Тэрээр багш нарт гарын авлага ном өгч, өөрөө бидэнд цахимаар хичээл сургалт явуулж байгаа.

Үүний зэрэгцээ хүүхдүүдээ бүх талаар хөгжүүлэх зорилготой тоо, монгол хэлний сургалт, дуу хөгжим, зураг, шатар даамны дугуйлан, англи хэлний клуб хичээллэж байгаа ба ном уншлагын булан нэмж, оройн үлгэрийн цаг, хүүхдийн түүх, байгалийн ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой уран сайхны кино, хүүхэлдэйн кино үзүүлж, түүнийхээ тухай ярилцдаг болсон. Энэ нь хүүхдүүд сургуульдаа ирэх дуртай болгох, номонд дурлуулах, хүн байх ухаанд сургах зорилгын нэг хэсэг юм. 

Хоёр жил цар тахлын улмаас намар хүүхдүүд хичээлийн хоцрогдол их орж ирсэн. Яагаад гэвэл манай багт интернет байхгүй, хүүхдүүд Теле хичээл үзэх боломжгүй байснаас тэр.

Бидний үйл ажиллагаанд аливаа хэрэгцээтэй зүйлсээр байнга тусалж байдаг Швейцар улсын ТББ маань сансарын интернет тавьж өгсөн. Үүний дараагаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан манай Баян-Өлгий аймгийн 13 бага сургуульд интернет тавьж өгснөөр бид одоо 2 ширхэг сансарын интернеттэй болсон. Бидэнд сургуулийн үүсгэн байгуулагч, анхны захирал Б.Ерөөлт тэтгэвэрт гараад 8 жил болж байгаа ч сүүлийн 3 жил тасралтгүй манай сургуульд ирж өөрийн сайн дураар сурагчдын хичээл хоцрогдол арилгаж, оюуны хөрөнгө оруулалт хийж өгч байна. Багш нар маань ч хуваарьт хичээлийн дараа хоцрогдол нөхөх хичээл, дугуйлан сургалт явуулж байна.

Нэг үеээ бодвол Швейцарийн ТТБ болон бусад сайхан сэтгэлтэй байгууллага, ард түмний буянаар Эрдмийн Өргөө минь сайхан боллоо. Одоо хамгийн гол нь сургалтын чанараа сайжруулах, багш ажилчдаа чадавхижуулахад илүү их анхаарах, хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Сургуульдаа интернеттэй болсноор  бид онлайнаар сургалт авах, 7 хоног бүр нэг талдаа 60 гаруй км бензин үрж сум явж мэдээ тайлан өгдөг байсан цаг хугацаа, өөрсдийн мөнгө хэмнэгдсэн. Мөн олон улсын болон монголынхоо багш нараас туршлага судлах, өөрсдийгөө хөгжүүлэх нэг боломж нээгдэж, бид бас сургуулиа, Алтайн өв соёлоо, нүүдэлчин ахуй соёлоо олон нийтэд сурталчлах, хөдөөгийн алслагдсан сургуулийн баг ажилчид хэрхэн ажилладгийг харуулах боломж бүрдсэн.  

Монгол орны баруун хязгаарт орших алслагдсан манай буйдхан сургууль цөөн хүүхэдтэй учраас англи хэл, дуу хөгжим, биеийн тамирын багш, сургалтын менежер, нарийн бичгийн орон тоо байдаггүй. Орон тоо төсөвт батлагдаагүй учраас сургалтын хөтөлбөрийн дагуу багш нар өөрсдийн даасан ангидаа мэргэжлийн бус ч бие даан суралцан тухайн хичээлийг давхар заадаг. Захирал бас өөрийн удирдан зохион байгуулах ажлын хажуугаар сургалтын менежер, туслах, тоо мэдээ бэлтгэх ажлыг хийхээс гадна дуу хөгжим, англи хэлний хичээл бас заах жишээтэй. Бидний хүсэл хэдий алс хязгаарт амьдарч байгаа ч хүүхдүүд минь хотын хүүхдүүдээс битгий хоцрогдоосой, шинэ зууны иргэд, бидний ирээдүй болсон хүүхдүүд дэлхийн хүүхдүүдтэй ижил техник технологийн зуунд хөл нийлүүлэн, Дэлхийд Монголынхоо нэрийг гаргах, эргээд уугуул нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. 

Удахгүй бидний хийхийг хүсч зорьж буй төлөвлөгөө Гадаадад амьдарч буй болон хотын хүүхдүүдийг Монгол ахуйд авчирч амьдрах ухаан, өв соёлоо сургах Зуны зуслан байгуулахыг зорьж байна.

Хүүхэд бол бидний маргаашийн нар. Энэ нарыг гэрэлтэй, чадварлаг, илүү тод гэрэлтэй байгаасай гэж хүсч байна. Бид үндэсний өв соёлын өргөө, биеийн тамирын заал, урлагийн заалтай болохыг хүсэж, зорьж байна. 10 жилийн дараа байгальд ээлтэй эко сургуулийг бий болгоно. Ингэснээр гадаадад амьдардаг хүүхдүүдээс гадна хот хүрээнээс хүүхдүүд ирж байрлах кэмптэй, сургалтын эко орчинтой. Эх орон, өв уламжлал, байгалийн сайхныг энэ орчноос мэдрэх боломжтой сургуулийг бий болгохыг хүсч, зорьж байна.

Улаанхад багийн үйл ажиллагаа явуулах ганц байр нь “Улаан хад” бага сургууль тул эцэг эхчүүдтэй хамтран арга хэмжээ, хурал, баяр наадам зохион байгуулах, нийгмийн олон талт ажил явуулах гээд бусад ажил мундахгүй.

Эцэст нь сургуулийг маань ийм сайхан Эрдэм соёлын өргөө болгож өгсөн Щвейцарийн ТББ, Монгол дахь төлөөлөгч Лхагвачулуун ах, энэ гадны ТББ-тай холбож өгсөн ачтан Х.Агваанданзан ах,  мөн манай сургууьд анхны “Ном эрхэм баян” аяныг өрнүүлж, бусдыг уриалан олон зүйлээр тусалж дэмжсэн “Буман энэрэлт сан” ТББ-ын тэргүүн Э.Ууганцэцэг, Next electronics-ийн ерөнхий захирал Л.Чулуундорж, “Наран өлгий кашмер” ХХК-ны захирал н.Нарангэрэл, Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их сургуулийн хамт олон, Б.Соронзонболд, Д.Адъяамөнх, Д.Баясгалан, Д.Туул, Чулуунбаатарын Цолмон, аймгийн маань хамба лам Батхүү, мөн алслагдсан сумдад номын аян зохион байгуулсан Н.Нарантуяа багш, ном бэлэглэсэн Д.Мөнхнасан эгч, “Гэрлийн Өргөө”-ний хамт олон, “Та Монгол ээж" ТББ-ын тэргүүн Ц.Наранханд, доктор Няндаг агсаны үр хүүхдүүд, Д.Оюунаа, МУБИС-ын багш нар, мөн мод тарьж өгсөн Дарьсүрэнгийн үр хүүхдүүд, нутгийн ах Рэнцэнням, Гэндэндарам, Ц.Аюуш эхнэр хүүхдүүд, сургалтын хэрэглэгдэхүүн авахад тусласан Ундраа, Тамир, нийслэлийн 51 дүгээр сургуулийн төгсөгчид гээд маш олон арван хүмүүс тусламжийн гараа сунгасан билээ. Та бүхэндээ маш их баярлалаа." гэсэн юм.

Тэд бие сэтгэл, өөрсдийн хүч бололцоогоор олон ажлыг 20 жилийн түүхэнд бүтээлээ. Цаашдаа ч "Улаанхад" бага сургуулийн хамт олон алс баруун хязгаарын багачуудад боловсрол өгөхөөр хичээн ажилласаар байх болно гэсэн юм.

Номын цагаан үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай.

 

О.Болор-Эрдэнэ

69632141_2400371473619418_1472450303876923392_n.jpg
Ч.Гэрэлтуяа захирал багш нарын хамт

 

267503487_887439202133808_5308580559655561022_n.jpg
Сурагчид дотуур байрандаа
269739468_889360225275039_2460320688242724701_n.jpg
Хүүхдүүд бие биендээ үлгэр уншиж өгч буй нь
267814852_886433635567698_7335881671812984998_n.jpg
Хөдөлгөөнт үлгэрийн баатруудаа ашиглан үлгэрээ ярилцаж буй багачууд
269743206_891087621768966_1585520379890187572_n.jpg
Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа идэвх нь нэмэгдэж сургуульд эргэлт ойр ойрхон ирдэг болжээ
119136639_603289093882155_6612142706722604532_n.jpg
Багш нарын өөрсдийн гараар хийсэн явган хүний чулуун зам

 

270240717_893508651526863_2572669763184863020_n.jpg
Хөгжмийн сургалтын танхим

 

243152977_838616203682775_1162989624847882877_n.jpg
Сургуулийн өв соёлйн булан


261117358_878322833045445_6712516185404952790_n.jpg
Хүүхэд бүхэн жаргалтай байг!

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө