"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

2022 оны 1 сарын 32022-01-03
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

-Цахимд тавигдсан таны амьдралын түүх олон хүнд хүрч тантай илүү их танилцах хүсэл төрсөн байх. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Баярмөнхийн Даваасүрэн гэдэг. Одоо 29 настай. Туялзуур сэлэмний өндөр хаан клубд харьяалагддаг. Би хөгжлийн бэрхшээлтэй туялзуур сэлмээр хичээллэдэг.  Би одоо Hipay компанид маркетингийн албанд ажилладаг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэрийг Номинцэцэг гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Хүү маань хоёрдугаар анги, охин маань нэгдүгээр ангид сурдаг.  

247957614_1484257138613211_6946634921868265833_n.jpg

-Таны амьдралын 29 жил дардан байгаагүй, зарим хүмүүсийн хэлдгээр саад бэрхшээл дүүрэн өнгөрчээ.  “ChoironGoo” пэйжид тавигдсан нийтлэлийг уншиж амжаагүй хүмүүст та өөрийнхөө түүхээс хуваалцвал?

-2000 оны эхээр цаг үе хэцүү байсан. Би тухайн үед хүүхэд байсан. Гэхдээ би үеийн хүүхдүүд шиг пс-нд тоглож, зодоон цохион хийдэггүй байлаа. Харин спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлсэн. Ингээд 2015 онд самарт явж байгаад өндрөөс унаж, нуруу нугасны бэртэлтэй болсон. Түүнээс хойш нэлээн олон удаа хүнд хүнд хагалгаанд орж ард нь гарсан ч холголт цооролтоос болж  2018 онд нэг хөлөө тайруулж, тэргэнцэртэй болсон. Нуруу нугасны гэмтэлтэй хүмүүст учирдаг нэг хүндрэл нь холголт, цооролт байдаг юм билээ. Хэрвээ тухайн үед үүнийгээ бүрэн мэддэг байсан бол хоёр хөлтэйгөө байх байсан байх. Энэ миний хайхрамжгүй байдлаас ч болсон байж магадгүй. Гэхдээ энэ бүгдийг спортоор даван туулсан. Энэ хугацаанд спортоо орхиж чадаагүй өдийг хүрч байна. Би туялзуур сэлмээр хичээллэдэг.

-Бага байхын л спортод дуртай хүүхэд байсан байна. Одоогийн зорилго нь олимпд оролцох гэсэн. Хэрвээ хөл дээрээ боссон байсан бол энэ зорилго нь хэвээрээ байх байсан болов уу?

-Бага байхдаа жүдогийн спортоор хичээллэдэг байсан. Тухайн үед олимпд оролцох мөрөөдөлтэй байсан ч, зорилго маань байгаагүй. Харин одоо бол илүү мөрөөдөл зорилгодоо хүрэх юм шиг санагдаж байгаа. Тэргэнцэртэй болсон маань зорилго мөрөөдөлдөө хүрэх гүүр болсон байх гэж итгэж байгаа. Мөн туялзуур сэлэмний клуб байгуулж, олон хүнийг хүсэл мөрөөдөлтэй болгох хүсэлтэй. Одоо удахгүй болох 15 холбооны нэгдсэн УАШТ-нд орно.

50762737_755707651468167_3297601333531508736_n.jpg

-Тэргэнцэртэй туялзуур сэлэмний УАШТ энэ сарын 16-нд болох гэж байна. Эхний зорилго нь УАШТ-нд түрүүлэх байх?

-Би 2018 оноос тэргэнцэртэй туялзуур сэлмээр хичээллэж байгаа. Энэ онд анх удаа туялзуур сэлэмний УАШТ болох гэж байна. Хамгийн эхний зорилго маань УАШТ-д түрүүлэх байгаа. Үүндээ түрүүлчих юм бол, цааш цаашдын тэмцээн уралдааны эрх нээгдэх юм. Хамгийн том зорилго маань Паралимпоос медаль хүртэж ирэх билээ.

-Таны дүү нар, ээж нь сайн сууцгааж байгаа юу. Аавтайгаа холбоотой байдаг уу?

-Би хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Намайг ээж маань маш их дэмждэг. Миний доод талын эмэгтэй дүү юнител компанид ажилладаг. Дараагийн эмэгтэй дүү маань Солонгост ажиллаж амьдардаг. Хамгийн бага дүү маань арван жилийн сурагч. Ээжийнхээ ачаар хүүхдүүд нь зөв хүн болж төлөвшиж, өдий зэрэгтэй явж байгаа. Харин аавтайгаа холбоотой байдаг. Хэдийгээр бага байхад минь зоддог байсан ч, үр хүүхэд нь л болсон хойно санадаг. Одоо том болсон учраас холбоотой байдаг. Манай аав Баруунхараад амьдардаг.

Б.ДАВААСҮРЭН: ХҮҮХДҮҮДЭЭ ХАТУУ ГАРААР БУС ҮГ ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭЖ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ

-Хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?

-Хүнийг хайрладаг, тусч, хөдөлмөрч хүн болоосой гэж боддог. Би хүүхдүүдээ хатуу гараар хүмүүжүүлэхээс илүүтэй, үг үйлдлээрээ үлгэрлэж хүмүүжүүлэхийг боддог. Хүүтэй хүн болохоор зөв төлөвшилтэй, хүнийг хайрладаг хүн болгож хүмүүжүүлэх юм бол, дүү нар ээжийгээ аваад явчих болов уу гэж боддог. Би тэргэнцэртэй учраас хүүхдүүдээ гүйж очоод өмөөрөөд байж чадахгүй. Тиймээс том хүү маань хүнтэй зөв харьцчихдаг хүний дор орохгүй л яваасай гэж боддог.

135208153_1272619089777018_1669493468020303628_n.jpg

-Тэргэнцэртэй ч хэнээс ч гуйхгүй ажил хөдөлмөр эрхэлж, бүр гадуур явахдаа хүртэл хүн гуйхгүй өөрөө машинаа барьж явдаг байна шүү дээ. Хэзээ жолооч болсон бэ?

-Би бэртэл гэмтэл авахаасаа өмнө л жолооч байсан. Аль 2010 онд жолооч болж байсан. Гэмтэл авснаасаа хойш 2016 онд анхны машинаа авч, гал тормоз ашиглаж барьдаг болсон.  

-Та “Шат” богино хэмжээний киноны гол дүрд тогложээ. Хэрхэн тоглох болсон бэ. Энэ киноны илэрхийлэх санаа нь таны зорилготой төстэй санагдсан?

-“Шат” киноны найруулагчтай анх дүрийн сонгон шалгаруулалт дуусах үед нь холбогдсон юм. Тэгээд зохиолтой нь танилцахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон зүйлийн бэрхшээл тулгардаг гэсэн санааг дэвшүүлж байсан. Тэгээд үүнийгээ шатаар илэрхийлсэн нь сонин санагдсан. Энэ киногоороо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон зүйл тулгамддаг гэдгийг хэлэхийг зорьсон. Энэ кино маань олон тэмцээнд орж байгаа. Оскарт шалгарсан. Монголд нээлтэй хийвэл олон саад бэрхшээл арилна гэж найдаж байна. 

-Бэрхшээлд амархан шантардаг хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Хүний амьдралд хүнд хэцүү зүйл маш их тохиолддог. Надад ч бишгүй тохиосон. Гэсэн ч бууж өгч шантрахгүй, улам л урагшлах хэрэгтэй. Хөлөө тайруулаад, зүгээр суугаад л байсан бол өнөөдөр юу ч өөрчлөгдөхгүй байсан. Тиймээс саад бэрхшээлд бууж өгөхгүй улам хүчтэй байж, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгээсэй гэж бодож байна. Ер нь залуучууд залхуу байвал юу ч бүтэхгүй шүү дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 

-Баярлалаа. 

 

 

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө