Б.Хосбаяр: Нэгдсэн улсын аваргаас шалгарсан тамирчид ОУ-ын тэмцээнд оролцоно

2022 оны 1 сарын 52022-01-05
Б.Хосбаяр: Нэгдсэн улсын аваргаас шалгарсан тамирчид ОУ-ын тэмцээнд оролцоно

Монголд анх удаа 15 холбоо хамтарч Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн энэ амралтын өдрөөс хүндийн өргөлтийн төрлөөр эхэлнэ. Арав хоногийн турш Мөсөн өргөөнд үргэлжлэх тус тэмцээнийг зохион байгуулагч Монголын спортын корпорацын Гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай ярилцлаа. 

-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулж байна. Ямар ач холбогдолтой тэмцээн бэ?
-Монголын спортын корпорацаас энэ жил олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ. Спортын холбоод улсын аварга шалгаруулах тэмцээнээ жил бүр хийдэг. Эдгээр тэмцээн нь ихэвчлэн нэгдүгээр сард болдог. Холбоод тус тусдаа тэмцээн зохиоход зардал их гардаг байсан бол ийнхүү нэгтгэснээр зардлыг хэмнэж байгаа юм. Тухайлбал нэг холбооны тэмцээний 50-60 медаль хэвлүүлэхийн оронд 15 холбооны тэмцээний мянга орчим медалийг хэвлүүлэхэд нэгжийн үнэ буурна. Нэг газар зохиож, нэгдсэн журмаар телевизүүдтэй гэрээ байгуулж байгаа тул илүү хялбар болж байна.

-Онцлох төрөл юу байна вэ. Тив дэлхийд төдийлөн оролцоод байдаггүй төрөл байх шиг байна? 

-Бид хамтын үнэ цэнийг бүтээж тэгш оролцоо, хүртээмжтэй байдлыг анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ нь тэргэнцэртэй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулна. Хувь хүн ямар олонлогт харьяалагддаг нь хамаарахгүйгээр манай нэгдсэн тэмцээнд оролцож болно. Хэн ямар нөхцөл байдалд байгаа нь чухал биш. Хөдөлгөөн хийх хэрэгцээтэй. Тэр хэрэгцээг нь хангах боломжоор бид хангана.

Бид спортоо аль болох солонгоруулж, хүртээмжтэй байлгахыг зорьсон. Спорт гэдэг бол хэрэгцээ, энэ хэрэгцээг хангах спортын төрөл нь ямар ч байж болно. Жишээ нь бид сэлүүрт завины танхимын төрлийн улсын аваргыг хийнэ. Хүн спортоор хичээллэхэд нөхцөл байдал ямар ч хамаагүй гэдгийг хүргэхийг хүссэн. Спортыг заавал танхимд, бүрэн эрүүл байж хичээллэхгүй. Хэн ч спортоор хичээллэж болно.

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний спортын төрлүүд: 

1.Жиү жицү

2.Хүндийн өргөлт 

3.Байт харваа 

4.Уран гимнастик 

5.Аэробик 

6.Паркур 

7.Спортын гимнастик

8.Тэргэнцэртэй сэлэм

9.Олон улсын шагай 

10.Шатар 

11.Холимог тулаан

12.Break dance 

13.Cheerleading 

14.Сэлүүрт завь

15. Pubg mobile 

16. Тусгай олимпын боче 

17. Тусгай олимпын ширээний теннис 

18. Тусгай олимпын заалны хоккей 

-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиоход спортын холбоодоо хэрхэн сонгосон бэ?
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн нь миний болоод манай хамт олны олон жил бодож явсан, багаасаа мөрөөдөж байсан зүйл. Монголын спортын корпорац дээр хэрэгжиж буй төсөл бүрийг бид эртнээс төлөвлөж байсан.

Бид өнгөрсөн зургаадугаар сараас спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил их хэцүү. Хүн хүч, цаг хугацаа их зарцуулдаг бэрхшээлтэй ажил. Иймээс бид ерөнхий нарийн бичгийн дарга нарын арыг даадаг. Тодруулбал, бичиг цаасыг нь цэгцэлж, гадаад харилцааны орчуулгыг нь хийж, визийн анкетыг нь бөглөх, тэмцээний анонс, медаль хэвлэх зэргээр холбооны бодлогод оролцохгүйгээр тусалдаг. Энэ үйлчилгээгээр дамжуулан 15 холбоотой хамтран ажиллаж байгаа ба тэдгээр холбоодыгоо нэгтгэн улсын аварга шалгаруулах тэмцээн зохиож байгаа нь энэ. Ингэснээр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь тэмцээний зохион байгуулалтад санаа зовохгүйгээр тэмцээний шүүлт, тамирчдыг олон улсад гаргах зэрэгтээ анхаарах боломжтой болж байна.

-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд цаашид олон улсын тэмцээнд оролцох эрхээ авах уу?
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдох спортын төрөл бүр албан ёсны аваргаа тодруулж байгаа бөгөөд 2022 оны улсын аварга гэдэг цолыг хүртэнэ. Цаашид олон улсын тэмцээнд орох эрх нь баталгаажиж буй.
-Танай компанийн  цаашдын зорилго юу вэ? 

-Манай компаниас "Олон улсын шага" гэж төсөл хэрэгжүүлж байгаа. Үндэсний шагайн харвааг олон улсын стандартад нийцүүлж, олимпын наадмын хөтөлбөрт оруулах зорилготой анхны тэмцээнээ зохионо. Олон улсын шаардлагын дагуу уламжлалт шагайн харваанаас зарим дүрэм, онооны системийг өөрчилсөн. Бид АНУ-д олон улсын холбоог нь байгуулчихсан.

Үндэсний шагайн харваа нь ямар байж ирсэн тэр өв соёлоороо явж байх ёстой. Өв соёлыг хөндөж болохгүй. Харин өөрсдийнхөө чиглэлийг хөгжүүлж олон улсын тэмцээнийг зохион гадаад хүмүүсийг чөлөөтэй хичээллэх боломжоор хангана. Энэ бол Монголын спортыг олон улсад сурталчлах нэг хэлбэр юм. Спорт олон улс руу гарахын тулд гарцаагүй жендэр, эрх тэгш байдлыг хангах хэрэгтэй. Иймээс эмэгтэй хүн шагай харваж, бөх барилдах боломжтой.

 

Санал болгох

Маргаашийн барилдаан цуцлагдлаа

Гэхдээ Шадар сайд С.Амарсайхан сар шинийн барилдааныг цуцлахгүй бөхийн барилдаан болдгоороо болно гэж мэдэгдсэн.

1 өдрийн өмнө
Сар шинийн бөхийн барилдаан болно

Шийдвэр нь гарсан ч, бөхчүүд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь хамгийн сүүлд зохион байгуулагдахаар төлөвлөсөн харцага цолны барилдаан цуцлагдсан. Тодруулбал, бөхчүүд допинг хэрэглэж шийтгүүлсэн бөхчүүдийг эсэргүүцэж барилдаанаа хийгээгүй. Тиймээс энэ удаад ч барилдаан болох нь тодорхойгүй байгаа юм. Харин иргэд сар шинийн бөхийн барилдаанд хүлээлт өндөртэй байна.  

1 өдрийн өмнө
Н.Батсуурь аваргыг цагаан сараар барилдах эсэхийг баасан гарагт шийднэ

Бөхчүүдийн зүгээс даян аварга Н.Батсуурийг эсэргүүцээгүй.

2 өдрийн өмнө
Өвлийн олимпод оролцох цанын тамирчид эрхээ баталгаажууллаа

Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм.

3 өдрийн өмнө