Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

2022 оны 1 сарын 122022-01-12
Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

Шахмал түлшний чанар хүртээмжийн асуудал өнгөрсөн өдрүүдэд иргэдийн шүүмжлэл бухимдлыг дагуулж байна. Өнгөрсөн онд агаарын бохирдол шахмал түлшний ачаар 50 хувь буурсан ч, энэ онд байдал эсрэгээрээ эргэлээ. Үүний цаад шалтгааныг мэргэжилтнүүд судалж тайлбарласан. Ингэхдээ иргэдийг хямд үнэтэй шахмал түлш ихээр түлэх, галлагаагаа буруу хийх зэрэгт буруутгасан.

Нийслэлийн агаар, орчны бохирдол бууруулах газрын дарга Б.Пүрэвсүрэн: “Мод 6000-7000 төгрөгийн үнэтэй байгаа учраас иргэд мод худалдаж авахгүй, ноцсон цогон дээр шахмал түлшээ хийж уугиулж утаа ихээр гаргаж байна” гэв.

Харин Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: "Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд шахмал түлш ихээр түлж утаа ихсэх болсон. Мөн зуухны чанар муудсан. Айлууд галлагаагаа буруу хийж байна. Шахмал түлшийг өмнөхөөсөө ихээр түлж байгаа нь ажиглагдаж байна" гэв.

Гэтэл цаад шалтгааныг энэ өвлийн шахмал түлшний нөөцийн хангалт, эсвэл Тавантолгой түлш ХК-ийн баруун бүсэд гарсан хатаалтын үйлдвэрийн гал түймэртэй холбоотой байж болзошгүйг иргэд хэлж байна. Учир нь иргэдийн гарт дутуу хаталттай нойтон шахмал түлш очиж, ноцолт өгөх, хог их гарах зэрэг асуудал гарч байгааг хэлж байна.

СХД-ийн 22-р хорооны иргэн П.Мянганхорлоо: Шахмал түлшний чанар эрс муудсан. Шуудайлаад авчрахаар нунтаг тортог их үлдэж хаягдаж байна. Мөн хагарч бутарч, өмнөх шигээ сайн шаталттай байхгүй байна. Галаа түлэхээр утаа их гарч байгаа учраас нойтон байх магадлалтай.

No description available.

СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Түмэнжаргал: Манайх өнгөрсөн жилээс шахмал түлш хэрэглэж байгаа. Өмнөх жилийнхтэй харьцуулахад чанар маш муу байна. Утаа их гарч, хог их үүсгэж байгаа. Манайд 10-р сард авсан түлш бий. Тэрийгээ өчигдрийнхтэй харьцуулахад бутарч хагарсан, барзгар зэрэг өөрчлөлт байгаа юм. Тиймээс шахмал түлшний орц найрлага, эсвэл хийх горимд өөрчлөлт орсон байх гэж хардаж байна.

Уг нь жилд 100 мянган тонн шахмал түлш нөөцөлдөг. Гэтэл энэ жил зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулах, баруун бүсийг нүүлгэх гээд нөөцөө хангалттай бэлдэж чадаагүй байна. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 20 орчим мянган тонн нөөц бий аж. Тиймээс иргэдийн гарт үйлдвэрээс шууд гарсан дутуу хаталттай түлш очих магадлал бий юм.

Бид Баруунсалаанд байрлах түлшний нөөцийн цэгт очиход “Тавантолгой түлш” ХК-аас нэг ковш машин шахмал түлш бууж байлаа. Уг шахмал түлшийг ажилчид гараар савладаг бөгөөд шуудайлахдаа шигшиж хийдэг байна. Гарт баригдахаар нойтон түлш байгаагүй ч, хагарч бутарсан, шигшихэд хаягдал үүсч байгааг харж болохоор байсан юм.

Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр “үнэхээр чийгтэй түлш гарч байгаа бол, шалгаж үзэх” талаар мэдээллээ.

Тэрээр “Складад байгаа буюу бүрэн хатсан 24 мянган тонн түлшээр долоо хоногийн туршид иргэдийг хангаад үзье” гэх мэдээллийг өглөө. Мөн иргэдийн хэрэглээ нэмэгдсэн учраас 74 мянган тонноос 24 мянган тонн үлдсэн гэсэн юм.

Тэгэхээр сайдын өгсөн мэдээллээс дүгнэж харахад: Одоо үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш дутуу хаталттай байж болзошгүй. Үүнийг батлахын тулд нөөцөд байгаа шахмал түлшээр айл өрхүүдийг хангах ёстой болоод байгаа юм.

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Сайжруулсан УТАА

Утааг ялсан Ерөнхийлөгчийн шахмал түлш урт хугацааны бодлого биш байсан гэдэг нь энэ цаг мөчид харагдаж байна.

7 өдрийн өмнө
Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр өгсөн мэдээлэлдээ: “Үнэхээр чийгтэй түлш гарч байгаа бол шалгаж үзэх, түүнийг залруулах, горим болон орцонд өөрчлөлт орсон эсэхийг шалгах” талаар мэдээллээ. Мөн “Складад байгаа буюу бүрэн хатсан 24 мянган тонн түлшээр долоо хоногийн туршид иргэдийг хангаад үзье” гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр одоо үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш дутуу хаталттай байж болзошгүй нь илүү баттай болоод байна. Харин үүнийг харахын тулд бидэнд долоо хоног шаардлагатай юм.

9 өдрийн өмнө
Тортогт дарагдсан ТАХИЛТЫН айлууд

Бохирдолтой бүсэд 639 айл өрх,  27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр "Тавантолгой түлш" ХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэх шийдвэр гаргаж хохирогч иргэдийг тайвшруулсан юм. Харин өнөөдрийг хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэхгүй иргэдийг хохироосон хэвээр байгаа юм. 

9 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Үндсэн хуулийн хэрэгждэггүй заалтууд

"ТУЛГА тойрсон" бичвэрээрээ үндсэн хуульд соёрхон баталсан ч хэрэгждэггүй хэд хэдэн заалтыг бичиж байна.

9 өдрийн өмнө