Бээжин-2022 өвлийн олимпыг зохион байгуулагч БНХАУ дэлхий нийтээр тархаад буй коронавирусийг дотооддоо хумьж, өндөр хариуцлага дор тамирчдыг угтаж байна. NTV телевиз Бээжингийн өвлийн олимпын наадмыг шууд дамжуулах юм. Бид Хятадын Төв радио телевизийн сэтгүүлч Б.Алтаннавчтай холбогдон олимпын наадмын талаар тодрууллаа.
-“Бээжин-2022”өвлийн олимп хоёрдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн өвлийн олимпын онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
-“Бээжин-2022” өвлийн олимпын онцлогийн хувьд уриа гэж хэлж болохуйц гурван зарчмыг дэвшүүлээд байгаа. Нэгт, энгийн бөгөөд хэмнэлттэй, хоёрт, аюулгүй, гуравт гайхалтай гэж байгаа. Ер нь бол Бээжингийн өвлийн олимпын үйлчилгээг хүний оролцооноос илүүтэй технологийн дэвшилд тулгуурласан гэж хэлж болно. Мөн энэ утгаараа дижитал олимп гэж нэрлээд байгаа. Би олимпын хотхоноор явж танилцахад робот туслах, жолоочгүй автомашинууд үйлчилж байсан.
Мөн нэг онцлогийн хувьд медалийн тоогоороо хамгийн олон, “өвлийн олимп” гэдгээрээ онцлог байна. Тийм учраас тамирчдын хувьд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд илүү их боломж хангасан гэж хэлж болно.
-Дэлхий нийтэд коронавирусийн “Омикрон” хувилбар эрчимтэй тархаж байна. Халдвар хамгааллын хувьд ямар арга хэмжээг авч байна вэ?
-Халдвар хамгаалалтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпыг бүрэн тусгаарласан байдлаар зохион байгуулах гэж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр өвлийн олимпд оролцох гэж байгаа зочид төлөөлөгчид, тамирчид болон үйлчилгээний хүмүүс бүгд тусгай замаар явж, тусгай газар үйлчлүүлж, тусгай объектүүдэд ажиллах юм. Онгоцны буудлаас олимпын ордон хүртэл тусгай зам бэлдсэн. Мөн халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд мөрдүүлж байна. Олимпын байранд ажиллаж байгаа хүмүүст KN95, N95 зэрэг стандартын маск хэрэглүүлж байгаа.
-Ногоон буюу эко өвлийн олимп гэдгээрээ онцлогтой байгаа шүү дээ. Яагаад ногоон олимп гэж нэрлэж байгаа талаар та мэдээлэл өгөөч. Дээрээс нь технологийн ямар дэвшлүүдийг туршиж байна вэ?
-Ер нь өвлийн олимпыг цагаан олимп гэдэг. Харин Хятад улс анх удаа энэ зарчмыг зөрчиж “ногоон олимп” гэж нэрлээд байгаа. Энэ нь их онцлогтой болж байна. Яагаад ногоон олимп гэж нэрлэсэн бэ гэхээр шинээр байгуулсан олимпын хотхоныхоо бүх дэд бүтцэд нар салхины эрчим хүчийг ашигласан байгаа юм. Бээжин хотоос гадна хоёр хотод тэмцээн зохион байгуулагдана. Эдгээр газруудад 700 том оврын устөрөгчийн энергиэр ажиллах автобусыг ажиллуулах гэж байна. Устөрөгчийн түлшээр ажилладаг автобусаа тусгай станциас энергийг хангахаар болсон гэдгээ зарласан.
-“Бээжин-2022” өвлийн олимпд оролцохоор хэчнээн баг тамирчид очих вэ. Эдгээр тамирчдыг ямар зохион байгуулалтаар байрлуулах вэ?
-Энэ удаагийн олимпд 90 гаруй улс орноос 3000 орчим тамирчид оролцох юм байна. Ташрамд дуулгахад энэ олимпыг дэмжиж олон орны төрийн тэргүүн, удирдагчид нээлтийн арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн байна. Тухайлбал Төв Азийн таван орны удирдагч, ОХУ-ын Ерөнхийлөгч, манай улсын Ерөнхий сайд оролцохоо илэрхийлсэн байна гэсэн мэдээлэл бий.
-Олимп бол биеийн тамир спортын хамгийн том сурталчилгаа болдог. Тэгэхээр БНХАУ-д биеийн тамираар хичээллэдэг хүний тоо нэмэгдэж байгаа юу. Олон нийт рүү чиглэсэн ямар нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг вэ?
-Өвлийн олимп бол таны хэлсэнчлэн биеийн тамирын спортын хамгийн том сурталчилгаа болдог. Тэгэхээр БНХАУ өвлийн олимпыг ашиглаж ард түмэндээ бүх төрлийн өвлийн спортын төрлөөр хичээллэх боломжийг нээж өгсөн. Ер нь бол энэ олимпын эрх авах үедээ БНХАУ гурван сая иргэнийг өвлийн спорттой нөхөрлүүлнэ гэдэг амлалт хийсэн. Энэ амлалтдаа хүрсэн гэдгээ баяртайгаар зарласан. Олимпын дараа олимпын хотхоноо зориулалтаар нь хадгалж, үргэлжлүүлэн ард түмэндээ ашиглуулж, биеийн тамир спорт сонирхогчдынхоо хүрээг улам тэлнэ гэдгээ мөн амлаад байгаа юм.
-Мэдээллээ хуваалцсанд баярлалаа.
-Баярлалаа.