БГД-ийн 18-р хороо Эко констракшны барьсан “Хаансуудал-86” байранд өчигдөр орой гурван настай хүү эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, СӨХ-ны маргаанаас болж 2-3 жил ажиллагаагүй байсан цахилгаан шатны хаалга эвдэрч долоон давхрын лифтний хаалгыг налж зогссон хүү унаж энджээ.
Тухайн орцын 2, 3, 7-р давхрын лифтний хаалга эвдэрч хүн хүрэхэд унах аюултай болсон байна. Тус орцод хоёр лифт байдаг бөгөөд хоёулаа ажиллагаагүй зогсжээ. Харин нөгөө орцын хоёр цахилгаан шатны нэгийг нь 3-12 давхрын айлууд нэгдэж засварлуулж ажиллуулсан байна.
Өчигдөр болсон ослын бичлэгийг нүдээр харсан эх сурвалж бидэнд мэдээлэхдээ:
“Лифт байхгүй учраас 1-7 давхар хүртэл аав нь хүүхдүүдтэйгээ шатаар алхаж гарч ирсэн. Аав нь бага хүүхдээ тэвэрч, эндсэн хүү нь урд нь алхаж байгаад долоон давхарт түр зогссон. Тухайн үед эндсэн хүүхэд аавдаа гомдсон байдалтай лифтний ойролцоо очиж, цахилгаан шатны товчлуурын тэнд зогссон. Харин аав нь нааш ир гэсэн бололтой дуудахад хүү хойшоо хоёр алхаж, лифтний хаалга налахад шууд доошоо уначихсан. Аав нь хальт шүүрч зуурсан ч амжаагүй. Ингээд аав нь шууд нэг давхар руу буусан байсан. Хүүг онцгойгийнхон гаргахад аймар их цус болчихсон. Толгой дээр нь толгой ургасан байдалтай байсан. Ингээд гэрийнхэн нь шууд ГССҮТ рүү хүргэсэн. Гэсэн ч шархаа дийлэхгүй нас барсан. Тухайн лифтний хаалга 1-2 хуруу ангайсан харагдаж байсан. Гаднаасаа харахад хаалга эвдэрсэн гэдэг нь ажиглагдахааргүй байсан”гэв.
Оршин суугчдын хэлж байгаагаар тухайн байрны СӨХ-ны дарга С.Цэцэгээ гэх хүн ажлаа хийдэггүй, хийх хүнд нь өг гэхээр өгдөггүй өдий хүрсэн гэв. Бид оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж мэдээллийг авлаа.
Оршин суугч буюу иргэд түүнийг СӨХ-ны даргад нэр дэвшүүлээд буй иргэн Н.Жамъян: Манай байрны оршин суугчид намайг СӨХ-ны дарга болгохоор их олон жил ярьсан. СӨХ-оо аваад таван гишүүн зөвлөхтэйгээ ажиллая гэхээр хуучин дарга Цэцэгээ нь тамга тэмдгээ өгдөггүй. Тэгээд ерөнхийдөө хойшлогдоод СӨХ-гүй, эзэнгүй ийм байдалтай байна. Маш олон удаа хурал хийж, иргэдийн гарын үсэг цуглуулсан ч өмнөх дарга нь огцрохгүй байгаа юм. Энэ хүн СӨХ-ны дарга солигдох болгонд зөвлөлд нь багтаж ажилладаг. Миний мэдэхээр сүүлийн 7 жил ажиллаж байна. Энэ байрны 230 орчим айл сар бүр 17 мянган төгрөгийг СӨХ-д төлж байгаа. Манай орцныхон зөвлөл байгуулж мөнгө хураагаад лифтээ засварлаж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед хажуу талын орцны цахилгаан шатыг засварлая гэхэд яг энэ лифттэй ижил мөнгө орохоор байсан. Энэ лифтийг гурван сая төгрөгөөр засварласан. Торосыг нь сольж жижиг сажиг засварын үйлчилгээг хийлгэсэн. 3-12 хүртэл давхрын айлаас мөнгө хураасан. Нэг айлаас ойролцоогоор 30 орчим мянган төгрөг хураасан. Ойролцоогоор 100 гаруй айлаас хураасан. Осол гарсан орцны лифтийг засварлуулъя гэхээр заавал СӨХ-ны тамга тэмдэг байх шаардлага тавиад байгаа юм. Уг нь тамга тэмдгээ шийдвэрлэчих юм бол дүүргээс 45 сая төгрөг олгож тохижилт үйлчилгээнд нь санхүүжүүлье гэсэн. Гэсэн ч энэ хүн тамгаа өгдөггүй. Ийм л нөхцөл байдалтай байна. Дүүрэг хорооны засаг дарга дээр хүртэл очиж уулзсан. Гэтэл СӨХ надад өртэй учраас өрөө дуустал тамга өгөхгүй гэж гүрийж байна билээ. Цэвэрлэгчийнхээ цалинг өөрийнхөө эд зүйлийг ломбардад тавьж өгсөн гэнэ билээ.
Тухайн осол болсны дараа н.Цэцэгээ дарга хамт гэмтэл рүү явъя гэсэн. Гэмтэл яваад яах вэ дээ тэр хүнийг босгоод ирэх биш. Надад нас барсан талаарх мэдээлэл ирчихсэн байсан. Харин түүний оронд би аюултай гэх наалтыг нааж, бусад оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан.
Оршин суугч: Өчигдрийн явдал хажуу талын орцод болсон байна. Манай байрны цахилгаан шат их асуудалтай. Манай орцныхон нийлж лифтээ ашиглаж эхэлсэн ч 6 болон 12 давхартаа гацах тохиолдол ажиглагдаж байгаа. Бид анх СӨХ-доо төлбөрөө төлдөг байсан ч, СӨХ-ны дарга Цэцэгээ гэх хүн ажлаа хийдэггүй, манай байранд ямар ч засвар үйлчилгээ хийхгүй байсан учраас сүүлийн хэдэн сар хийгээгүй. СӨХ-ны хурлаа хийж, даргыг сонгох гэхээр тамгаа авч яваад, хуралд суудаггүй. Харин манай орцныхон нэгдэж энэ лифтийг засварласан. Нэг айлаас ойролцоогоор 30 гаруй мянган төгрөг цуцлуулсан санагдаж байна.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Хаансуудал СӨХ-ны дарга С.Цэцэгээс утсаар тодруулга авлаа.
Тэрээр “Манай Хаансуудал СӨХ 137 сая төгрөгийн өртэй. Оршин суугчид мөнгөө өгдөггүй. Би конторын дансаа хааж байгаад өрөө дарсан. Хоёрдугаарт БГД-ийн эрчим хүчний газарт 4 сая төгрөгийн өртэй байсныг бас төлсөн. Энэ мөнгийг би өөрөөсөө ээмэг бөгжөө ломбардад тавьж байгаад төлсөн. Нийгмийн даатгал дээр 800 мянган төгрөгийн өртэй байсан. Энэ байрны лифт барьсан компанитай маш их холбоотой. Тухайлбал, Эко констракшны барилгууд их муу. Эхнээсээ 10 гаруй жил болоод л муудсан. Би энэ дотор 10 жил амьдарч байна. Цалин мөнгө авдаггүй. Оршин суугч хувь хүнийхээ хувиар хогийг нь түүж, цэвэрлэгээг нь хийгээд явж байгаа. Тэгэхээс хариуцлага хүлээх хүн нь би биш. Хүүхэд унахаар нь хүмүүс өшиглөөд онгойлгочихсон юм билээ. Тэгэхээс тэгж том зай гаргаагүй байсан”гэв.