Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Улс төрийн нүүдэл "Тэтгэвэр 500"

1
2022 оны 1 сарын 282022-01-28
ТУЛГА тойрсон: Улс төрийн нүүдэл "Тэтгэвэр 500"

Нийгэмд хүчтэй нулимуулсан “Богдзонхова” аялал жуулчлалын цогцолборын барилга зогсож төсөвлөсөн мөнгө нь ахмад настнуудын сүү, талх, эмний мөнгө болон очихоор болж байна. Цаг үеэ олоогүй төслүүдийг царцааж тэтгэврийг 500 мянган төгрөг болгон нэмэхээр болж байгаа мэдээ мэдээж чихэнд чимэгтэй сонсогдож байгаа байх. Тэтгэвэр нэмж байгаа нь зөв шийдвэр. Өшөө илүү ч нэмэх ёстой. Ахмад настнууд үнийн өсөлтийн шуургатай өнөөгийн нийгэмд 300 мянган төгрөгөөр нэг сар амьдрах хүндхэн даалгавартай яваа. Эм тариагаа ч авч чадахгүй үр хүүхдийнхээ амыг хөдөлгөөд явж байгаа олон мянган ахмадууд бий. Гэхдээ улсын төсөвт суусан зарим бүтээн байгуулалтуудыг зогсоож тэтгэвэр нэмж байгаа шийдвэр нь бүх муу зүйлийн эхлэл болж байгааг эрх биш эдийн засгийн мэдлэгтэй зарим нэг нь л анзаарч байх шиг байна. Нэг удаад “Богдзонхова”, “Айрагны өргөө”, “Аймгийн усан бассейн” зэрэг өөр юу байдаг юм царцааж болох бүх төслүүдийг царцаагаад тэтгэврээ нэмчихлээ. Ирэх жил яах вэ? дахиад л татвар нэмж хойд хормойноосоо хайчилж урд хормойгоо нөхөх үү? Тэртээ тэргүй 2022 оны төсөв 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлөгдчихсөн. Гэтэл тэтгэврийг өнөө маргаашаа харсан ийм байдлаар нэмбэл энэ алдагдал 800 магадгүй 900 тэрбум ч давж болохоор байгаа юм. Зүгээр л ямар нэгэн бодлогогүй, нэгдсэн шийдэлгүй тухайн цаг үедээ л улс төр хийх нь “ТЭНЭГ” шийдэл. Засгийн газар иргэдийн татварын мөнгийг зөв захиран зарцуулах үүрэгтэй. Ажилчин ангийн бидний татварыг нэмж тураалдаа ортол нь бүс чангалан байж төсвөө бүрдүүлсэн Засаг арай л харалган байгаад байна уу. Алсаа харалгүй зөвхөн өнөөдрийн хүйтнийг давахын тулд байгаа модоороо гал түлэх биш тэр модоороо байшин барьж сурмаар байна. Иргэд ч гэсэн түр зуурын галын илчинд баясаж суулгүй байшин барих хэрэгтэйг сануулмаар байна. 

ӨНӨӨДРИЙН УЛС ТӨР ИРЭЭДҮЙН ДАМПУУРАЛ

Ямар үед яаж улс төр хийх вэ гэдгийг эрх баригч нам дэндүү сайн төлөвлөж чадаж байна. Шинэ сэргэлтийн бодлого, усан цахилгаан станц, хийн хоолой гээд л яг сайхан явж байх үед “Богдзонхова”, “Айрагны өргөө” зэрэг чимээгүй мөнгө угаалтуудын хажуугаар саар зүйлс намын нэрд ихээхэн халтай зүйл болсон. Дээрээс нь хөгжлийн банкны асуудал томроод хэцүүхэн болоход “тэтгэвэр 500” гэх бэлдсэн тотигоор олны хэл амыг нэг удаа гацааж байх шиг байна. Хэл ам дараад давхар улс төрийн рейтингээ өсгөж байгаа Ерөнхийлөгчийн нүүдэл. Ерөнхийлөгчийн энэ улс төрийн нүүдэлд нэг ойлгомжгүй зүйл байна. Тэтгэвэр бол хэн нэгний эсвэл Засгийн газрын өглөг биш. Бид өөрсдөө цуглуулсан мөнгөө амралтаа авах үедээ эргүүлж авдаг тогтолцоог л хэлдэг. Гэтэл өөрийнхөө халааснаас гаргаж өгч буй мэт баатрын дүрд тоглож байна.  

ХАРАГДАХ НЬ ӨӨР Ч БАРИГДАХ НЬ ИЖИЛ

Инфляц 13.5 хувьтай, хүнсний үнэ 20 хувиар нэмэгдсэн байгаа өнөөдрийн 500 мянган төгрөг хоёр жилийн өмнөх 300 мянган төгрөгтэй яг тэнцүү гэхэд хилсдэхгүй. Тэтгэврийн доод хэмжээ буюу 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудын амьдрал хязгаарын доод хэмжээнээс улам доошлон улаан бүс рүү унах гээд байхаар нь Засгийн газраас нэг удаагийн шийдлээр тэтгэвэр нэмснээр арай гэж доод хэмжээнд нь тогтоож үлдэж байгаа хэрэг. Тэтгэвэр нэмэгдсэнээр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж инфляц, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал энээ тэрээ нь бүр утгаа алдана. Засгийн газар гарах үр дагаврыг нь харсан байгаасай л гэж найдахаас.

ИРЭХ ЖИЛ ДАХИАД Л ТЭТГЭВРИЙН АСУУДАЛ ХӨНДӨГДӨНӨ

Гадаад, дотоодод олон жил сурч, ажиллан туршлага хуримтлуулсан хэсэг залуус ганц л зүйлийг тодорхой бөгөөд товч хэлээд байгаа. Тэр нь одоогийн манай тэтгэврийн тогтолцоог өөрчилж шинэчлэх. Бид тэтгэврийн асуудал дээр бүрэн шинэчлэл хийж тэтгэвэрт гарахдаа шууд тэтгэврийн зээл авч өрөнд орж амьдардаг биш. Сар бүр авах тэтгэвэр нь ямар ч үед сэтгэл хангалуун байлгаж хэрэглээгээ хангалттай зохицуулдаг. Залуу насны зүтгэлээ үнэлүүлдэг тийм тогтолцоо руу шилжих ёстой. Одоогийн манай тэтгэврийн тогтолцоо ажил хийж татвар төлж байгаа иргэдийн мөнгийг ахмад настнуудад тэтгэвэр хэмээн хувааж өгдөг. Нэг ёсондоо нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь халамжид зарцуулдаг тогтолцоо. Тэгэхлээр тэтгэврийн реформ хийх цаг нь Монгол улсын хувьд яг таарчихсан байгаа. Манай улсад хамгийн байж болохуйц нь хуримтлалын тогтолцоо юм. 

Эдийн засагч, шинжээч Г.Батзориг: Тайлбарлавал, нэгд гавьяаныхаа амралтад гарсан бол улсын нийгмийн хамгаалал авах ёстой. Энэ нь тэтгэврийн тогтолцоонд заавал байна. Хоёрт, цалингаасаа шимтгэл төлөхөд тухайн иргэний дансанд нь орж байх ёстой. Гуравт, хэрвээ залуудаа сайн орлого олбол сайн дураараа нэмээд төлөх боломжтой. Ийм гурван эх үүсвэрээс тэтгэврээ авна гэсэн санааг хуримтлалын тэтгэврийн тогтолцоо гэдэг. Залуучууд нь хөгшчүүлээ тэжээдэг тогтолцоо байгаад байвал хөгшчүүлээ тэжээж дийлэхээ болиод дампуурдаг. 

Насаараа ажиллаад эцэст нь эмзэг давхар руу шилждэг тэтгэврийн тогтолцоотой бид 500 мянга төгрөг авахаар болсондоо баярлах хэрэггүй. Таны амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй. Тэтгэврийн тогтолцоог цогцоор нь шинэчилж тэтгэвэрт гарахаас санаа зовдоггүй болсон тэр өдрөөс л бидний амьдрал өөрчлөгдөх болно. Бид зүгээр л ид үедээ хураалгасан мөнгөө тухайн үеийнхээ инфляцийн түвшинтэй уялдуулан авдаг бодит тогтолцоог л хүсэх хэрэгтэй. 

Б.Энхтулга

 

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө