БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Бид өнгөрсөн намар дархлаажуулалтаа сайн хийсэн учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг нээсэн. Ингэхдээ 5/9-ийн зарчмаар хичээллүүлсэн. Энэ үед халдварын тохиолдол бага байж 5/9-ийн зарчим үр дүнгээ өгсөн. НҮБ-ийн хүүхдийн сангаас танхимаар хичээллүүл гэсэн зөвлөмжийг өгсөн. Нэгдүгээр ангид орсон хүүхдүүдээс шалгалт авч сургуульд хэрхэн бэлтгэгдсэнг судалсан. Харин 2-12-р ангийн сурагчдаас гарааны үнэлгээ авсан. Хүүхэд аль шатандаа явна, хоцрогдол байна уу гэх мэт зүйлийг судалсан.
Хичээлийн хоцрогдол ковидын өмнө бий болсон. Судалгаанаас хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд 100 хувь танхимаар хичээллүүлье гэсэн дүн гарсан. Өнөөдрийн байдлаар 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна. Өмнөх үетэй харьцуулахад 60%-иар өссөн байна.
2-12-р ангийн 62856 хүүхдүүдээс түүврийн аргаар гарааны үнэлгээ хийхэд сэтгэл эмзэглүүлсэн дүн гарлаа. Хамгийн их хоцрогдолтой байгаа нь 2-3-р ангийнхан байна. Энэ хүүхдүүд тоо бодож чадаж байгаа ч дүн нийлбэрийг мэдэхгүй байна. Уншиж байгаа ч юу ойлгож байгаагаа мэдэхгүй байна.
Нийт сурагчид танхимаар хичээллэдэг үетэйгээ харьцуулахад 50 хувиар хоцрогдож байна.
Хүүхэд танхимаар ангийнхантайгаа байж хичээлээ сайн хийдэг гэдэг нь судалгаанаас харагдсан. Энэ хугацаанд цахимаар хичээллэснээс болж хичээлийн хоцрогдол үүссэн байна. Хаврын хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг аль болох танхимаар хичээллүүлэх гэж зорьж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар 7 хоног хичээллэж эхэлнэ. Ингээд эрдэмтэд судалгаа хийж танхимаар явуулах уу үгүй юу гэдгийг шийднэ. Халдвар бага байвал цахимаар хичээллэхийг танхим болгон өөрчилж, цаашлаад 100 хувь танхимаар хичээллүүлэхийг бодно.
4 настнуудын хичээл хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ. Харин 3 настнуудад асуудал үүсч байгаа. Он гараад хоёр настнууд гурван настай болсон. Өмнө нь гурван настай болсон хүүхдүүдийн бүртгэл бол байгаа. Харин шинээр гурван нас хүрсэн хүүхдүүд бүртгэлгүй байгаа. Тиймээс шинэ бүртгэлийн асуудал үүснэ. Шинээр хэд хэдэн цэцэрлэг ашиглалтад орсон. Гурван насан дээр 100 хувь авч чадахгүй байгаа. 2-3 настнуудыг хувийн цэцэрлэг дээр авахаар зорьж байна.