Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал олон нийтийн анхаарлын төвд бий. Иймд зээлдэгч нарын барьцаа хөрөнгөнд хийсэн шалгалтын талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, түр хорооны дарга Ү.Амарбатаас тодруулга авлаа.
"Хөгжлийн банкнаас зээл авсан ихэнх компани барьцаа хөрөнгөндөө ирээдүйд олох ашгаа барьцаалсан зөрчил гаргажээ"
-Хөгжлийн банк зээлдэгч нартаа хяналт шалгалт хийж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гол мэдээлэл олон нийтэд ил болчихсон байгаа. Тухайлбал, 66 компани 3,2 их наяд төгрөгийн зээл авсан асуудал байгаа. Үүнээс 1,8 их наяд нь эрсдэлд учирсан буюу чанаргүй зээл болсон байна. Яг энэ датад тулгуурлаж зээл тус бүрийн арын нөхцөл байдлыг судлах ажил хийгдэж байна. Мэдээж энэ бол мөрдөн шалгах ажиллагаа биш. Хууль хяналтын байгууллагатай зэрэгцэж ажиллах боломжгүй. Тиймээс ер нь энэ зээлүүд дээр өмнө нь яагаад хяналт шалгалт хийгдэхгүй байсан юм. Шүүх дээр очсон хэргүүдийн процесс яагаад удаашраад байгаад дүгнэлт хайж байна.
Хамгийн эхний байдлаар түр хорооны гол барьж байгаа агуулга бол барьцаа хөрөнгөнүүдийг яаж баталгаажуулах вэ гэдэг байна. Хоёрдугаарт одоо банканд байгаа цаасан болон бусад материал нотлох баримтыг үрэгдүүлэхгүй байх талаас яаж сэргийлэх вэ. Гуравдугаарт гүйцэтгэх удирдлагууд нь солигдох, хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөх энэ эрсдэлээс яаж сэргийлэх вэ гэдэг чиглэлээр төвлөрч байна. Эхлээд энэ арга хэмжээнүүдийг авна. Хоёрдугаарт нэгэнтээ засагдахгүй хирнээ хийгдчихсэн хууль бус ажиллагаануудын эздийг гаргаад, энэ хэнтэй хамааралтай байсан бэ гэдгийг тогтоож хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа зүйлд нэмэлтээр баримт болгоно. Гурав дахь үед яаж зээлийг түргэн хугацаанд төлүүлэх вэ гэдэгт ажиллана.
Зарим зээлдэгчид бүр эхнээсээ зээлээ эргэн төлөх бодолгүй байсан уу гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа. Тухайлбал, 2012, 2014, 2015 оны зээлүүд байна. Зээлийн хугацаа хэтрэлд нь 400, 500, 1000, 2000 хоног болчихсон. Төлөлт бараг байхгүй. Дүнгээрээ энэ зээлүүд их том хувийг эзлээд байгаа юм. Ерөнхий сайдын нэрлээд байгаа 15 зээлдэгчид энэ ороод байгаа байхгүй юу. Жишээлбэл, хамгийн том дүнтэй Хөтөл ХХК байна. Бидний мэдэхээр Хөтөл шохой компани биш. Тэр Хөтөл цемент шохой компанийн 99,7 хувийг эзэмшиж байгаа ийм компани байх жишээтэй. Дарханд төмөр замын бүтээн байгуулалт хийнэ гэж зээлээ авсан QSC компани байна. 200 орчим тэрбум төгрөгийн зээл авсан. Мөн ТОСК дээр 4 зээл авсны нэг нь бол Шинэ яармаг төсөл авсан байна. Гэтэл эдгээр зээлүүдэд банк ямар арга хэмжээ авсан бэ гэхээр шүүх рүү шилжүүлсэн байгаа юм. Харин шүүх тэр хүмүүсийн хувьд бараг боломж болоод байгаа байхгүй юу. 20-30 сар, 2 жил гурван жил хүлээлт үүсгээд.
Барьцаа нь дээр бол сая АТГ-аас авсан арга хэмжээ хамгийн үр дүнтэй арга юм. Тухайлбал, барьцаа хөрөнгөд авсан үл хөдлөхүүдийг битүүмжилсэн шүү дээ.
-Эрэл компанийн хувьд ирээдүйд олох орлого барьцаалж зээл авсан асуудал байгаа. Үүнийг шалгахад ямар асуудал гарсан бэ?
-Энэ асуудал дан ганц Эрэл дээр гарч байгаа асуудал биш. Үүн дээр үндэслээд цаашид Хөгжлийн банк юуг барьцаалж зээл олгох вэ гэдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Ирээдүйд олох орлого барьцаалсан зөрчил хэд хэдэн компани дээр гарсан. Хоёрдугаарт байнгын элэгдэл хорогдолд орж, үнэ нь байнга буурч байдаг ийм хөрөнгөнүүдийг барьцаалсан зөрчил илэрсэн. Гуравдугаарт түүхий эд барьцаалсан байна. Тухайлбал, хүдэр, ноолуур барьцаалсан тохиолдлууд байна.
-Барьцаа хөрөнгө нь байхгүй болчихсон, үнэлгээ нь буурчихсан ямар ААН байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Барьцаа хөрөнгө нь тэр чигтээ алга болсон тохиолдол ТОСК-тай хамтраад зээл авсан Шинэ яармаг төсөл дээр үүссэн. 2017 онд манай компанийг шүүхэд дуудаад зургаан удаагийн шүүхээр орж дээд шүүхээс 90 орчим тэрбум төгрөгийн барьцаа бүхий хөрөнгө суллах шийдвэр гаргасан. Одоо тэр барилга нь зарагдаад, борлуулагдаад явж байна. Тэгэхээр тэр байгууллага бол манайд ямар ч барьцаагүй явж байгаа гэсэн үг юм. Зээл авсан этгээд нь ТОСК байсан. Энэхүү авсан зээлээ цаашаа хувийн байгууллага руу гаргачихсан асуудал байгаа юм. Тэгэхээр төрд зээл нь үлдээд, хувийн байгууллага зүгээр үлдэх нь үү дээ гэсэн хардлага хувь хүний хувьд үүсч байгаа. Мөн цаашид Хөгжлийн банкнаас зээл авч боссон компаниудыг олон нийтэд мэдээлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсч байна. Банк гэрчилгээг нь хураагаад авчихсан. Иргэн мөнгөө өгөөд дотор нь ороод суучихсан. Энэ хоёр тулах эрсдэл үүсэх байхгүй юу.