Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал энэ намрын гол сэдвүүдийн нэг байх юм. Бид энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
-------------------------------------------------------------
-УИХ-ын Хаврын чуулганы үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар улс төрийн намууд багагүй хугацаанд ярьсан. Ирэх намрын чуулганаар УИХ-ын гишүүд төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа. Та аль нэг ажлын хэсэгт орсон уу?
-Ямарваа нэг ажлын хэсэгт ороогүй. Ороогүй учраас таны санал тавьснаар хоёр талаас нь ярьж болж байна.
-Та УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд Булган аймагт эвслээс аль нэг намын харьяалалгүйгээр нэр дэвшсэн. Тэрнээс хойш намд элссэн үү?
-Буцаад МАН-д элссэн.
-Бид Үндсэн хууль судлаач эрдэмтний хувиар таныг ярилцлагад урьсан байгаа. Хэдий намд элссэн боловч намын бодлогод уягдахгүйгээр хувь судлаачийн байр сууриа илэрхийлнэ биз дээ?
-Би угаасаа тийм шүү дээ.
-Тийм. Бүх бурууг Үндсэн хууль руу чихэж, хууль болохгүй байна гэхээсээ илүү байгаа хуулиа бүрэн дүүрэн ашиглахгүй байна гэж та хэлж байсан. Энэ байр сууриндаа хэвээр байгаа юу?
-Хэвээрээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл нь өөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Том суурь хууль учраас. Үндсэн хуулийг өөрчилснөөр нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны хүрээнд хэрхэн, яаж дэвшил гаргах вэ гэдгийг эхлээд бодох ёстой. Энэ дөрвөн үндэслэл хангагдсан бол Үндсэн хуулийг өөрчилж болно. Гэхдээ одоо байгаа хуулийнхаа мөн чанарыг бүрэн дүүрэн ашигласан уу, үгүй юу. Үндсэн хуулийг нэмж өөрчлөхийг ярихын тулд өмнө хийсэн шинэтгэлийг бүрэн дүүрэн хийж чадсан уу? гэдгийг тогтоох ёстой. Үүнийг тогтоохын тулд зүйлээр үнэлдэг. Нэгдүгээрт, хууль тогтоомжоо шинэчлэх, хоёрдугаарт, тогтолцоогоо шинэчлэх, гуравт, мэргэжлийн боловсон хүчнээ шинэчлэх, дөрөвт, хууль зүйн шинжлэх ухааныхаа арга зүйг шинэчлэх, тавд нь, нийгэмд эрх зүйн ухамсар, соёлыг төлөвшүүлэх гэсэн зүйл.
Энэ зүйлүүд яг дугуйны араа шүд шиг зэрэг эргэлтэнд орж байх ёстой. Тэгэхээр хуулиа, тогтолцоогоо шинэчлэхдээ мэргэжлийн боловсон хүчнээ шинэчилж чадсан уу, асуудлыг шийдэхдээ судалгаанд үндэслэж байна уу, эсвэл аль нэг намын ашиг сонирхлыг дагаад байна уу, хамгийн гол нь иргэд мэдээлэлтэй байж Үндсэн хуулийг танин мэдэж байна уу гэдгийг харах ёстой. Үндсэн хуулийн оршил хэсэгт байдаг “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоож” чадсан уу. Б.Чимид багш нас барах хүртлээ иргэдийн эрх зүйн ухамсар, соёлыг төлөвшүүлэх тал дээр ажил хийгээч, хуулиа сурталчлаач гэж ярьсаар, бичсээр байсан. Түрүүн дурддаг таван арааг бид одоо хэр хөдөлгөж чадахгүй байгаад судлаачийн хувьд би шүүмжлэлтэй ханддаг. 1 арааг нь хөдөлгөлөө гээд магадгүй, 3 арааг хөдөлгөөд цаана нь бусад нь үлдчихээд байвал шинэчлэл хэзээ ч явахгүй.
-76 гишүүнтэй байна гэж тогтсоноос хойш Монголын хүн ам 1 сая гаруйгаар өсчихлөө. 20 мянган хүн төлөөлнө гэж 76-аар тогтоосон гишүүд өнөөдөр 1 нь 50 мянгаас 90 мянган хүн төлөөлж байна. УИХ-ын гишүүд 2-3 байнгын хороонд харьяалагдаж, ажлын хэсгүүдэд давхар ажиллаж байгаагаас шалтгаалж хуулийн төсөлтэйгээ танилцаж, судалж амжихгүй байгаа нь хууль чанаргүй гарахад нөлөөлж байна. Иймэрхүү дүгнэлтийг хэлж УИХ-ын гишүүдийн тоог 120 юм уу 151 болгоё, 155 болгоё гээд ярьж байна. Энэ бодитой үндэслэл мөн үү?
-2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө ярьсан байсан, байж болох үндэслэлүүд. Үүнийг өөр талаас нь ярьж байгаа хүмүүс ч байна лээ. Англи, Америк, Германы парламент хүн ам нь өсчихлөө гээд парламентын гишүүний тоогоо байнга нэмээд байна уу, худлаа шүү дээ гээд судлаачид хэлж байна лээ. Тэгэхээр хүн амын тоотой уялдуулж, УИХ-ын гишүүний тоог нэмэх нь үндэслэл мөн үү, олон гишүүнтэй байх нь үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх үү. Улс төрийн нам бол улс оронд хэрэгтэй хамгийн зөв хүмүүсийг сонгож сонгуулиар ард түмэнд танилцуулах үүрэгтэй байдаг. Гэтэл өнгөрсөн сонгуулиудад намдаа хэн их мөнгө хандивласан нь дэвшээд эргээд Хөгжлийн банк, ЖДҮ-гээс хандиваа буцаагаад саасан.
Хүчин, бэлгийн дарамт үзүүлсэн гэмт хэргүүд нь уусч алга болдог. Гарч ирсэн хүмүүс нь хэргээ замхруулах ажил хийсэн. УИХ-ын гишүүн олшрох тусмаа пропорциональ тогтолцоонд мөнгөө тавиад орно. Можаритар байсан ч ялгаагүй, өнгөрсөн сонгуулиудаар бичлэг, зурагтайгаа баригдсан хүмүүс хариуцлага хүлээсэн үү. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг боловсронгуй болгохгүйгээр мөнгөний сонгууль байсаар л байна. Олон гишүүнтэй болохын нэг сайн тал нь цөөн хэдэн фракцын дур зоргоор төрийн үйл хэргийг удирдах явдал бага с гэсэн багасах байх.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгохын зөвтгөл нь юу юм бэ?
-1992 оны Үндсэн хуулийг батлахаас өмнө ажлын хэсгүүд дээр Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгоно гэсэн зүйл байгаагүй юм билээ. Парламентын бүгд найрамдах засагтай бол Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог байх нь угаасаа анхнаасаа утгагүй. Парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог байна гэсэн санаа байсныг тухайн үеийн улстөрчид гэнэт бужигнаад “Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгуулна” гээд шийдчихсэн юм билээ. Энэ нь тухайн үеийн Ерөнхийлөгч болох сонирхолтой байсан улстөрчдийн ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байх сонирхолтой шууд холбоотой. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв. Наад зах нь, Ерөнхийлөгчийн сонгууль явуулж бужигнаад, хоёр талцаж биенээ үгүйсгээд байх нь үндэсний эв нэгдэлд харшаас гадна төсвийн зардал ихтэй.
Германууд Ерөнхийлөгчөө хамгийн дээд нотариатч гэж хэлдэг юм гэсэн. Монгол руу буулгаад хэлэхэд баталсан хуулийг хадгалдаг, албан тушаалтнуудыг батламжилдаг, онц болон дайны байдал зарлахад эрх үүрэг нь тодордог албан тушаал. Тэгэхгүй бол Монголд Ерөнхийлөгч нь янз бүрийн юм санаачлаад л, өөрийнхөө улстөрийг хийх гээд Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалдаж нөлөөлөөд байх явдлууд гарч байсан. Одоо манайд бүх ард түмнийг төлөөлж байгаа ганцхан хүн бол Ерөнхийлөгч. УИХ-ын гишүүд бол 76-уулаа байж 1 шийдвэр гаргадаг. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт дээр давхцах, үл ойлголцох байдал өнгөрсөн 30 жилд үүсч ирсэн.
Нөгөө талаас нь ярихад, бүх ард түмнээс сонгодог байвал Ерөнхийлөгч парламентын дур зоргын шийдлийг хязгаарладаг, улс төрийн намууд тогтворжоогүй өнөө цагт хааяа бойкот хийдэг, хуульд хориг тавьж асуудлыг эргэж нэг харуулчихдаг талаасаа хэрэгтэй юм даа. Сайн ч муу ч хоёр талтай. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр энийг хийх улс төрийн нөхцөл, боломж байгаагүй. Энийг хасахгүй бол нэмэлт, өөрчлөлт бүхэлдээ унах байх гэж миний бие сануулж байлаа. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байна.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонголоо гэхэд ямар парламентаас сонгох вэ. Хоёр танхимтай парламенттай болъё гэсэн яриа гаргаад байгаа?
-Одоогийн 76-аас, эсвэл 76 гишүүн дээр нэмж 21 аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгож болно. Бас хуучин шиг Ардын их хуралтай, тэр нь сум сумаас ирсэн 430 депутаттай төлөөллөөс шууд сонгож болох юм. Гэтэл Монгол бол нэгдмэл улс. Нэгдмэл шинж чанараа хадгалъя гэвэл манайх шиг улсад Ардын их хурал зохисгүй гэж мэргэжлийн хуульчдын санаа бодол давамгайлдаг. Д.Содном гуай болон хуучны хүмүүс бол Монгол Улс газар нутаг өргөн, төлөөллийн ардчиллыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог ойртуулахад хүнд учраас Ардын их хурал байгуулах нь зүйтэй гэж ярьдаг.
Тэрийг бас үгүйсгэхүй. Яагаад гэвэл байнгын үйл ажиллагаатай Улсын бага хурал болон тодорхой асуудал шийддэг Ардын их хуралтай байж үзсэн, боломжийн үр дүнтэй байсан. 1990 оны тавдугаар сарын 11-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар Ардын их хурал нь Үндсэн хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийг сонгох, Бага хурлыг сонгох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийг байгуулах, Ерөнхийлөгчийн санал болгосноор Ерөнхий прокурор, Дээд шүүхийн даргыг сонгох, чөлөөлөх, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцдэг байжээ. Муу тал нь хоёр танхимтай болчихвол Ардын их хурал асуудал шийдэх гээд процесс нь хэт төвөгтэй, ажил явуулахгүй удах бас муу талтай.
-Тэгвэл хоёр танхимтай парламент ашиггүй гэж үү?
-Миний бодлоор болдог бол нэгдмэл улс учраас нэг танхимтай байх нь зүйтэй. Нөгөө талаас нь харвал сум, хороон дээр байгаа иргэн төрийн үйл хэрэгт оролцож чадаж байна уу? гэвэл өөр. УИХ-ын гишүүд иргэдээ төлөөлж чадахгүй байгаа нь үнэн. Сум дээр байгаа, тэнд юу болж байгааг мэдэж байгаа нөхрийг Ардын их хуралд илгээвэл бас сайн. Гол нь иргэд аль шийдлийг нь хүсч байгаа вэ, тэр нь чухал учраас би хоёр талтай яриад байгаа юм. Би Ардын их хуралтай байхын эерэг талтай холбоотойгоор прокурортой холбоотой нэг зүйлийг ярья.
-За.
-Улсын Ерөнхий прокурорыг Ардын их хурал томилдог байхад харьцангуй хараат бус хүн гарч ирэх боломжтой. Одоо яадаг билээ, нэг хүнээс буюу Ерөнхийлөгчөөс томилогдож байгаа. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад Ерөнхийлөгч ямар хүн байж хэнийг томилох вэ? гэдгээс Ерөнхий прокурор зарим хэрэг дээр нүдээ аних, зарим дээр нь нээх шаардлага үүсдэг юм шиг байгаа юм. ЖДҮ-ийн хэрэг дээр гэхэд 40-өөд улс төрч холбогдсоноос 3 нь л яллагдсан. Адилхан бүгд улс төр, албан тушаалын нөлөөгөө ашиглаж ЖДҮХС-гийн зээл авчихаад ямар нь яллагдахгүй хоцордог вэ? Одоо энэ Хөгжлийн банкны хэргүүд цааш явах юм уу, явахгүй юм уу. Одоогийн Ерөнхий прокурор хэнд нь үйлчлэх вэ? гэдгийг хуульчид хараад байна шүү дээ. Иргэний хэрэг, эрүүгийн хэрэг гэхээс гадна улс төртэй хэрэг гэдэг юунд ч баригддаггүй нэг төрлийн хэрэг бий болчихсон.
Улсын хэмжээнд 580 прокурор бий байх. Тэдэнд дээд шатны прокурорууд шууд үүрэг өгдөг, босоо удирдлагатай. Босоо удирдлагатай байх ёстой боловч үүрэг өгөхдөө заавал бичгээр өгдөг байх ёстой. Тэгдэг болгочихвол дараагийн Ерөнхий прокурор нь гарч ирээд яагаад яллаагүй вэ гэхэд анхан шатны прокурор нь үзүүлэх бичигтэй үлдсэн байх хэрэгтэй. 580 шижигнэсэн залуу шударга прокурор гарч ирээд “Та наад хэргээ хаа гэж байгаа бол үүргээ бичгээр өгчих” гэдэг бол болж байгаа байхгүй юу. Энэ бол нийгэм хүсээд байгаа шударга ёс тогтоход Үндсэн хуульд заавал нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр ердийн хуулиар дэвшил авчирах боломж. Прокурорын тогтолцоонд байгаа энэ муу цусыг хатгаж гаргамаар байна. АТГ-ын хэд хэдэн удаагийн мэдэгдэлд авлигатай тэмцээд байхад прокурор дээр очоод сарнидаг агуулга туссан шүү дээ.
Ер нь, ердийн хуулийг л сайн гаргах ёстой. Ердийн хуулийг сайн гаргахаас гадна органик хуульд анхаарах хэрэгтэй байна. Ердийн хуулийг ердийн олонхиор шийдэж байгаа бол дийлэнх олонхиор органик хуулийг баталдаг. Тэр нь өөрөө Үндсэн хуулийн дараа орох ач холбогдолтой, нийгэмд доргилт өгдөг салбарын хуулиуд гэсэн үг. Тийм хуулийг 2/3-оор баталдаг байх өөрчлөлт Үндсэн хуульд орох ёстой юм. Энэ нь нэг нам гарч ирээд хуулийг дураараа сольдог, тэрнийхээ дагуу улстөр хийдэг явдлыг багасгана.
-Сонгуулийн пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд тодорхой бичье гэж намууд ярьж байсан. Зургадугаар сарын сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын харлаас “Сонгуулийн тогтолцоогоо яаж хуульчлах нь УИХ-ын мэдэх асуудал” гэсэн шийдвэр гарчихлаа. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заавал бичих шаардлагагүй болчихож байна уу?
-Хувь судлаачийн байр сууриа хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоо пропорциональ байх уу, можаритар байх уу гэдгийг УИХ өөрөө хариуцах боломжтой байсныг Цэц өөрөө будлиантуулчихсан. Цэцийн саяын шийдвэр агуулгын хувьд зөв гарсан. Үндсэн хуульд бичих шаардлагатай юу, үгүй юу гэж. Ард түмэн төлөөлөгчөө сонгоод УИХ-д суулгачихсан. УИХ хиймээр байгаа бол хийчих хэрэгтэй. Оноос өмнө хийчих хэрэгтэй. Бас энэ юм тарааж сонгууль худалдаж авдагыг бүр сонгуулийн жил биш, бүр 4 жилийн өмнөөс хаачих хэрэгтэй. Чөтгөрийн тойргоо тасламаар байна. Чөтгөрүүд нь лам хар дагуулчихсан, улсаас мөнгө идчихсэн, энд тэнд суварга босгоод, ахмад настанд бэлэг тараагаад байгаа нь л дараагийн сонгуульд зөв хүмүүс гарах болов уу? гэж эргэлзэхэд хүргэж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН олонх байгаа дээрээ хийхгүй бол дараа, дараагийн парламентад олон намын төлөөлөл орж ирвэл маргаад хийж чадахгүй гэсэн яриа гаргаж байна. Энэ дээр юу хэлэх вэ?
-Парламент олон намаас бүрдвэл Үндсэн хууль өөрчилж чадахгүй гэсэн зүйл байхгүй. Мэдээж бэрхшээл гарч, хэлбэрийн төдий галзуурлууд явах л байх, тэрнийг үгүйсгэхгүй. 2024 онд гурван нам гарлаа гэж бодъё. Гэтэл өнөөдөр байгаа 20-иод нам Үндсэн хуулиа өөрчилье гээд эв санааны нэгдэлтэй санамж бичиг зураад байгаа гэсэн биз дээ.
-Сүүлийн асуулт. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан учраас дахиад 8 жил өөрчлөлт оруулж болохгүй гэж яриад байна. Тэгээд яах юм бол оо?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль өөрөө их эмзэг шүү дээ. Үндсэн бүтцээ хамгаалж байсныг 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ үндсэн бүтцээс зарим зүйл заалтыг хасч байгаад гарц гаргаж хийсэн. Тэрнийг дахиж магадгүй л юм. Энийгээ эхлээд тохирохгүй бол хаа хамаагүй болохгүй зүйлсийг ярьж, өөрчилнө гэж яваад Үндсэн хуульт ёсны эсрэг үйлдэл болж, гэмт хэрэгтэн болохвий гэж зарим хүний өмнөөс айх юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.УЛСБОЛД