Дагуул хотуудыг барих "үлгэр"

2022 оны 8 сарын 112022-08-11
Дагуул хотуудыг барих "үлгэр"

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах мөрөөдөл цаасан дээрээ  үлдэх вий гэж халаглах хүмүүс олон. Ямартай ч өчигдөр /2022.08.10/ Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хөшигийн хөндий тойрсон дэд бүтцийн ажлыг энэ баасан гарагаас эхлүүлнэ" гэдгийг дуулгав.  Улмаар Засгийн газрын хуралдаанаар  төр захиргааны зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү шилжүүлэх албан тоотыг эцэслэн баталжээ. Гэхдээ инженер, дэд бүтцийг хийж дууссаны дараа буюу дараа жилээс эхлэн нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттай хийх гэнэ. 

Чөлөөт бүсэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах зочид буудал, үйлчилгээний цогцолборууд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлалын төв, худалдаа, үйлчилгээний төвүүд, мэдээлэл технологийн кластер төв байгуулах, санхүү, бизнесийн төв, эрүүл мэндийн аялал жуулчлалын хэсэг байхаар төлөвлөж байгаа. Хөшигийн хөндийн чөлөөт бүстэй зэрэгцэн  шинэ суурьшлын бүсийг зарласан нь  Шинэ зуунмод хот. 

Шинэ зуунмод хот, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд зориулан 2024 он хүртэлх хугацаанд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман  тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар  талаар өнгөрсөн гуравдугаар сард албаныхан хэлж байв. 

Тэгвэл өдгөө тус хотод  онгоцны буудлын урд байрлах таван худгаас инженерийн цэвэр ус болон цахилгааны шугам  хийгдэж байна. Энэ хүрээнд 35 цахилгаан станц онгоцны буудал руу татах ажил эхлэхэд бэлэн болжээ. Мөн үерийн далангийн зарим нэг  ажил дууссан байна. 

Шинэ зуунмод хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэх тооцоог гаргажээ. Сонсоход сайхан хэдий ч итгэхэд бас хэцүү юм. Учир нь зах, худалдааны төвүүдийг өнөөдрийг хүртэл нүүлгэж чадаагүй, 10 жил ярьсан ч бахь байдгаараа.  

Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж буй.

Уг нь 2019 онд Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох  Шинэ зуунмод хоттой хамт Майдар хотыг нэрлээд 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд Засгийн газар баталсан. Гэвч орчин үеийн  техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий  баригдах  Майдар хотын сураг алдраад удаж буй. Эрх баригчдын ярьж буй нь ганц   Шинэ зуунмод хот. 

Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ. 

Дагуул хотуудаа хэзээ баригдаж дуусах талаар салбарын сайд нь "Дагуул хотууд өнөө маргаашдаа, нэг жилийн дотор монгол гэр барьж, буулгаж байгаа юм шиг баригдчихгүй. Хөшигийн хөндийд байгуулагдах хотын ирээдүйн төвлөрлийг цогцоор авч үзэх ёстой. Газар доор маш олон ажил хийгдэж байж байшин босно. Яриад л маргааш нь байшин барьдаггүй. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил 10-15 жил зарцуулах ажил" гэх тайлбарыг өгсөн юм. 

 

Э.БУРАМ

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

18 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

21 цагийн өмнө