Сурвалжилга: Хөшигийн хөндий дэх МАН-ын мөрөөдөл

2022 оны 8 сарын 152022-08-15
Сурвалжилга: Хөшигийн хөндий дэх МАН-ын мөрөөдөл

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах талаар 2021 оноос эхлэн дуулдах болсон. Тэгвэл Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн Баасан гарагаас /2022.08.12/ эхлэв. Эхний ээлжид "Эс Энд эй трейд" ХХК ус  хангамжийн  шугам сүлжээний дэд бүтцийн ажлыг хийх бол "Баясал Төгс" ХХК цахилгаан хангамжийн  шугам сүлжээний ажлыг хийнэ. Дээрх хоёр компани  2023  оны аравдугаар сарын 30-н гэхэд ажлаа хийж дуусгах юм байна. 

Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. Тиймдээ ч  40 жилийн дараа хот байгуулах төлөвлөлтийг монголчууд анх удаа хийж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог. Тэр хэрээрээ ч хот төлөвлөхөд туршлага болон боловсон хүчин дутмаг байсан гэдгийг албаныхан нуугаагүй. ЗХУ-ын “ах” нар  монголчуудад цахилгаан станц, чихэр боовны үйлдвэр, аймгуудад сангийн аж ахуй барьж өгөхөөс эхлээд Дархан, Эрдэнэт хотын төлөвлөлтийг хүртэл хийсэн түүхтэй. 

Харин бид боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй өдийг хүрсэн нь энэ салбарынхны толгойны “өвчин” болжээ.

1.jpg

"Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс"-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх нээлт болсон газар нисэх буудлаас ердөө 2-3 км-ийн зайтай. Тэрхүү газар нь Хөшигийн хөндийн усны нөөц аж. Усны нөөцийн судалгаагаар энэ хавьд 150 мянган иргэн амьдрах боломжтой гэх дүгнэлт гарчээ.  Дээрх өрхүүд  шилжин суурьшсанаар , Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэх тооцоог мөн гаргасан байна.

Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн зургаан хагалбарын нэг болох Шархай ч мөн энд бий. Газар хөдлөлтийн хүч нь 8 балл гэх. Нэг баллын зөрөө үүсэхэд барилгын өртөгт 10 хувиар нөлөөлдөг гэнэ.

Тиймээс тооцоо, судалгаа маш чухал гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцлоод “Хот төлөвлөлтөд хамгийн чухал нь инженер, дэд бүтцийн бэлтгэл ажил. Үерийн даланг зайлуулах төлөвлөлт чухал. Эндэхийн зарим газар нь хөрсний устай. Хөрсний усыг зайлуулахын тулд уулын энгэр бүрээр үерийн далангуудыг зургийг хийсэн. Энэ нь 80 тэрбумын өртөгтэй.  Онгоцны буудал орчимд нуур тогтоож болохгүй. Учир нь усан дээр шувуу ирнэ. Шувуу,  онгоцтой мөргөлдөх эрсдэлтэй учраас  усыг хоёр тийшээ зайлуулж таарна. Энд ус дамжуулах гол шугам, салбар шугам, таван худаг, цэвэр усны шугам, усан сан барина. Худгаас гарсан усыг нацосоор соруулна. Уулын оройд усан сан барьж усан сангаасаа дахиад газрын уруу шугамаар урсгана. Эхний ээлжид  33 тэрбумаар усан хангамжийн эх үүсвэрийн дэд бүтцийн ажлыг хийнэ" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Иргэд газрын доорх ертөнцийн шийдлийг ойлгодоггүй.  Өнөө маргаашдаа, нэг жилийн дотор монгол гэр барьж, буулгаж байгаа юм шиг баригдчихгүй. Газрын доорх дэд бүтэц боссоны дараа барилга баригдана. Мэдээж хугацаа их шаардагдана. Хөшигийн хөндийд байгуулагдах хотын ирээдүйн төвлөрлийг цогцоор авч үзэх ёстой. 30 гаруй мянган хүн амтай хот байгуулахын тулд доод тал нь 15-20 жил бүтээн байгуулалт хийгдэнэ” гэдгийг онцлов.

Одоогоор дулаан хангамжийн асуудлыг шийдэх гарцыг хайж эхэлжээ.  Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Япончуудын барьж өгсөн уурын зуух дулаанаар хангаж байна. Тиймээс Хөшигийн хөндийд цахилгаан, дулааныг хослуулж гаргадаг цахилгаан станц барих шаардлага тулгарчээ. Цахилгаан станцууд ихэвчлэн гол, устай ойрхон байрладаг. Учир нь асар их гүний усыг сорж хөргөлт хийдэг гэнэ. Тэгэхээр эндэх усны нөөц хүрэх, хатуу түлш ашигладаг дулааны цахилгаан станц барьж чадах эсэх талаар судалгааны ажил эхэлсэн байна. 

Эдийн засгийн чөлөөт бүс ба КАЗИНО

Дарга нарын ярьж буйгаар 18 жилийн дараа буюу 2040 он гэхэд Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд  гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах зочид буудал, үйлчилгээний цогцолборууд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлалын төв, худалдаа, үйлчилгээний төвүүд, морин уралдаан, мэдээлэл технологийн кластер төв байгуулах, санхүү, бизнесийн төв, эрүүл мэндийн аялал жуулчлалын хэсэг байхаар төлөвлөж байгаа гэх.

Чөлөөт бүсийн орлого 2040 он гэхэд 9 их наяд 688 тэрбум төгрөг байхаар урьдчилан тооцоолжээ. 

4.jpg

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриандаа чөлөөт бүсэд казинотой болох талаар хөндөв. Монголд казино байгуулах  санаачилга анх 22 жилийн өмнөөс гарч байв. Өнгөрсөн хугацаанд  казинотой болох зургаан удаагийн санаачилга “анигдсан”. Хамгийн сүүлд 2020 онд Казиногийн хуулийг буцаасан байдаг. Харин энэ удаагийн парламент  ямар ч байсан Казиногийн хуулийг батлах бололтой. Урьдчилсан байдлаар Сангийн яамныхны тооцож буйгаар эхний жилд казиногоос 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзжээ.  

Өдгөө “Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 18 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 15 жил болж буй. Гэсэн ч тэнд  цөөн тооны худалдааны газар байгуулсныг эс тооцвол эдийн засгийн чөлөөт бүс бүрэн утгаар нь байгуулж чадаагүй л  явна.  Харин өнгөрсөн хугацаанд  таван удаа даргыг нь шинэчилжээ. "Энэ нь бодлогын тогтворой байдлыг хангахад сөргөөр нөлөөлж,  үйл ажиллагаа  явуулах боломж бүрдээгүй" гэж Шадар сайд С.Амарсайхан нэгэнтээ хэлж байсан.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн адил "Засаглалын хэт тогтворгүй байдлаас, бодлогын залгамж чанар алдагдсанаас, сонгуулиас сонгуулийн хооронд хоосон хүлээлт үүсгэсэн бодит биш амлалтуудаас үүдэж, монголчууд бид өнөөдөр 1 хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна" гэдгийг  тодотгов.

Мөрөөдлийн Шинэ Зуунмод хот

2vqoaNznnWa1B1qAqTHLMmB0QqUcVaa0RC5oiG2JSv8HCG2ucCDHD-time_mn.jpg

Хөшигийн хөндийн чөлөөт бүстэй зэрэгцэн  шинэ суурьшлын бүсийг зарласан нь  Шинэ Зуунмод хот. Тус хотод 55 мянган га газарт 155 мянган  хүн буюу 44 мянган өрх 2040 онд суурьшина. 

Шинэ Зуунмод хотыг байгуулснаар:

  • Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих,
  • Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, ажлын байрыг орон нутагт бий болгох,
  • Төрийн  үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, шинэ боловсон хүчин, туршлагыг түгээх, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх,
  •  Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж  эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацын үйлдвэрлэл, аялал жуулчлал,  худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх,
  • Үндэсний соёл, иргэншлийн өв уламжлалыг хадгалсан дэлхийн жишигт нийцсэн эрүүл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан ногоон, ухаалаг хот байхаар төлөвлөжээ. 

Өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндий орчмын 1900 га  газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. 3000 ААН-ийн газрын зөрчил байгаагаас 400-г нь хуулийн дагуу хүчингүй болгосон бөгөөд  гурван ААН энэ асуудлаар хуулийн байгууллагад ханджээ.

Энэ их газрыг хүчингүй болгож байгаагийн цаана асар их тэмцэл зөрчил явж байгааг ч салбарын сайд нь хэлэв.

Ямартай ч дэд бүтцийн ажил дууссаны дараа газрыг хувийн хэвшил дуудлага худалдаагаар зарж, боссон мөнгөөр дараагийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх аж. 

Эрх баригчдын  мөрөөдөл биелэх эсэхийг цаг хугацаа харуулах биз

8.jpg

Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ. Хөшигийн хөндийн нисэх буудлаа барих гэж долоон жил болсон. Одоо дагуул хотуудаа түүнээс ч олон жил барьж таарна. Тэгвэл Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ зуунмод хот байгуулах  эрх баригчдын  мөрөөдөл биелэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч барилгын ажлыг эхлүүлэх шавийг нь ийнхүү тавилаа.

Өнгөрсөн хугацаанд шаваа тавьж туузаа хайчилсан цөөнгүй бүтээн байгуулалтууд өнөөдөр сураггүй болжээ. Зарим бүтээн байгуулалт шиг цаасан дээрээ "өтөлдөг" жишгийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт битгий давтаасай. 

Э.СОСОРБУРАМ

 

 

 

 

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

19 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө