Андын бэлгэдэл алтан таван хошуу

1
2022 оны 8 сарын 152022-08-15
Андын бэлгэдэл алтан таван хошуу

Монгол түмний хамгийн том баяр цэнгэл-баяр наадмыг угтан уламжлалын дагуу "Төрийн далбааны өдөр"-ийг зохион байгуулж, хуулийн дагуу цэргийн ёслолын жагсаал хийлээ. Энэ ёслолын жагсаалын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчин зэвсэглэл, техникээ нийтэд харуулсан нь өмнөх жилүүдээс онцгой байснаас гадна сайд нь дэслэгч генерал цолтой, цэргийн хувцастай ирсэн нь содон байлаа. Энэ содон тохиолдол батлан хамгаалах салбарынханд юу юунаас сонин санагдсан нь дамжиггүй.

Монгол Улс ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн замаар дагнаад 30 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд Засгийн газар солигдох тутамд Батлан хамгаалахын сайд солигдож байсан нь ойлгомжтой. 1990 оноос хойш Батлан хамгаалах салбарыг толгойлсон гарын хуруунд багтамгүй хүмүүсийн дотор цэргийн угшилтай хүн хэдхэн байсан. Эдгээрийн дунд сансрын нисгэгч ч, Жанжин штабын дарга асан ч, бэлтгэл офицерууд ч байсан.

Гэхдээ тэдгээрийн хэн нь ч сайд байх хугацаандаа цол нэмж байсангүй. Гэтэл бригадын генерал Г.Сайханбаяр наадмын өмнөхөн цол нэмж, нэмэх нэмэхдээ цол алгасан 2 алтан таван хошуу нэмж дэслэгч генерал болов.

Мөн чанартаа Батлан хамгаалын сайд гэдэг нь улс төрийн албан тушаал бөгөөд энэ албан тушаалыг хашиж буй хүн цэргийн цолгүй, "энгийн" хүн байх нь бүхий л ардчилсан улсад баримталдаг зарчим. Харин "цэргийн цол нь цэргийн албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл" гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журамд тусгасан нь бий. Цэргийн дээд цол буюу генерал цолыг олгох нь өнгөц харахад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал мэт боловч Ерөнхийлөгч энэ цолыг баруун солгойгүй, найз нөхөддөө тараах ёсгүй.

Улсын наадамд 3 давсан хүнд Ерөнхийлөгч үзэмжээрээ начин цол өгч болохгүйтэй нэгэн адилаар хууль тогтоомжийн дагуу бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал албан цол бүхий албан тушаал дээр ажиллаж байгаа хүнд л зохих цолыг нь олгох ёстой.

Гэтэл Батлан хамгаалахын сайд хэмээх улс төрийн албан тушаалтанд цол нэмж байгааг Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буй үйлдэл ч гэж үзэж болох талтай.

Монгол Улсад өнөөгийн байдлаар дэслэгч генерал цол бүхий цор ганц албан тушаал байгаа нь ЗХЖШ-ын дарга. Өнгөрсөн 30 жилд энэ албан тушаалыг хашсан мөртлөө 3 дахь алтан таван хошуугаа зүүж чадаагүй хүн байдаг ч энэ албан тушаалд огт томилогдоогүй атлаа Монгол Улсын цэргийн оргил цолонд хүрсэн хүн байсангүй.

Г.Сайханбаяр гэх хүнийг мэргэжлийн сайд гэдгийг бүгдээр мэднэ. Батлан хамгаалах яаманд ч 20 жил удирдах алба хашсан тул мэргэжлийн, салбараа мэддэг сайд хүсдэг олны хувьд сайдын албыг хаших эрхтэй хүн. Гэхдээ Батлан хамгаалахын сайд батлан хамгаалах салбарыг толгойлдогоос биш Зэвсэгт хүчнийг толгойлдоггүй. Цэргийн ангиудад хүний алтан амь эрсдэхээс эхлээд хэрэг зөрчил гарах бүрт үе үеийн Батлан хамгаалахын сайд нар өөрийгөө улс төрийн албан тушаалтан, цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах байгууллага нь ЗХЖШ гэх тайлбар хэлж, хариуцлагыг ЗХЖШ руу түлхдэг. Гэтэл Батлан хамгаалахын сайд нь хуулийн дагуу гагцxүү ЗХЖШ-ын даргын зүүх ёстой цолыг нь зүүж ялыг нь үүрдэггүй ч ямбыг нь эдлэхээр шийджээ.

292437655_444343404364025_6643694375389767081_n.jpg
Г.Сайханбаярын фэйсбүүк хуудаснаас татав.

Энэ бол хувь хүний, хувь хүмүүсийн тухай асуудал огт биш. Ер нь ч цэргийн дээд цолыг үзэмжээр олгож буй анхны тохиолдол нь энэ биш. Өмнөх Ерөнхийлөгчийн үед ч Ковидын үед байнга мэдээлэл хийж олны танил болсон, дотооддоо халдвар алдвал хариуцлага хүлээнэ гэж ам гарсан ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр, удам дамжсан генерал ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинсүрэн тэргүүтэй хүмүүс албан тушаалын зэрэглэлгүй ч генерал цол хүртсэн. Генерал цолыг УИX-ын сонгуульд дэвшихдээ чимэг болгохын тулд албан тушаалын зэрэглэл нь хүрэхгүй ч генерал цол зүүгээд хэдхэн хоноод ажлаа өгсөн М.Энх-Амарыг ч, яагаад нь мэдэгдэхгүй хошууч генерал цол хүртсэн Л.Гансэлэмийг ч энд дурдаж болно.

Болзол хангасан, тодорхой албан тушаал дээр ажиллаж буй цөөн хүнд цэргийн дээд цол олгох үзэгдэл хавтгайрч, назгайрсаар улс төрийн албан тушаалтанд олгодог болж буй нь харамсалтай.

Г.Сайханбаяр гэх хүн Батлан хамгаалах яаманд олон жил удирдах алба хашсан гэдгээсээ гадна өнөөгийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий коммандлагч У.Хүрэлсүхийн "сайн найз, ангийн залуу" гэдгээрээ олонд танигдсан. Түүний албан тушаал ахисан үйл явц нь ангийн залуугийнхаа албан тушаал ахисантай нь зэрэгцээ хамааралтай байдаг. Харин анд найз нь цэргийн дээд цол олгох бүрэн эрхийг гартаа оруулмагцаа нэг биш хоёр алтан таван хошуугаар шагнаж, дахин нэг удаа анд барилцав уу даа.

Д.Ганзориг

 

Санал болгох

DMNN пэйжийн эзэн Д.Дашням Ерөнхий сайдын зөвлөх болжээ

“Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ-ын тэргүүн, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ-ын тэргүүн, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ-ын тэргүүн, Ногоон аврал сангийн тэргүүн, “Үнэний ташуур” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг харагдаж байна. “Үнэний ташуур” ТББ нь мэдээллийн сайт ажиллуулдаг бол Д.Дашнямын өөрийнх нь захирлаар ажилладаг Юнайтед продакшн ХХК, Маршал гардианс эжэнси ХХК дүрс бичлэгийн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлжээ.

1 сарын өмнө
Андын бэлгэдэл алтан таван хошуу

Генерал цолыг УИX-ын сонгуульд дэвшихдээ чимэг болгохын тулд албан тушаалын зэрэглэл нь хүрэхгүй ч генерал цол зүүгээд хэдхэн хоноод ажлаа өгсөн М.Энх-Амарыг ч, яагаад нь мэдэгдэхгүй хошууч генерал цол хүртсэн Л.Гансэлэмийг ч энд дурдаж болно.

1 сарын өмнө
Ерөнхий прокурорыг улстөрчөөр сольж болох хууль санаачилжээ

Эрдэнэт үйлдвэрийн захирал, АН-ын дарга байсан Д.Дорлигжавыг тэр жил Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокуророор томилж байв. Нэгдмэл босоо тогтолцоотой прокурорын байгууллагын Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэв дээр улстөрч томилсон энэ асуудал шүүх засаглалд нүүрлэсэн хямрал гэж хуульчид хэлдэг.

4 сарын өмнө
Худлаа хэлсэн бол эрүүгийн ял тулгах хууль санаачилжээ

Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсгээс “илт” гэдэг үгийг хасах гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, таны нийгмийн сүлжээний бичсэн сэтгэгдэл, жиргээ, хурал, зөвлөгөөн дээр хэлсэн үг, групп чат, олны дунд хэлсэн үг нотлогдохгүй, худлаа байвал та ялтан болно. “Илт худал” буюу оргүй худлаа байх албагүй. Давсалсан, хачирласан, хүч нэмсэн, эмоци орсон үгэндээ та ороогдож шоронгийн хаалга татах нь ээ. Хүн бүр үгээ цэнэдэг, чин үнэнээ гэрчлэн мэдүүлдэг, хатуу үг нэгэндээ хэлдэггүй, шүүмжлэлээс тас ангид нийгэм рүү Х.Нямбаатар сайд биднийг чирэх гэж байна. За тэр пранкчид бол баяртай болох нь.

4 сарын өмнө