З.Мэндсайхан: Баруун таван аймагт зуд болох эрсдэл өндөр

2022 оны 8 сарын 152022-08-15
З.Мэндсайхан: Баруун таван аймагт зуд болох эрсдэл өндөр

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар холбогдох байгууллагууд  хуралдаж байна. 

----------------------------------------

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: 

-Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сус, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Дээрх аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоосон. Өнгөрсөн тавдугаар сард улсын хэмжээнд шүлхий өвнөөс сэргийлэх дархлаажуулалт хийсэн. Нийт 5 сая 20 мянган үхэр мөн гахай, цаа бугыг бүрэн дархлаажуулж халдварыг хумьсан. Гэвч энэ гаргасан үр дүнгээ бид алдаж болохгүй. Энэ нь зөвхөн мал эмнэлгийн үүрэг биш. Хаа, хаанаа хамтарч ажиллах шаардлагатай. Хэдийгээр халдвар харьцангуй хумигдсан ч гэсэн отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор буцаад дэгдэх магдадлал өндөр.

Ялангуяа энэ жилийн хувьд баруун таван аймгийн хувьд өвөлжилт хүндрэхээр буюу зудын эрсдэл болох магадлалтай. Хамтарсан байгууллагууд зудын эрсдэлийн үнэлгээ хийнэ. 

Зуншлага муу байгаа таван аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх,  бэлчээрийн даацаас хэтэрсэн тарга муу малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгой анхаарах шаардлагатай. Шаардлагатай бол яамнаас дээрх аймгуудад мал, махны экспортод зориулж  тусгайлсан бодлогын квот олгох боломжтой. Энэ жил цар тахлаас шалтгаалж экспортод тэжээл гараагүй учраас гурил болон тэжээлийн үйлдвэрүүдэд нөөц хангалттай байна. Аймгуудын удирдлагууд дотоодын үндэсний үйлдвэрүүдтэй тэжээл бэлтгэхдээ хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Үүн дээр санаачлагатай ажиллахгүй бол өвс, тэжээлийн үнэ өсдөг жишиг бий шүү. Хадлангийн даац нутгуудад энэ жил ургацийн гарц сайн байна.

Ховд аймагт эрсдэл маш өндөр

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

вөлжилт хүндэрч болзошгүй нийт 11 аймагт гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийсэн. Одоогоор 10 аймгийн эрсдэлийн үнэлгээ гарсан. Баян-Өлгий аймаг дээр эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна. Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн. Ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймагт эрсдэл маш өндөр, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд их эрсдэлтэй. Архангай, Говь-Алтай, Увс аймгууд дунд эрсдэлтэй гарсан. Дээрх 10 аймгууд эрсдэлийн үнэлгээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд дунджаас доогуур үнэлгээтэй гарсан. Тиймээс зудын эрсдэлийн үнэлгээг хийхээр болсон. 

Засгийн газрын нөөц сангаас  хөрөнгө, мөнгө гаргахгүй

Шадар сайд С.Амарсайхан:

-Өнгөрсөн өвлийг өнтэй сайхан давсан ч энэ жилийн зуншлагын нөхцөл байдлаас харахад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. 9-10 сард цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээллээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж эрт хүйтэрнэ гэдгийг анхааруулсан. Үүнийг 21 аймгийн удирдлагууд онцгой анхаарч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаарай. Дараах албан даалгавруудыг өгч байна. Нэн тэргүүнд аймгийн хэмжээнд аймаг, сумын удирдлагууд зохион байгуулалтад орж нийслэлийн иргэдийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах.

Ямар нэгэн ченж дамжсан, үнийн хөөрөгдлийг  багасгах тал дээр харьяа яамтай хамтарч ажилла. 

Улаанбаатар хотын ойролцоо байгаа мах боловсруулах үйлдвэр, бөөний худалдааны төвүүд зохион байгуулалтаа улам сайжруулж махыг хамгийн хямд, чанартайгаар нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Хоёрдугаарт экспортыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс шаардлага хангасан боловсруулалт хийгдсэн мах, махан бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулна. 

Гуравдугаарт аймаг, сумдын аюулгүй нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, зуншлага тааруу байгаа аймгууд бусад аймгаас өвс, тэжээл худалдан авч хамтарч ажиллах шаардлагатай. Ялангуяа дээр дурдсан 10 аймгууд сүүлийн гурван жил өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийг 50-иас доош хувьтай биелүүлж ирсэн учраас эртнээс анхаараарай.

Аймгуудын аюулгүйн нөөц бүрдүүлэлтэд Засгийн газрын нөөц сангаас   хөрөнгө гаргах боломжгүй. 

Малын зүй бус хорогдол, гоц халдварт өвчнөөс шалтгаалан хорогдсон мал, амьтны нөхөн олговрийг Засгийн газраас олгох тухай саналыг зарим аймгуудаас тавьсан. Энэ боломжгүй. Малчид малаа даатгуулах, малаа эрүүл байлгах, вакцинд хамруулах үүрэгтэй. Бүх зардлыг Засгийн газар даах боломжгүй. Зуншлага сайтай аймаг сумдын нутагт малчдыг бүлэг болгон хадлан, тэжээл бэлтгэхэд нь тусалж, дэмжих. Хадлангийн талбайг оновчтой байлгах, зохистой ашиглах, хадлангийн талбайгүй аймагт хадлангийн талбай ашиглуулах шаардлагатай. 

 

Э.БУРАМ

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

19 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө