Хятадын хилийн хориг, Орос, Украины дайны хямрал Монгол Улсын эдийн засагт хүчтэй өвдөлтийг мэдрүүлж буй. Тээвэр ложистикийн гацаа, үнийн өсөлт, валютын хомсдол зэрэг нь цусны эргэлт зогсоход хүрч байгаа нь нууц биш. Энэ жил монголчуудын хувьд урд хормойгоо хойд хормойгоор ч нөхөж чадахааргүй хүнд сорилт хүлээлж байгааг эдийн засагчид сануулсаар. Цар тахлын дараах эдийн засгийн хямрал ойрын 2-3 жил үргэлжлэх төлөвтэй байгааг “Монголын эдийн засаг боломж ба сорилт” хэлэлцүүлэг дээр онцолсон. Гол нь эрх баригчид тооцоо судалгаатай шийдвэр гаргахыг эдийн засагчид дахин санууллаа.
------------------------------------
МОНГОЛ УЛС ЭРСДЭЛТЭЙ ҮЕД БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Эдийн засагч, судлаач Б.МӨНХСОЁЛ:

-Дэлхий нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэж байна. Зөвхөн Монгол Улс гэлтгүй олон улсад төсөөлшгүй зүйлс тулгарч байгаа нь ирээдүйд ч эдийн засгийн эрсдэл гарах өндөр магадлалтай. “Монголын эдийн засаг боломж ба сорилт” хэлэлцүүлгээр Covid-19-ийн нөлөө,эдийн засагт үзүүлэх нөлөөг хэлэлцлээ. Цар тахлын дараах эдийн засгийн хямрал ойрын 2-3 жилд үргэлжлэх бололтой. Олон улсын түвшинд эдийн засгийн төсөөлөл, таамгийг тооцоолдог Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага эдийн засаг сэргэнэ гэсэн анхны эерэг төсөөллүүдээ бууруулсан. Монголбанк ч мөн ялгаагүй.
Хятад, Оросын дунд байрлалтай, далайд гарцгүй геополиткийн хувьд гуравдагч хөршийн бодлого зангиддаг Монгол Улсын хувьд маш ухаалаг, уян хатан байх шаардлагатай.
Иймд статистик, датан дээр ажилладаг туршлагатай эдийн засагч, судлаач, бизнесийнхэнтэй хамтарч ур чадварыг нь ашиглах хэрэгтэй.
Яагаад гэвэл, зарим тохиолдолд хүмүүс хэлдэг, эрсдэл их тусам нөгөө талд боломж илүү бий болдог. Тэгэхээр хоёр улсын зах зээлийн эрсдэл хэрэгцээг нарийн сайн судалж гол экспортын бараа бүтээгдэхүүний асуудлыг шийдэх, давхар банк санхүүгийн системд ажиллах шаардлагатай. Гэтэл хилийн хориг, тээвэр ложистикийн асуудлаас үүдэн эрсдэлтэй үед бид боломжуудаа ашиглаж чадахгүй байна.
Монгол Улс тээвэр ложистикийн асуудлаа шийдэж чадаагүй нь экспорт, импорт буурсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Улмаар жижиг дунд үйлдвэрийн бизнес гацаанд орж хүн амын орлого царцсан, өсөлтгүй байдалтай байна.Тиймээс төр засгийн түвшинд маш хурдтай бөгөөд өдөр тутамд анализ хийсэн шийдэмгий байдал чухал. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрсдэл гарахыг мэдэж байгаа бол маш хурдан чанартай хариу үйлдэл гаргах ёстой.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ БОЛОВСРОЛЫН ӨГӨӨЖ БУУРЧ БАЙГАА НЬ МАШ ТОМ АЮУЛ
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор эдийн засагч Б.ЭРДЭНЭБАТ:

-“Монголын эдийн засаг боломж ба сорилт” хэлэлцүүлэг дээр судалгааны ажлуудаас дурдагдаж буй нэг асуулт нь уул уурхайн салбарын Монгол Улсын эдийн засаг нийгэмд үзүүлж буй нөлөө. Энэ талаар доктор Б.Алтанцэцэг илтгэлд “уул уурхайн бүс нутагт боловсролын өгөөж буурч байна” гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс харахад боловсролын өгөөж буурснаар бидний хувьд маш том аюулын дохио юм.
Бидний хувьд түүхий эдийн бүтээгдэхүүнд түшиглэх бус мэдлэгт тулгуурлаж, уул уурхайн салбарын давуу тал дээр үндэслэсэн эдийн засагтай болохын тулд одооноос арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Улсын эдийн засаг нь уул уурхайд түшиглэсэн, энэ салбарын гүйцэтгэх үүрэг нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Гэтэл бид экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсээ дэлхийн жишиг үнээр борлуулж чадахгүй байна. Албан ёсны статистикт түүхий эдийн үнийг хөрөнгийн бирж дэх жишиг үнээр тооцож бүртгэдэг. Энэ нь нэлээн өндөр дүнтэй. Гэтэл уул уурхайн салбарт нүүрс экспортолж буй компаниудын тухайд урт хугацааны гэрээтэй, урьдчилж тохирсон үнээр нүүрсээ зардаг. Тэгэхээр тохиролцсон үнэ болон жишиг үнийн хооронд асар зөрүү гарч байгаа юм.
Статистик мэдээллээс харахад бид экспортоос асар их орлого олж байгаа юм шиг. Бодит байдал дээр маш бага орлого орж байгаа юм.
Товчхондоо жишиг үнэ, хилээр гарч буй нүүрсний үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй ийм байдал цаашид гаарах төлөвтэй байна.Энэ нь маш том сорилт болох нь.
ТӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ЧАНАРЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
NRCC буюу Үндэсний судалгаа зөвлөгөөний гүйцэтгэх захирал Эдийн засагч Б.АЛТАНЦЭЦЭГ:

-“Монголын эдийн засаг боломж ба сорилт” хэлэлцүүлэг дээр судлаачид илтгэлээрээ чухал асуудлуудыг хөндөж байна. Макро түвшинд бодлогын ямар асуудал тулгарч байгааг хэлэлцлээ. Мөнгөний бодлого, тэтгэврийн тогтолцоонд тулгамдаж буй асуудал, эдийн засгийн төлөв байдал ойрын ирээдүйн дүр зураг гэх зэрэг олон асуудлыг хөндсөн. Эдгээр нь манай улсын эдийн засагт ямар сорилтууд тулгарч байгааг хэлж байна.
Тухайлбал, макро түвшинд эдийн засгийн нөхцөл байдлыг харвал өндөр инфляци бодлогын түвшинд нэлээн том сорилт болж байна.
Мөн нийгмийн даатгалын системд өөрчлөлт хийхгүй бол алдагдал хүлээж цаашид нэмэгдэх нь том бэрхшээл бидний өмнө тулгарч байна.
Гэх мэтчилэн сорилтууд тулгарч байгаа. Шийдэх арга замын тухайд, “Монголын эдийн засаг боломж ба сорилт” хэлэлцүүлэгт оролцож байгаагийн хувьд эдийн засгийн сорилтуудаас гарах чухал арга зам нь судалгаа гэж харж байна.
Судлаачдын бүх илтгэлүүдээс асуудлыг шийдэхдээ тооцоо судалгаатай, нотолгоотой хандах ёстой. Бодлогын хувьд улс төрийн шийдвэрээр бус макро эдийн засгийн чухал шийдвэрүүдийг эдийн засагт хийж буй тооцоо судалгаанаас гарч байх ёстой гэх асуудлыг судлаачид хөндөж байна.
Иймд төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг чанаржуулах шаардлагатай. Магадгүй өнөөдөр гарч буй шийдвэрүүдийн дийлэнх нь судалгаанд тулгуурлаж байгаа ч судалгааны аргачлал дутмаг бол үр дүн нь эргэлзээтэй гэсэн үг.
Тэгэхээр мэргэжлийн хүмүүс судалгаагаараа хоорондоо маргаан өрнүүлэх хэрэгтэй гэж харагдаж байна. Үүнээс харвал “Монголын эдийн засаг боломж ба сорилт” чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.
Судлаачдын байр суурийг харахад Монгол Улс эдийн засгийн сорилтуудыг даван туулахын тулд РЕФОРМ хийх цаг нь болсныг харуулж байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ