Тусгай албад Ц.Хулан байтугайг ч сэнхрүүлэх боломжтой

4
2023 оны 1 сарын 252023-01-25
Тусгай албад Ц.Хулан байтугайг ч сэнхрүүлэх боломжтой

Тагнуулынхан яруу найрагч, СГЗ Ц.Хуланг саатуулж, цаашид 30 хоног цагдан хорих санал гаргасныг прокурор, шүүх дэмжив. Түүнийг “гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” байж болзошгүй гэж шалгаж байгаа аж. Харин үйлдэл нь төрийн нууцтай холбоогүй гэх юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 19.4.1-т заасан гэмт хэргийн хагасаар нь л буруутгаж эхэлж. Тэгэхээр Ц.Хулан бол төрийн нууц мэдээлэл олж аваагүй, тэрийгээ гаднынханд өгөөгүй л гэсэн үг. Харин тагнуулынхны цуглуулсан сэжиг, таамаг түүний эрхийг хязгаарлах, нийгмээс тусгаарлах, бусад хүнтэй харилцахыг зогсоох хэмжээнд байжээ гэж дүгнэж болохоор.

Яруу найрагч Ц.Хулан бол одоогоор “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан” биш. Тэр өмнөх Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж БЗД-т өрсөлдсөн. Энэ үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг илэрхий шүүмжлэн ярилцлага өгч, ЕТГ-ын дарга З.Энхболдын дэвшсэн тойрогт өөртэй нь өрсөлдсөнийг үзвэл аль алинтай нь зам салсан байсан гэж дүгнэж болно. Ямар ч байсан Ц.Хулан бол зүтгэж яваа урлагтаа од болон гялалзаж, бүтээлээрээ чансаагаа харуулчихсан, олны танил хүн. Хуулийн хэллэгээр бол “иргэн”.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, 1994 он, 2010 оны Болор цомын эзэн түүний өөрийнх нь босгосон танилын хүрээ өргөн. Дөнгөтийн Цоодолын охин гээд ярихад улам өргөжинө. Монголын бизнес, улс төр, урлаг соёлын салбарт танигдсан алдартан. Ийм хэмжээний танилтай, үгээрээ нийгэмд нөлөөлөх чадвартай, урлаг, улс төрийн сэдвээр яриа дэлгэх, харилцаа өрнүүлэх чадамжтай монгол хүн бол манай улсын дотоод хэргийг сонирхож яваа гаднынханд бол олз. Ц.Хулан гэлтгүй нөлөөтэй, хөдөлгөөнтэй хүмүүсийг гаднынхан онилж л байгаа. Яаж танилцах вэ, яаж итгэлийг нь олох вэ, аль цэг дээр нь дарвал хамтарч ажиллаж элсүүлэх вэ гэдгийг тооцож, тасралтгүй оролдлого хийж байгаа. Улсынхаа ашиг сонирхлыг урагшлуулахын тулд мэдээллийг олон төрлийн аргаар цуглуулах, түүндээ дүн шинжилгээ хийж, үр дүнг нь шийдвэр гаргахдаа ашиглах нь аль ч улсын тагнуулын үүрэг. Энх цагт мэдээллийн төлөө өрсөлдөж байгаа орнууд энэ цагт илүү их мэдээлэл олохоор тагнуулаа ажиллуулж байгаа байлгүй.

Ямар тагнуул духан дээрээ “би тагнуул” гэж бичсэн байх билээ. Ц.Хулангийн итгэлийг олохын тулд яаж амлаж, хуурч, сэнхрүүлсэн юм билээ, бид мэдэхгүй. Уран бүтээлийг нь санхүүжүүлье, төсөл хөтөлбөрт нь тусалъя, эрдэм шинжилгээний ажил хамтарч хийе, гадаадад урьж уран бүтээлийг нь хүргэе гэсэн юм уу, таашгүй. Тэр хүн тагнуул гэдгийг нь мэдсэн, мэдээгүй эсэхийг ч бид мэдэхгүй. Элчингийн ажилтан, орчуулагч, хөрөнгө оруулагч, утга уянгад дурлагч, номын хорхойтон, шашны зүтгэлтэн хэний дүрээр уулзсан, уулзаагүйг ч таахад бэрх.

Мэдэж байгаа зүйл гэвэл, манай улсад гадаадын тусгай албадын зүгээс хэрэгжүүлж байгаа арга ажиллагаа ихэсч байна. Иргэний хөдөлгөөнүүд, ТББ-уудыг гаднынхан санхүүжүүлж шийдвэр гаргалтад нөлөөлж байна, төрийн үйл ажиллагаа, сонгуульд гаднынхан оролцож байна, жагсаалыг гаднынхан санхүүжүүлж байна, тэд Монголын хууль эрх зүйг шинэчлэх, өөрчлөх асуудалд анхаарч байна гэдэг бол нөлөө. Ардчилсан хувьсгалд зүтгэсэн Баасан ламын эхнэр, охин Хятадын тагнуултай, тэмцэгч Ч.Мөнхбаяр Энэтхэгийн тагнуултай хамтарч ажилласан болохыг тогтоочихлоо. Хэдхэн жилийн өмнө гадны тусгай албад УИХ-ын гишүүний зөвлөх, ҮАБЗ-ийн ажилтан, ЭЦГ, ТЕГ, Элчин сайдын яамны ажилтныг элсүүлдэг байсан. Сүүлийн хэдэн жишээнээс харахад тэдэнд заавал төрийн албаны хүнийг онилох шаардлага алга. Нийслэлийн прокурорын газраас үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Дахиад гурван хэрэг шалгагдаж байгааг прокурорууд саяхан мэдээлсэн.

Гаднын тагнуул гэдгийг мэдсэн тохиолдолд иргэн энэ тухайгаа илчилбэл хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт байдгийг хүмүүс мэддэггүй. Амьдрал баян учраас хүн өөрөө ч таньж мэдэхгүйгээр гаднынханд ашиглагдах тохиолдол байна. Тэгж хууртаж яваад, эсвэл мэдэж хамтраад эцэстээ ял зэмд унах нь бий. Нөлөөнд автахгүй байх тэр дархлаагаа иргэн өөрөө өөртөө бий болгох ёстой байдаг. Иргэдээ энэ төрлийн гэмт хэргийн оролцогч болгохгүйн тулд, хамгаалахын тулд төр бас ажлаа хийх, дархлаа суулгах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Энэ чиг үүргээ орхигдуулснаас өнөөдөр сөрөх тусгай ажиллагааны тухай мэдээлэл цагдан хорих байгууллагаас хэвлэлд очиж, далд байх ёстой мэдээллийг дотоод хэргийн сайд нь хэвлэлд ярьж байна. Энэ бол ул мөрөө устгах, баллах, нуугдах давуу боломжийг гаднынханд олгох эрсдэл. Нэг хүнийг саатуулах үед нэг Элчин сайд нутаг буцаж ч таарч байна.

Г.Улсболд

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

17 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө