Хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа өнөөдөр МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хархүүгийн Мандахбаяртай холбоотой асуудлаар олон нийтэд хандлаа. Х.Мандахбаяр нь УИХ-ын даргын зөвлөх бөгөөд Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг юм. Г.Балжмаа нь МСНЭ-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тавьсан 600 сая төгрөгийн торгууль, шийтгэлийг хүчингүй болгуулсан туршлагатай өмгөөлөгч.
Тэрээр, “Х.Мандахбаяр гэдэг хүн санал тавьсны дагуу би 2018 оны гуравдугаар сарын 1-нд хамтран ажиллах гэрээ байгуулан МСНЭ-д өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.
Миний зүгээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, Зөрчлийн тухай хуулиас гүтгэх заалтыг хасуулах чиглэлээр ажиллах үүрэг хүлээсэн. Харин Х.Мандахбаярын зүгээс гэрээний дагуу миний магистрын төлбөрийг төлнө, хоёр өрөө байр өгнө, нэг сарын цалинг 1.5 сая төгрөгөөс дээш бодож өгнө гэсэн үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх хүсэлтийг би удаа дараа тавьж байсан. Х.Мандахбаярын зүгээс “Боломжгүй байна. Намайг ойлгооч” гэж хойшлуулсаар өдийг хүрсэн тул би 2022 оны арванхоёрдугаар сараар гэрээгээ дуусгавар болгох саналыг тавьсан.
Би Оранж плаза гэдэг оффисын 4 давхарт ажлын байр түрээсэлдэг. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 9-нд гэрээний үүргээс болж маргасан. Гэтэл Х.Мандахбаярын Эрхэт Монгол группийн хүмүүс шөнө оройгоор хаалга тогшиж, өрөөгөө суллаж өг гэсэн. Ингээд би хөөгдөөд гарлаа. Аюулгүй байдлаа бодоод гэртээ харилгүй Төв аймагт хоночихоод дөнгөж сая Улаанбаатарт ирлээ. Би энэ хүнд 4-5 жил хууртагдаж, хүлээж цаг хугацаа, боломжоо алдсан байна. Би өмгөөлөгч хүн байж өнөөдөр өөрөө хохирчихсон сууж байна. Би сайн ажилласан гэж дүгнэдэг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад тавьсан 600 сая төгрөгийн торгууль, шийтгэлийг хүчингүй болгуулсан. Гэрээний үүрэг гэдэг зүйлийг улс төрд нөлөө бүхий хүмүүс, олны танил хүмүүс, бизнесийн хүмүүс юу гэж ойлгодог юм. Энэ бол дуртай үедээ өөрчилдөг, биелүүлдэггүй зүйл биш. Ажлын байрны дарамт гэдэг зүйл аль ч салбарт яригдсаар байдаг. Гоё сайхан амлалтад итгэж, цаг хугацаа, боломжоо битгий алдаасай гэж би надтай адилхан залуучуудад хандан хэлж байна. Эрхэт Монгол группэд ажиллая гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд Х.Мандахбаяр гэдэг хүн бол үнэхээр худалч. Ерөөсөө амлалтандаа хүрдэггүй. Маш олон төслүүдийг зэрэг гүйцэтгэж байгаа. Тэдгээр төслийг хамтран гүйцэтгэж байгаа компаниудын захирлуудад бас би хэлмээр байна. Тэр хүмүүс гэрээний үүргээ хангуулж чадаж байгаа юу гэдгийг асууж үзээрэй.
Олны танил хүмүүс байр, машин, урьдчилгаагаар шагнуулдаг гэдэг. Тэр хүмүүсийн гарт очдог уу, амласнаа биелүүлдэг үү гэдгийг хараарай. Зарим хүнд өгсөн. Зарим хүнд өгөөгүй, амласнаа биелүүлээгүй гэдгийг өөрсдөө ярьдаг.
Би маргасан ч гэсэн АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэр дотор Х.Мандахбаярын нэр дурдагдахад өөрийнх нь хүсэлтээр хүн чанар гаргаад өмгөөлөгчийн ажлаараа тусалсан. Гэтэл тэр хүн өмгөөлөгч надад мэдэгдэлгүй дур мэдэн баримт гаргаж цаашаа өгсөн, өмгөөлөх үйл ажиллагааг өөрөө удирдаж явуулах санал тавьж байсан учраас би татгалзсан байгаа. Энэ хүртэл би Х.Мандахбаярын хувь, хувьсгалын ажилд биш МСНЭ-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан” гэв.