УИХ-ын намрын ээлжит чуулганаар баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэв. Тус хуулийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавихыг хүслээ.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл уг хууль нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тэд дараах байр суурийг илэрхийлэв.
“Глоб интернэншл” ТББ-ын тэргүүн Х.Нарангэрэл:
- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 48 цагийн дотор яаралтай баталж байгаа нь иргэдийн оролцоотой зарчимтай зөрчилдөж байна. Энэ тухай 50 гаруй иргэний нийгмийн эвслээс мэдэгэл гаргасан. Харамсалтай нь хууль батлагдлаа. Одоо ганц боломж нь энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих. Энэ тухай хүсэлтээ бид явуулсан. Өнөөдөр хориг тавих эцсийн өдөр тул Ерөнхийлөгчийг хориг тавих байх гэж найдаж байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь хүний эрхийг хамгаалах биш эсрэгээрээ зөрчих агуулгатай хууль батлагдсанд бид харамсаж байна. Яагаад гэвэл, энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан мэдээлэл хайх, түгээх зүйл заалтуудад харш. Үзэл бодлоо илэрхийлэх иргэн бүхний тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагад цагдан хяналт тавьж байгаа нь сөрөг. Энэ утгаараа аливаа мэдээллийг хүлээж авах түгээхэд эрсдэлтэй.
Б.ЦЭЦЭГ