Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах сонсгол үргэлжилнэ. Хоёр дахь сонсгол ирэх даваа гарагаас эхэлж буй. Сонсголыг ажлын гурван өдөр зохион байгуулах боломжтой гэж УИХ-ын хянан шалгах түр хорооноос үзжээ. Тус хорооны дарга Б.Энхбаярын мэдээлснээр хоёр дахь удаагийн сонсголоор гурван асуудал хэлэлцэх нь. Тодруулбал,
- Нэгдүгээрт, Монгол Улсын Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн байдал, эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, үр дүн. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудах юм байна.
- Монгол Улсын Хөгжлийн банкны охин компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Нийт 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн. Урьдчилсан дүгнэлтээр, нэмж асуух шаардлагатай, эргэн төлөлт хангалтгүй гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой хэлцэлд 35 гэрч оролцно.
- Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсно. Үүнээс тодруулах шаардлагатай 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажил үргэлжилж байна. Нэмж дуудах шаардлага үүснэ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон шинэ төмөр зам төслийн хүрээнд олон хүн дуудагдах төлөвтэй байгаа аж.
Хэрэв гэрчээр оролцохгүй бол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу гэрч урьдчилан мэдүүлэг өгөх, санаатайгаар зайлсхийсэн бол хариуцлага хүлээх тухай гарын үсэг зурна. Хуулийн дагуу албан тушаалтныг Зөрчлийн хуулиар ажлаас халах тухай хүртэл чөлөөлнө. Иргэнийг 300 нэгж хүртэл төгрөгөөр торгоно. Түр хорооноос гэрчүүд санаатайгаар оролцохгүй бол зарлаж захиргааны арга хэмжээ авах, албан тушаалтнуудад албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүртэл хариуцлага тооцох нь.
ГЭРЧЭЭР ОРОЛЦОХГҮЙ ЗУГТААД БАЙВАЛ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА АНХААРАЛДАА АВАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
-Ер нь гэрчээр оролцохгүй зугтна гэдэг нь өөрөө асуудалтай байна гэсэн үг. Тиймээс хуулийн байгууллага анхааралдаа авах шаардлагатай л гэсэн үг. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа үед хэргийн үйл явцын талаар шалгаж буй талууд урьдчилсан дүгнэлт гаргадаггүй. Асуулга хэлбэрээр тухайн этгээдүүд тайлбараа хийдэг. Бидний дүгнэлт гурав дахь сонсгол гуравдугаар сарын 13-17-ны хооронд болж дууссаны дараа УИХ-д танилцуулна.
Бид сонсголын явцад асуудлыг тал бүрээс тодруулж зарим тохиолдолд илчилж, зарим тохиолдолд хуулийн байгууллагыг шахаж, иргэдийг мэдээлэлтэй болгож байна. Энэ бол олон нийтийн оролцоотой хамтарч дүгнэлт хийх процесс юм.
Хөгжлийн банкны асуудлыг олон нийт шүүмжилж хэвлэл мэдээллийн байгууллага анхааралдаа авсан. УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, талуудын оролцоотой түр хороог байгуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явж буй процесс.
ХОЁР ДАХЬ СОНСГОЛД 100 ГАРУЙ ГЭРЧ ДУУДАГДСАН
УИХ-ын гишүүн Хянан шалгах түр хорооны Б.Энхбаяр:
-Г.Амартүвшин гишүүний хувьд хоёр дахь удаагаа гэрчээр дуудагдаж байна. Хөгжлийн банкны санхүүжилт, дүгнэлттэй холбоотой асуудлаар дуудагдаж байна. Гишүүн, хувь хүн хэн ч байсан ирэхгүй бол хувь хүний асуудал. Сонсголд тухайн хүн өөрийгөө залруулах боломжийг ашиглахгүйгээр оролцохгүй бол тухайн хүний өөрийнх нь асуудал. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан хүмүүстэй холбоотой асуудал бий.
Жишээ нь, ирэхгүй байгаа хүмүүсийг хүчээр албадан авчир гэдэг зүйл яригдаж байгаа. Гэхдээ парламентын хяналт гэдгээрээ онцлог тул гэрчийг албадан авчрах хууль байхгүй.
Хоёр дахь удаагийн сонсголд 100 гаруй гэрч дуудагдсан байна. Энэ тоо нэмэгдэж болзошгүй. Харин сонсголын үр дүнг ярихад эрт байна.
УИХ-ын Хянан шалгах хорооны зохион байгуулж буй Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилттэй холбоотой эхний сонсгол гурван үе шаттай үргэлжилж байна. Эхний сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны хооронд тав хоног үргэлжилсэн бол хоёр дахь сонсголыг гурав хоног зохион байгуулна. Тэгвэл гурав дахь сонсгол гуравдугаар сард болох юм. Үүний дараа сонсголын үр дүнг УИХ-д танилцуулах юм байна. Эхний сонсголд 300 орчим гэрч дуудагдаж давхардсан тоогоор 150 гаруй гэрч оролцжээ. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгтэй дүйх зээл түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 60 орчим компанийн гэрчүүдээс асуулга асуух байдлаар зохион байгуулсан билээ. Хюм байна.
Б.ЦЭЦЭГ