Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардаж байна.
Иргэдийн төлөөлөл "Монгол Улсын иргэд хүнд хэцүү амьдрал туулж байна.Цар тахлаас хойш иргэдийн амьдрал доройтсон. Олон улсад иргэдийнхээ амьдралыг дээшүүлэхийн тулд бэлэн мөнгө тарааж байсан. 2019 онд нийт хүн амын 50 хувь нэн ядуу байсан бол өнөөдөр нийт хүн амын 75 хувь нь нэн ядуу болсон талаар УИХ-ын гишүүд ярих боллоо. Энэ бол төрийн түшээд улсыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс Цагаан сараас өмнө иргэдийн амжиргааг дэмжиж Монгол Улсын иргэн бүрт ногдол ашгийн тодорхой хувийг олгооч ээ. Үүнийг бид өдөр, шөнөгүй шаардаж байна.
Ногдол ашиг тарааснаар эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид яриад байгаа ч Хөрөнгийн зах зээлийн хуулиараа ч тэр ногдол ашиг тараах ёстой. Гэтэл уг хууль хэрэгжээгүйн улмаас үүнийг инфляцтай холбож тайлбарлаж байгаа нь туйлын буруу. Үндсэн хуульд стратегийн ордуудын дийлэнх хувийг иргэдэд өмчлүүлнэ гэж заасан. Монголд 54 стратегийн орд бий. Иргэдэд дийлэнх хувийг нь эзэмшүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ард түмэн өнөөдөр эдэлж чадахгүй байна. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 5 гишүүн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хувийг олгоно гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Хамгийн багадаа 60 хувиас дээш хувийг иргэд авна.
Монгол Улс 160 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 7.4 тэрбум тонн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр байна. Нийт нөөцийг 15 мянган машин, 12 мянган ачааны машинаар зөөхөд 300 жил зөөнө гэх тооцоо гарсан.
Төр иргэдийн ногдол ашгийн мөнгөөр буцаагаад хувьцааг нь хулхидаж авсан. Ахмад настны 1072 хувьцаа, оюутны 1072 хувьцаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1072 хувьцааг буцаагаад худалдаж авсан.
Э.БУРАМ