Б.ӨНӨБОЛД: Цаг агаарын урьдчилсан мэдээлэл хүргэдэг аппликэйшн удахгүй нээлтээ хийнэ

2023 оны 2 сарын 72023-02-07
Б.ӨНӨБОЛД: Цаг агаарын урьдчилсан мэдээлэл хүргэдэг аппликэйшн удахгүй нээлтээ хийнэ

Цаг агаарын мэдээг  хөтлөн хүргэдэг  Б.Өнөболдыг танихгүй хүн байхгүй биз ээ. Eagle телевизээр овоглосон тэрбээр 10 гаруй жил үзэгчидтэй дэлгэцээр уулзаж, цаг агаарын төлөв байдлыг хүргэж ирсэн. Шинэ оны босгон дээр NTV телевизэд шинэ өнгө нэмээд буй түүнийг энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа.  

----------------------------------

-Таны хувьд NTV телевизийн эфирээр  үзэгчидтэйгээ дахин уулзаж байна.  Энэ тухайд өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье?

-Үзэгчид NTV телевизийн мэдээг андахгүй болов уу. Шинэ оноос  ажлаа эхлүүлээд удаагүй байна. Саяхан хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг танилцуулсан. Яг одоо өдөр тутмын цаг агаарын графикийн ажил хийж байна. Ерөнхийдөө өдөр тутмын цаг агаарын мэдээг танилцуулна гэж ойлгож болно.

-Мэдээж олон жил ажилласан телевизээсээ гарч, эфирээ хэсэг хугацаанд засварлана гэдэг томоохон шийдвэрүүдийн нэг байсан байх. Таныг хоёр сар гаруйн хугацаанд эфир завсарласан хугацаанд  үзэгчид асууж байна уу?

-Миний хувьд Eagle телевизид 12 жил ажилласан. Эргээд бодоход урт юм шиг боловч телевизийн уран бүтээлчид байнга контент бүтээж, нэвтрүүлэг бэлтгэдэг болохоор их завгүй өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа харахад багагүй амжилт гаргасан гэж хардаг.

Би шинэ оны өмнө ажлаа хүлээлгэн өгч хоёр сар гаруйн хугацаанд хувийн ажилтай, эфир завсарласан. Энэ хугацаанд миний хөтөлдөг “Weather man” фэйж хуудсаар хүмүүс “Яагаад эфирээр гарахгүй байна вэ”, “Цаг агаарын мэдээгээ хүлээж байна”, “Танай эфир лүү холбогдсон, эмээ өвөө асуугаад байна” гэх зэрэг асуулт маш их ирсэн.

Цаашлаад ахмад настай хамаатны ах, эгч нар маань хүртэл “өдөр тутмын мэдээгээ авмаар байна”, “цаг агаарын сарын төлөв хэцүүдлээ” зэрэг асууж байсан.

ГАР УТАСНЫ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЛЭЭС ЗӨРҮҮТЭЙ

өнөөх.jpg

-Хүмүүс бүх мэдээллийг гар утсаараа авч байна. Цаг агаарыг ч мөн адил. Телевиз үзэх нь  ховор болсон. Ер нь гар утсан дээрх цаг агаарын температур, телевизээр бэлтгэсэн цаг агаарын мэдээ хоорондоо адил уу. Эсвэл ялгаатай юу?

-Гар утсанд цаг агаарын мэдээ ирдэг шүү дээ. Үүнийгээ харж ажлаа төлөвлөж байна гэж үгүйсгэх хүмүүс ч байдаг. Зарим нь гар утсан дахь мэдээ худлаа юм биш үү гэж эргэлзэх нь ч бий. Гар утсан дах цаг агаарын мэдээ буюу агаарын температур нь тоон прогноз юм. Өөрөөр хэлбэл, хүний оролцоогүй, хиймэл дагуулын загвар. Таарц нь бага учраас тогтмол өөрчлөгдөх нь ойлгомжтой. Хүн ажилласан буюу цаг уурчдын бэлтгэсэн мэдээ нь, бүс нутаг, улс орныхоо онцлогт тохируулж, олон жилийн судалгаанд үндэслэн харьцуулж цаг агаарын урьдчилсан мэдээг гаргадаг. Техникчид байнга ажиглаж байдаг учраас мэдээ зөв, буруу эсэхийг харж ялгаж дүгнэдэг.

Ерөнхийдөө богино хугацааны мэдээ нь  90-95 хувийн таарцтай. Өөрөөр хэлбэл, 1-5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүмүүс үзэж ажлаа төлөвлөх нь хамгийн зөв.

Энэ үнэлгээг дэлхийн цаг уурын байгууллагаас Монгол Улсын цаг уурын байгууллагад өгсөн. Тэгэхээр бид өөрсдөдөө дүн тавьсан асуудал биш. Энэ бол олон улсын цаг уурын байгууллагад тавьсан дүн. Иймд 100 мэдээ тутмын 95 нь таарч байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Эрсдэл 5 хувь зөрдөг гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар 9 дүүрэгтэй. Хотын төв талбайгаас Налайх, Багануур дүүрэг зэрэг. Улаанбаатар хот 100 километр дотроос мэдээгээ гаргаж иргэдэд түгээдэг. Тиймээс газар нутгийн хэмжээ нь том учраас Яармаг, Сонгино орчимд цас орж байхад хотын төвөөр цасгүй тохиолдолд хүмүүс цас орсонгүй гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ Буянт-Ухаа орчим станцанд цастай гэж мэдээллийг өгч байгаа учраас Улаанбаатарт цастай гэсэн мэдээллийг өгдөг.

-Нөгөөтэйгүүр станц дутагдалтай учраас цаг агаарын мэдээ зөрдөг гэж ойлгож болох нь?

-Монгол Улс газар нутгийн хувьд том учраас аймаг бүр станцтай, хоорондоо холбоотой бол аюулт үзэгдлийн давтамжийн талаарх мэдээлэл цаг алдахгүй. Ерөөсөө л малаа баруун хойшоо бэлчээх үү аль эсвэл урагшаа бэлчээх үү гэдгээ л шийднэ гэсэн үг шүү дээ. Бодит үнэн гэж хардаг.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭДЭГ АППЛИКЭЙШН УДАХГҮЙ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

-Таныг аппликэйшн боловсруулж байгаа гэж сонслоо. Гар утасны мэдээллээс юугаараа ялгаатай юм бэ?

-Цаг уурын инженер болсноос хойш мөрөөдлийн минь нэг нь энэ гэж хэлж болно. Аппликэйшн бүтээх тухай маш удаан бодсон. Программыг нь бичих хүртэл мэргэжлийн цаг уурч хэрэгтэй болж байна. Ерөнхийдөө Монгол орны газрын байршлыг заасан, бүх сумдыг хамарсан урьдчилан сэрэмжлүүлэх мэдээг хүргэдэг цаг агаарын аппликэйшн бүтээж байна. Удахгүй нээлтээ хийхээр иргэд үнэлгээгээ өгөх болов уу. Утасны загвар харснаас цаг уурчдын боловсруулсан мэдээг аппликэйшнээр үзэх нь илүү амьдралд хэрэгтэй. Ингэж бодож энэ ажил руу ханцуй шамлан орсон.

-Магадгүй ихэнх хүн таныг хөтлөгч гэж хардаг байх. Анх телевизтэй холбогдсон тухайд сонирхуулбал?

-Хүмүүс анхандаа намайг хөтлөгч гэж хардаг байсан л даа. Нэвтрүүлгийн титрт: цаг уурч, хөтлөгч гэж бичдэг байсан. Магадгүй энэ нь олон нийтэд цаг уурч, хөтлөгч юм байна гэх ойлголтыг өгсөн болов уу гэж боддог. Монголд цаг уурын инженер гэх мэргэжлийг ганц сургууль л бэлтгэдэг нь МУИС. Хуучнаар физик электроникийн сургууль. Үүний дотроо ус цаг уур, экологийн танхим гэж байсан. Энэ танхимд оюутнуудаа бэлтгэдэг байсан. Физик, математикийн хичээлийн суурьтай оюутнууд суралцдаг, цөөхөн төгсөгчтэй. Сургуулиа төгсөөд аймаг, орон нутагтаа томилогддог их захиалгатай байдаг.

Олон улсад бол их нэр хүндтэй, өндөр цалинтай мэргэжил шүү дээ цаг уурч, хөтлөгч бол.

Миний хувьд ус цаг уурын шинжилгээний газар тодорхой хугацаанд ажиллаж байсан л даа. Гэхдээ сургуулиа төгссөнөөс хойш телевизид ажилласан. Анх 2011 оны аравдугаар сарын 31-нд эфирээр гарч, мэргэжлийн програмттай цаг уурч хөтлөгч цаг агаарын мэдээг хүргэж байна гэж цацагдсан. Зүгээр аятай, хүснэгтэй мэдээ биш.

ГАЛ ТҮЙМРИЙГ ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ УНТРААХ БОЛОМЖТОЙ

-Телевизийн цаг агаарын мэдээг ихэвчлэн эмэгтэйчүүд хөтлөх нь нийтлэг. Таны хувьд мэргэжлийн цаг уурч эфирээр цаг агаарын мэдээг хөтөлж байгаа. Хүснэгттэй мэдээг унших, мэдээг тайлбарлах нь юугаараа ялгаатай байдаг юм бэ. Бас анхдагчдын өлгий Булган аймгаас гаралтай болж таарлаа?

-Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрж өссөн, ой мод ихтэй, бороо их ордог газар шүү дээ. Хүүхэд байхдаа ч их бороо ордгийг санадаг. Цаг уурч болсныхоо дараа уул, гол усаа дагаж их бороо ордог юм байна гэдгийг мэдэж байлаа.  Заримдаа хүний хөл хүрч чадахгүй алс бөглүү тайгад аянга цахиж гал түймэр гарвал цаг агаарт зориудаар нөлөөлж унтрааж болдог. Энэ мэтчилэн мэдээлэл, ойлголт, туршлага маань илүү баяждаг. Намайг мэргэжлийн цаг уурч цаг агаарын мэдээг хөтөлж байна гэх тодотгол байдаг юм билээ. Бусад цаг агаарын мэдээг тайлбарлаж буй хөтлөгчдийн ихэнх нь сэтгүүлчид байгаа шүү дээ. Мөн л адил цаг агаарын мэдээг хүргэж байгаа нь гоё байдаг.

Хамгийн гол нь үнэн мэдээллийг цаг алдалгүй хүргэх нь чухал шүү гэж боддог. Цаг агаарын хөтлөлттэй мэдээ бол цаг хугацаа шаардагдна, үнэн байх ёстой, газар нутгийн хувьд алдаагүй байх ёстой, ихэнх гэдэг үг нь нутгийн хэчнээн хувийг хамарч байгааг мэддэг байх ёстой.

Үгүй бол дутуу мэдээ хүргэвэл алдаатай болж цаг уурчдын хийсэн ажлыг үгүйсгэх, буруу ойлгогдох асуудал үүснэ. Тиймээс үүнд л анхаараасай гэж хүсдэг.

Мэдээж цаг агаарын мэдээний хүснэгт уншиж ярих, бэлтгэж ярих хоёр асар ялгаатай.

-Гэхдээ яагаад заавал цаг уурч гэсэн мэргэжлийг сонгосон юм бэ?

-Цаг уурч бол их сонин мэргэжил шүү дээ. Барих зүйлгүй, өнгөрсөн хугацааны мэдээг цуглуулж дата үүсгэж олон жилийн дундаж гэж сүүлийн 30 жилийг авч үзээд харьцуулж мэдээлдэг. Физик электроникийн сургууль бол цаг уурчдыг бэлтгэдэг газар. Намайг цаг уурч болоход нагац эгч маань их нөлөөлсөн л дөө. Физикийн багш байсан учраас надад зөвлөгөө өгсөн юм. Одоо бол цаг уурийн инженерүүд тасрах вий, хүний нөөц дутагдалтай байгаа тухай асуудал ч яригдаж байна.

-Миний анзаарснаар цаг агаарын мэдээг энгийн ойлгомжтойгоор тайлбарлах нь тухайн хүний онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байх шиг. Таны хувьд график тоон мэдээг аймаг, бүс нутгаар нь тоймлож, өнгөөр нь ялгаж тайлбарлаж байна. Мэдээгээ тайлбарлахдаа голчлонд юунд илүү анхаарч байна?

-Мэдээ бэлтгэнэ гэдэг өөрөө маш том агуулга. Телевизийн хувьд хэрэглэгчид ямар мэдээ чухал вэ гэдгийг онцлон хүргэхийг зорьдог. Өнөө шөнө хүйтэрч хонох нь хүртэл хоёр янз шүү дээ.

Жишээ нь, Улаанбаатар хотод Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүрэгтэй. Тиймээс онцлох мэдээллүүдийг хамгийн түрүүнд хүргэхийг зорьдог. Цаашлаад Монгол орныхоо цаг уурын онцлох мэдээллийг хүргэхэд анхаардаг.
 

 Манай улс   жилийн дөрвөн улиралтай учраас цаг агаарын мэдээг  урт болон дунд хугацааных гэж хоёр хувааж бэлтгэдэг. Уламжлалт мал аж ахуйтай, эрс тэс цаг ууртай тул цаг агаарын нэг сарын урьдчилсан төлөв мэдээ малчдад их чухал. Тиймээс урт болон богино хугацааны мэдээ гаргадаг цаг уурын инженерүүд тус тусдаа бий. Энэ дотроо өглөө 08:00-20:00 цагийн мэдээ гаргах, цаашлаад 24:00 цагийн буюу өнөө орой 20:00 цагаас маргааш орой 20:00 цагаар гаргах мэдээ  хүртэл ялгаатай. Цаг агаарын мэдээг сумаас аймаг, нийслэл гэсэн зарчмаар гаргадаг. Үүнд цаг агаарын анализ хийж мэдээгээ танилцуулдаг гэж болно. Сүүлийн үед зарим улс орон нэг сарын цаг агаарын урьдчилсан мэдээнээс татгалзах болсон. Учир нь цас, бороо, үер гэх зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нь нэмэгдэж байгаатай холбоотой байх. Ер нь зургаан сарын цаг агаарын урьдчилсан мэдээг бэлтгэнэ гэдэг амаргүй.

ШИНИЙН 2-НООС ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

-Тун удахгүй Монгол түмний баяр цагаан сар боллоо, цаг агаар ямар байх бол гэсэн хүлээлт ч хүмүүсийн дунд байна. Энэ тухай танаас асууж байгаа хүн ч цөөнгүй байгаа болов уу. Хэдхэн өдрийн өмнө та өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг хүргэсэн байсан шүү дээ. Ялангуяа цагаан сараар ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрч, цас орох төлөвтэй байна?

-2023 оны хоёрдугаар сарын хувьд цагаан сарын баяр тохиож байгаа. Цагаан сарын баярын өдрүүдэд цаг агаарын төлөвийг иргэд анхааралтай ажиглаж байгаа байх. Хоёрдугаар сарын эхээр NTV телевизээр сарын урьдчилсан төлөвийг хүргэсэн. Мөн өөрийн олон нийтийн сүлжээ “Weather man” фэйж хуудсаар дамжуулсан. Үзэгчид анхааралтай ажигласан болов уу. Олон хүнээс ч цаг агаар ямар байх тухай асуулт ирсэн байсан.

Сар шинийн өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх төлөв байна. Яагаад онцолж байна вэ? гэвэл битүүний өмнөх өдөр болон шинийн 1-ний өдөр цаг агаар тогтуун, өмнөх өдрүүдээс дулаарах процесс ажиглагдаж байна.

Харин шинийн 2,3-наас эхлэн агаар муудах, зарим газраар цас орж хүйтрэх, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж байна.Энэ нь хүйтний эрч чангарч, цасан шуургатай байна гэсэн үг шүү дээ.

Бид шинийн 1-нд золголтоо хийж, 2-нд нь гэртээ байдаг бол 3-нд нь хөдөө явах нь ихэсдэг. Энэ үед цаг агаар тогтворгүй байх учраас иргэд хол замд гарахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Хоёрдугаар сарын хувьд баруун аймгуудын нутаг Хангайн бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаахан цас багатай байх урьдчилсан төлөв байна. Мөн анхаарал татаж байгаа нь хараахан цас тогтоогүй говийн бүс Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд бүс нутагт хоёрдугаар сард цас орох төлөвтэй байна.

-Ямартай ч ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа болохоор хүмүүс ч дагаад баяртай байх шиг?

-Цаг агаар дулаарлаа гэхэд баярлах нь нэг талаар өрөөсгөл ойлголт шүү дээ. Агаарын даралтаас болж толгой өвдөнө. Ялангуяа өндөр настай хүмүүст их ажиглагддаг учраас голчлон хүргэхийг зорьдог доо.

МАЛЧИД  ЦАГААН САРЫН БУУЗАА ХЭЗЭЭ ХИЙВЭЛ ТОХИРОМЖТОЙ ТУХАЙ ХҮРТЭЛ АСУУДАГ

-Хэдийгээр урьдчилсан төлөв мэдээллийг цаг уурчид байнга шахам хүргэж сэрэмжлүүлдэг ч тэнгэрийн аашийг таах аргагүй. Магадгүй цаг агаарын мэдээ зөрөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Таныг мэдээгээ цаг агаартай таарсан үед их баярлаж, таараагүй бол гундуухан байдаг гэж сонссон юм байна?

-Мэргэжлийн онцлог шүү дээ. Цагдаа бол хэрэг илрүүлэх, өмгөөлөгч бол хэлмэгдсэн хүн нь ял авахгүй байхад баяртай байдаг байх. Цаг уурч хүний хувьд, зөвхөн би биш манай салбарынхан мэдээ таарахад бүгд л баярладаг байх. Манай салбарт 800 гаруй хүн ажиллаж байна шүү дээ. Тэдний төлөөлөл нь болж би цаг агаарын мэдээгээ иргэдэд түгээж байна.

Цасаар шуурч, хунгар тогтсон байсан ч энэ тухай урьдчилан мэдээлсэн бол би баяртай байдаг.

Яах вэ, мэдээ зөрөх тохиолдол байна,зарим процесс салхины өндрөөс хамаарч суух, зарим сумын хойгуур гарах тохиолдол байна.

Жишээ нь, Улаанбаатар хот 50 километрын радиус буюу 100 километрын диаметр газарт цаг агаар яригдна. Тиймээс Сонсголон орчимд цас орж байхад хотын төвөөр цасгүй байх тохиолдол байна. Гэхдээ тухайн бүсийн мэдээлэх станцад цас орно гэж мэдээлсэн бол Улаанбаатарт цас орно гэж мэдээлдэг учраас зөрөх тохиолдол гарахыг нуухгүй. Ийм тохиолдолд би үзэгчдээсээ уучлал гуйж цаг агаарын мэдээ зөрснийг шууд тайлбарлаж хэлдэг.

-Цаг агаарын мэдээ нь яв цав таарч байсан үе байдаг уу. Тэр тусмаа цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлч чадсан, санаанаас гардаггүй тохиолдол бий юу?

-Надаас аав ээж, найз нөхөд, ах дүү нар, малчид гээд бүх хүн л цаг агаарын мэдээ асуудаг. Цасан шуурганаас урьтаж мэдээгээ сонсч эд хөрөнгө амь насаа авран хамгааллаа гэсэн талархал их байдаг. Үүнийг нуухгүй. Санаанаас гардаггүй гэвэл, би өөрөө хангайд төрж өссөн. Говьд аялж явхад говийн үер хэцүү. Тухайн үед урьдчилсан процессоо харсан байсан юм. Хүчтэй аадар бороо орохоос өмнө тэр үед судалгааны ажлаар явж буй экспедицүүдтэй таарч, аадар бороо орохыг сануулж байсан. Дараа нь тэд эд хөрөнгө, амь насаа алдахаас урьдчилан сануулсанд баярлалаа гэдгээ хэлж байсан.

Харин малчдын хувьд ойр дотнын танилууд мэдээгээ урьдчилж авахыг хүсдэг. Тэдэнд  цагаан сар дөхөж байна буузаа хэзээ хийвэл тохиромжтой зэргийг нь хүртэл хэлээд өгдөг.

Хүмүүс цаг агаарын мэдээгээ үзэж амьдралдаа хэвшүүлж сурвал эрсдэлээс хамгаалдаг шүү гэдгийг байнга хэлдэг дээ.

-Цаг агаар бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг байх нь. Бид төдийлөн ач холбогдол өгдөггүй шүү дээ?

-Цаг агаар бидний амьдралд дан болон шууд нөлөө үзүүлдэг. Иймд цаг агаараа харж хувцаслах, идэш бэлдэх, машины дугуйгаа солих зэрэг бидэнд нөлөөлж байдаг. Хувцаслахдаа хүртэл цаг агаараа харна шүү дээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө