Төрийн ордонд өчигдөр "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” болж өндөрлөсөн. Энэ үеэр 55 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ойрын хоёр жилийн хугацаанд дотоодоос хангана гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн. Тэрбээр баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор импортын татварын үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг онцолсон юм.
Тодруулбал, хоёр жилийн хугацаанд татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж 5-20 хувь хүргэнэ гэдгийг сайд хэлсэн юм. Ингэснээр баялаг бүтээгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Статистик мэдээллээс харвал, хэрэглээний сагс буюу инфляцид нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээ багтаж байна. Үүний 221 нь импортын бараа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй. Үүнийг задалбал,
Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сард инфляцын түвшин 12.3 хувьтай гарсан ч хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 12.3 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо 2022 оны дөрөвдүгээр улирлын тайландаа дурджээ. Үүнд, согтууруулах ундаа, ус ундаа, тамхи, хувцас бөс бараа, гутал, ус цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ зэрэг импортын бараа нөлөөлсөн байна.
ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хэлснээр инфляцын 50 хувийг импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлдэг аж. Судалгаагаар нэг өрх сард дунджаар 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Статистикаас харвал 2023 онд 12.3 хувьтай гарсан инфляцын 47.3 хувийг импорт эзэлж байна. Тэгвэл 2022 онд инфляци 15.1 хувьтай байхад 54.3 хувийг эзэлж байж.
Мөн худалдаачдын зүгээс бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд импортын татвар нөлөөлдөг болохыг хэлдэг. Тэгэхээр баялаг бүтээгчдийг дэмжих зорилготой импортын татварыг нэмэгдүүлэх нь эргээд иргэд бүсээ чангалахад хүрэх вий гэх болгоомжлол ч байна.Мэдээж импортыг хязгаарлаж дотоодод үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн цаана баялаг бүтээгчид хөгжих нь зүй. Нөгөөтэйгүүр, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэж буй түүхий эд материалыг дотоодоос 100 хувь хангаж байгаа юу, аль эсвэл импортлох уу гэдэг нь ч өөрөө асуудал. Баялаг бүтээгчдийг дэмжих нь эргээд инфляци хөөрөгдөх, иргэдийн нуруунд илүү дарамт болохыг үгүйсгэхгүй. Ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий.
Б.ЦЭЦЭГ