Ажлын хэт их ачаалал, бага цалингаас үүдэн эмэгтэйчүүд гадагшаа дүрвэж байна. Ялангуяа нийгэмд хамгийн чухал атал шүүмжлэл тасардаггүй эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллах хүчин байтугай боловсон хүчний хомсдол нүүрлэснийг зүгээр яриад орхих асуудал биш.
Өнөөдөр эрүүл мэнд, боловсролын салбарыг эмэгтэйчүүд нуруундаа үүрч яваа нь нууц биш. Энэ салбарын дийлэнх нь эмэгтэйчүүд.
Тэд мэргэжлээрээ ажиллахаас илүү гадагшаа гарч амьдрахыг илүүд үзэх болжээ.
Тэр дундаа БНСУ-г зорих нь ч нийтлэг гэнэ. Наад зах нь, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэгэн жишээнээс харж болохоор.
Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг 2023 оны хичээлийн жил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 4-5 ажлын байр хоосон байгаа аж. Шинээр ажилд орох багш , ажилтан бүүхэл ажиллаж буй багш нар нь эхнээсээ БНСУ-г гурван сарын визээр зорьж эхэлжээ.
------------------------------------------------
ЗАЛУУС, БАГШ НАР СОЛОНГОС ЯВЖ, ЭНД АЖЛЫН БАЙРНЫ ХОМСДОЛ ҮҮССЭН
Тус цэцэрлэгийн эрхлэгч О.БАЯРЖАРГАЛ:
-Багш нарт цалин хөлс, ажлын байрны баталгаа тулгамдсан асуудал болсон. Залуучууд цалин бага учраас гадаадад гарч ажиллаж амьдрах нь их байна. Мөн адил багш нар ч бас гуравдугаар сар гараад л БНСУ-ын виз мэдүүлдэг. Явсан багш нар эргэж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Улмаар ажлын байрны хомсдолтой болсон.
Манай цэцэрлэг Баянгол дүүргийн 22, 13, 10 гэсэн гурван том хороог хариуцдаг. Хоёр том хороо нь гэр хороолол. Гэхэд бид 61 ажилтантай байх ёстой атал энэ хичээлийн жил эхлэхэд багш, түгээмэл мэргэжлийн албан хаагчид зэрэг 4-5 ажлын байр хоосон.
Түгээмэл мэргэжлийн албан хаагчид бүр ч алга. 500 мянган төгрөгийн цалинтай ажлын байранд ирэх хүн байдаггүй.
Нээлттэй зар тавьсан ч ирсэн хүмүүс нь цалин асуугаад л явдаг. Үнэхээр нийгмийн баталгааг нь хангахгүй байгаа учраас ажиллах хүчний хомсдолд орж байна. Тиймээс цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нийгмийн хамгааллыг нь сайжруулсан цалин хөлстэй бол өнөөдөр бид сайн багштай байна. Сайн багшийн гараас сайн ирээдүй л бий болно шүү дээ. Зөвхөн багш ч биш эмэгтэйчүүд ажилладаг боловсрол, эрүүл мэнд гэх нийгмийн томоохон салбарт цалин хөлсөөр нь ажлын байрыг нь баталгаажуулах нь чухал байна гэсэн юм.
Нэг үеэ бодвол боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинд салбарын яам анхаарч байгаа ч энэ нь хангалтгүй байгааг түүний ярианаас харж болохоор. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо” гэсэн юм. Гэвч түгээмэл мэргэжлийн албан хаагчид ажлын 8-10 цаг хөдөлмөрлөж байгаа ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50-60 мянган төгрөгөөр л илүү цалинтай болохыг дээрх боловсролын байгууллагын төлөөлөл хэлсэн юм.
ЦАГ НАРГҮЙ АЖЛААС ХАЛШИРЧ АР ГЭРЭЭ ТЭЖЭЭХЭЭР ГАДАГШАА ЯВЖ БАЙНА
Мөн боловсролын байгууллагатай адил эрүүл мэндийн салбарт ачааны хүндийг үүрдэг эмч, сувилагч нар ч бас гадагшаа гарч ажиллахыг илүүд үзэх болжээ. Нэн ялангуяа сувилагч нарын хомсдолд орсон нь энэ салбарын толгойн өвчин болоод байна. Цалин бага, ачаалалтай, цаг наргүй энэ мэргэжлээр ажиллах хүн сүүлийн жилүүдэд олдохоо байжээ. Тэдний төлөөлөл дараах асуудлыг хөндөв.
Сүхбаатар дүүргийн “Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Г.МӨНХЦЭЦЭГ:
-Бид баяр ёслол, амралтын бүхий л өдөр бэлэн байдалд ажилладаг. Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтийн амралт. Гэхдээ бидэнд амралт байхгүй. Үүнээс илүү эрүүл мэндийн салбарынханд нийтдээ цалингийн асуудал тулгамдаж байна. Бага цалинтай учраас л хүний нөөцийн хомсдолд орсон. Сувилагчийн хомсдолд орсон. Үүнээс болоод ээлжийн сувилагч нар илүү цагаар тулаа хийж байна /амралтгүй/. Улмаар ар гэрээ орхиж цаг наргүй ажилласнаас хүүхдэдээ анхаарч цаг гаргаж чаддаггүй, гэр бүлдээ зориулах чөлөөт цаггүй амьдарч байна.
Бид нар ч бас айл гэрийн эзэгтэй, ээж хүн шүү дээ. Тиймээс манай салбарынхан гадаад руу гарч ажиллаж амьдрахыг илүү үздэг болсон.
Дээр нь сошиалд эрүүл мэндийн ажилчдын нэр хүндэд халддагаас болж хууль эрхзүйн асуудал үүсч улмаар энэ саларт ажиллах боловсон хүчингүй болсон. Хүүхэд, залуучууд эрүүл мэндийн салбарт ажиллах хүсэлгүй болсон. Цаашид эрүүл мэндийн эрхзүйн асуудлыг цэгцэлмээр байна гэлээ.
ҮСХ: ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭС БАГА ЦАЛИН АВЧ БАЙНА
Өнөөдөр Монгол Улсын хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур байгааг Үндэсний статистикийн хороо дурджээ.
Хэдийгээр нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн эрх гэж байхгүй бүгд тэгш эрхтэй ч гэлээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье гэвэл нийгмийн үйлчилгээг анхаарах цаг болжээ.
Үүнийг анхаарлын гадна орхиод улсын хөгжил ч ярих аргагүй гэдгийг эрүүл мэнд, боловсролын салбарт нүүрлэсэн боловсон хүчин, ажлын байрны хомсдлоос харж болохоор байна.
Эл асуудал Хүний эрхий үндэсний комисс дараах байр суурийг илэрхийлэв.
НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИЙДЭХГҮЙГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ ЧАДАХГҮЙ
ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.СҮНЖИД:
-Хөдөлмөрийн зах зээлд оролцож буй хувийг хүйсээр нь авч үзвэл 2006 онд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн өндөр байсан. Үүнээс хойш буурсаар өнөөдөр 43.9 хувьтай байна. Үндсэн статистикаар 51:49 байх ёстой. Тэгэхээр нөхөн үржихүйн настай холбоотой. Яагаад гэвэл 1000 эмэгтэй дунд төрөлтийн коэффициент2006 оноос оноос хойш тасралтгүй өссөн.
Тиймээс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг зайнаас цахимаар ажиллах, хэсэгчилж цагаар ажиллах, үйлчилгээний хувьд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах боломжийг хангаж өгөөгүйгээс эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж чадахгүй байна гэдэг дүгнэлтэд хүрч байна.
Тэгэхээр зөвхөн хөдөлмөр эрхлүүлье биш нийгмийн үйлчилгээг нь шийдэхгүйгээр энэ насны эмэгтэйчүүд цаашид хөдөлмөр эрхэлж чадахгүй гэсэн юм.
ЭРЧҮҮДИЙН НАС БАРАЛТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЯДУУРАЛ РУУ ХӨТӨЛЖ БАЙНА
Энэ тухайд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал эргээд ядуурал руу хөтөлж байгааг давхар хөндсөн. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн 50 хувьд нь 59 хүртэл насандаа нас барж байгаа нь эмэгтэйчүүдийг ядуурал руу хөтөлж байгааг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлж байлаа. Тэрбээр,
-Эмэгтэйчүүд боловсролын түвшингээр эрчүүдээс илүү өндөр болж ирсэн. Гэсэн ч бүх эмэгтэй өтрдөг. Энэ үед багадаа гурван жил хүүхдээ харах хугацаанд хамгийн бага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал төлж, ирээдүйд тэтгэвэрт гарахад маш бага бодогдох эрсдэлтэй байна.
Тиймээс нийгмийн даатгалын хуулийн төсөлд эмэгтэйчүүд жирэмсэн болон хүүхэд асрах хугацаанд ажиллах хугацаанд авах цалингаа 100 хувь авах саналыг тусгасан.
Магадгүй энэ багахан өөрчлөлт шиг болов ч ирээдүйд олон хүний амьдралд нөлөөлөх болов уу. Нөгөөтэйгүүр, эрэгтэйчүүдийн 50 хувь нь 59 хүртэл насандаа нас барж байна. Үүний ард бэлэвсэн хоцорсон эмэгтэй хүүхдүүдээ харж үлдэж байна. Улмаар эмэгтэйчүүд шууд ядуурал руу орох, ачаалал нь нэмэгдэх байдалд байгаа учраас тэтгэврийг өвлүүлэх асуудал яригдаж байна гэсэн юм.
Эмэгтэйчүүд хүүхэд асрах хугацаандаа цалингаа 100 хувь авдаг болох санал өнгөрсөн жил олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр яригдаж ийнхүү ажил хэрэг болох шатандаа яваа нь энэ аж. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдэд өнөөдөр цэцэг, бялуу, бэлэг сэлтээс илүү нийгмийн асуудлаа шийдэх нь нэн чухал байна. Тэд өөрсдөд нь тулгамдж буй асуудалд гарц шийдэл олохоор салбар салбарын эмэгтэйчүүд Соёлын төв ордонд цугласан юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан нь энэ билээ.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ