Хөгжлийн банкны 125 тэрбумаар хотхон барьж зарсан MCS-ийн асуудал дахиад хөндөгдөв

4
2023 оны 3 сарын 132023-03-13
Хөгжлийн банкны 125 тэрбумаар хотхон барьж зарсан MCS-ийн асуудал дахиад хөндөгдөв

Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, гадаадын импортыг орлох хөгжлийн томоохон төслийг санхүүжүүлэх гэж Хөгжлийн банкийг байгуулсан. Гэтэл ийм зорилгогүй төслүүдэд албан тушаалтнууд зээл олгосон, улстөрчид тэдэнд нөлөөлж олгуулсан, яаж ийгээд Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдийг шинжээчдийн дүгнэлтээр олон нийтэд илчилж байгаагаараа Хөгжлийн банкны сонсгол онцлог. Сонсгол бол шүүх хурал биш, харин илчлэх, олон нийтэд мэдүүлэх ажиллагаа. Ингэж олон нийтийн хараа хяналтад оруулснаар дарагдах аргагүй болох учиртай.

Жишээ нь, өнөөдөр MCS групп хэмээх Монголын томоохон компани Хөгжлийн банкнаас АСЕМ-аар далимдуулж зээл авч, хотхон барьж зарсан гэх асуудал дахиад хөндөгдөв. БЗД-ийн нутаг Хүрхрээгийн аман дахь АСЕМ Вилла хотхоныг байгуулахад Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж 125 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ үйлдэл, энэ тоо шинэ биш. Нэлээд хэдэн жилийн өмнө Үндэсний аудитын газар энэ бүхнийг шалгаж тогтоосон боловч эрүүгийн байтугай ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь үгүй. Яахаараа хувийн компанийн хотхоны барилгыг Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлдэг билээ. Яагаад, зориулалтынхаа дагуу бусдад олгогдох ёстой байсан зээлийг MCS-ийн хотхонд өгдөг билээ.

Capture.PNG
ҮАГ-ын 2018 оны дүгнэлтээс...

2007 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тушаалаар Хүрхрээгийн аманд MCS-ийн охин компани “Марриот” компанид газар эзэмшүүлсэн. “Марриот”-ыг одоогийн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ч, одоогийн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн ч удирдаж байсан. Марриотын эзэмшсэн газарт Скай ресортыг байгуулж, сүүлд АСЕМ Вилла хотхон баригдсан газрыг нэмж эзэмшсэн гэдэг. Богд хан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олгодог болохоос орон сууц барьж болдоггүй. Тэгэхээр АСЕМ Вилла хотхон нарийн яривал дахиад л хуулийн зөрчилтэй.

Ази, Европын дээд хэмжээний уулзалт-АСЕМ-ийг Монголд зохион байгуулж, дэлхийн өндөр дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хүлээж авна гэдэг бол манай улсад нэр төрийн хэрэг. Ийм эрх авч, үүрэг хүлээхэд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, боломжтой бүх аргыг хэрэглэсэн байж болно. Гэхдээ АСЕМ-аар далимдуулж амины орон сууцны төсөлд зээл өгөх хүндэтгэн үзэх шалтгааныг сонсголын туршид олж сонссонгүй. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт нар ажиллаж байлаа. АСЕМ Вилла хотхоны барилгын явцтай танилцаж байгаа Ч.Сайханбилэгийн зураг ч интернэтэд ил, дүүрэн бий.

eeded8_e0a8879d91334770de9b81199e05cd42_x974.jpg
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ Виллатай танилцаж буй нь

АСЕМ дуусахаар, тэнд хоноглосон өндөр дээд хэмжээний зочид нутаг буцахаар улсын санхүүжилтээр барьсан хотхонуудыг яах вэ гэдгийг иргэд асууж л байсан. Харин хэн нь ч хариулаагүй юм даг. Харин өнөөдөр Монголын толгой баячууд, улстөрчид тэр хотхоныг худалдаж аваад амьдарч байна. Тэднийг тансаг харшид амьдруулах гэж Монгол Улсын нэр хүнд, эдийн засгийг дэнчинд үлдээн өр тавиад бонд босгосон гэж үү. Тэр өрийг төлөх гэж эдийн засгаа улстөрчдийн хэлдгээр “сэхээ, хэвтрийн тасагт хэвтүүлсэн” гэж үү. Өнөөдрийн сонсгол дээрх харилцан яриаг хүргэе.

Хөгжлийн банкны Түр хорооны дарга Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас “Скай ресорт” ХХК-д 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Гэтэл MCS групп 125 тэрбум төгрөгийн 92 тэрбумаар зээлээ охин компаниудынхаа бизнесийн зээл болон бондын төлбөрийг төлжээ. Харин АСЕМ Вилла хотхоны 30-аад тэрбумаар барьсан байна. 125 тэрбум төгрөгийн зарцуулалтыг данс хөөх аргаар шалгаж, үзсэн.

  • -Нийт 2 удаагийн гүйлгээгээр 49.7 тэрбум төгрөгөөр “Скай ресорт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны бизнесийн зээлийг хаасан.
  • -806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүд буцаан төлсөн.
  • -8 тэрбум төгрөгийг Sky resort компанийн бизнесийн зээлээ гэж хаажээ
  • -34.4 тэрбум төгрөгийн Энержи ресурс буюу MCS группийн охин компанийн гадаад шилжүүлгээр MMC бондын төлбөр төлсөн байна.

335929996_937891687566368_4358526963076494883_n.jpg

MCS группийн хуулийн зөвлөх Д.Үүрцайх: Засгийн газар энэ ажлаа яаралтай эхлээч ээ гэдэг хүсэлт тавьсны дагуу АСЕМ Вилла хотхоны төслийн барилгын ажил 2015 оны гуравдугаар сард эхлүүлсэн байдаг. Тухайн үед санал тавихдаа 2015 оны гуравдугаар сард санхүүжилт орж ирнэ гэж ажлаа эхлүүлчихээд есдүгээр сарын 25-нд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн асуудлыг хугацаандаа шийдээгүй. Тиймээс бид зургаан сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. Үүний хүрээнд 2015 онд М-Си-Эс Холдингоос 25.8 тэрбум төгрөг, 2016 онд 29.5 тэрбумыг төслийн ерөнхий гүйцэтгэгчид шилжүүлж байсан. Ямар ч байсан группийн хувьд энэхүү төсөлд өөрсдийн хүний нөөц, боломж бололцоо, санхүүжилтээ дайчилж гарган төр засгийн хүсэлт, даалгаварыг амжилттай гүйцэтгэсэн. Дараа нь, төслийн санхүүжилт орж ирэхэд компаниуд руугаа шилжүүлсэн. Ер нь ийм өндөр зэрэглэлийн цогцолбор барих нь давчуу цаг хугацаа, санхүүжилтийн хувьд нэн хүндрэлтэй байсан. Арилжааны хүү шингэсэн санхүүжилтээр барьсан цогцолборыг борлуулах нь томоохон эрсдэл үүсгэсэн. Гэхдээ эдгээр эрсдэлийг М-Си-Эсийн компаниуд хүлээж, төслийг хэрэгжүүлсэн. Зээлийн хүү нь яваад байдаг, хүн худалдаж авдаггүй. Ийм л байдалтай байсан. Иймээс Скай Резорт, Петровис, М-Си-Эс компаниудын хувь нийлүүлэгчид өөрсдөө тэр виллаг нь худалдаж авч, зээлийг нь эргүүлж төлөхөөс аргагүй болсон. М-Си-Эсийн хувьд гэхэд л талаас илүүг нь худалдаж авсан байдаг. Үүнийгээ олон жил ажиллаж байгаа удирдах ажилтнуудаа дэмжих зорилгоор худалдаж авсан. Өөрөөр хэлбэл зээлийн бүх эрсдэлийг хувь нийлүүлэгчид нь үүрээд гарсан” гэж байгаа юм.

Тухайн үед АСЕМ Вилла хотхоныг байгуулан гаднын зочдыг хүлээн авах саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьсан, дараа нь Засгийн газар хүсэлт тавьсан гэж MCS группийн төлөөлөгч өнөөдрийн сонсгол дээр ярьж байна. Бараг төр, засгийнхан гуйж байгаад MCS-т зээл өгсөн, тэр зээлийг аваад алдагдал хүлээсэн ухааны юм тус компанийнхан ярьж байх юм. "Өрөө төлсөн байж болно, ядаж л ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ" гэж Хөгжлийн банкны захирал Мандуул хэлээд байгаа шүү дээ.

Г.Улсболд

 

 

 

Санал болгох

 Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.

29 минутын өмнө
Азийн Физикийн олимпиадад хүрэл медаль авсан сурагч Л.Дөлгөөний амжилтыг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн

1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ

2 цагийн өмнө
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.05.29) Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа

2 цагийн өмнө