Нэр дэвшүүлэх квот доод хязгаар болохоос тааз биш

1
2023 оны 3 сарын 162023-03-16
Нэр дэвшүүлэх квот доод хязгаар болохоос тааз биш

УИХ-ын Хаврын чуулганыг авлигын эсрэг чуулган байх болно гэж спикер Г.Занданшатар тодорхойлжээ. Авлигатай тэмцэх багц хуулиудыг батлах ёстой гэж тэрээр тодотгосон байна. Харин ХҮН-ын дарга Т.Доржханд энэ чуулганыг “Монголын парламентын түүхэн дэх хамгийн хүнд чуулган болно” гэсэн байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж тэрээр хэлсэн. Саяхан удирдлагаа бүртгүүлсэн АН-ынхны хувьд ялгаагүй ҮХНӨ, Сонгуулийн хууль, Улс төрийн нам, түүний санхүүжилтын хууль ямар зохицуулалттай орж ирж батлагдах нь чухал гэв. Нэг ёсондоо эрх баригчид ч тэр, улс төрийн намуудад ч тэр ирэх 2024 оны сонгуулийн тоглоомын дүрэм тодорхой болох нь чухал байгаа аж. Үүнээс өмнө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намуудад хандаад гишүүдийн тоог нэмэх, пропорциональ тогтолцоог хуульчлах асуудал дээр та нар өөрсдөө дуугарахгүй бол бид л дуугараад байна. Хуучнаараа явна гэвэл манай намд л ашигтай шүү ухааны үг хаячихсан. Тэгэхээр “шүгэл үлээдэг, хулгайчтай тэмцдэг” Засгийн газраас оруулж ирсэн авлигын багц хуулиудыг УИХ шуурхай хэлэлцээд явахын хажуугаар хугацаа нь тулчихсан сонгуулийн дүрмээ тодорхойлох асуудал дээр энэ хаврын улс төр өрнөхөөр харагдаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд санаачилсан анхны хууль болгож Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг оруулж ирэхээр болсон. Намуудын эв нэгдлийг хангах боломжтой “нам бус” дундын хүн тул ийм шийдэл гаргасан юм билээ. Ингээд идэвхтэйгээр, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцүүлэг, уулзалтууд хийж байгаа. Эдгээрийн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжсэн заалтууд хэрэгтэй байгаа талаар харин улстөрч хүүхнүүд лобби ихээр хийх болжээ. Тэд намууд нэр дэвшүүлэлтдээ эмэгтэйчүүдийн квотыг нэмэх, нэр дэвшихэд нам руу мөнгө татдаг явдлыг болих шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэгвэл парламентад эмэгтэйчүүдийг сонгох нь ямар давуу байдлыг бий болгох гэж. Улс төрд бэлтгэгдсэн, өөрийгөө бэлэн болгосон эмэгтэйчүүд хэр их вэ.

Парламент дахь хүүхнүүдийн тоо хоёр дахин нэмэгдэхэд хүний эрхийн мэдрэмжтэй хууль батлагдана, боловсрол, эрүүл мэнд, халамжийн бодлогод сайнаар нөлөөлнө гэж нэг хэсэг нь ярьдаг. Нөгөө хэсэг нь, хүүхнүүдийг энэ хэдэн салбараар хайрцаглаж бодохоо болих хэрэгтэй. Эмэгтэйчүүд аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засаг, аж үйлдвэр гээд аль ч салбараар ажиллах, бодлого гаргах чадвартай гэж ярьж байна.

Нээрээ ч тийм л дээ, бид л эрүүл мэнд, боловсрол, халамж, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хэдхэн сэдвийг хүүхнүүдэд нааж бодоод, хэвшсэн сэтгэлгээгээр дүгнэж ирсэн. Байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, гадаад харилцаа, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын сайдын суудлыг эмэгтэй улстөрчдөд өмчилж өгсөөр ирж. Эмэгтэй улстөрчид энэ салбарт илүү мэдрэмжтэй ажиллаж чаддаг учраас ч даатган хариуцуулж ирсэн байж болох юм.

Ер нь эмэгтэйчүүд яагаад “жендэр” буюу “хүйс” гэдэг үгийг өөрсдөдөө нааж, хүйсээрээ түрий барьсан нөлөөллийн ажлыг хийцгээх болов. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган, Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал гэх мэтээр хүйсээрээ ялгарч хийж, анхаарал татах оролдлогыг эмэгтэйчүүд улиг болтол хийж байна. Яагаад гэвэл “эрчүүд эмэгтэйчүүдийг оролцуулахгүйгээр шийддэг”. Энэ л хариулт. Бас эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байгаа учраас хийж байгаа зөөлөн тэмцэл.

Хүн амаа авч үзвэл эмэгтэй хүйс эрэгтэйгээс илүү. Хэрэв парламент “бага ард түмэн” мөн юм бол хүн амын тал болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентын талыг бүрдүүлэх ёстой болж таарна. Тэгэхгүй 76 гишүүний арваад нь эмэгтэй байхаар төлөөлөл хангаж чадахгүй байна гэж үздэг юм билээ. Тэр нь тийм ч байх. Парламентын талыг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх бололцоог бүрдүүлэхийн тулд улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ талыг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх шаардлагатай. Үүнийхээ тулд боловсон хүчнээ бэлдэх, дэмжих, тэднийг нийгэмд таниулах зэргээр тэгш оролцоог нь бий болгох шаардлага гарна. Ийм хүсэл зориг, ийм боломж манай намуудад байгаа юу. Бас хүүхнүүд бие даахыг илүүд үзэж байна уу, улс төрийн намаар явахыг илүүд үзэж байна уу гэдгээс шалтгаална. Аль алиных нь хүсэл зоригоос шалтгаалаад байгаа тул Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиар тодорхой квот тогтоож үүрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм билээ.

335925196_1424932148342784_3776023281620851414_n.jpg

Эцсийн эцэст, нам бол аль тойрогт, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ судалгаа харж шийддэг. Хэнийг нэр дэвшүүлбэл ялах магадлалтай вэ гэдэг нь чухал болохоос эрэгтэй, эмэгтэйгийн аль нь байх сонин биш. Бас эмэгтэйчүүдийг дэмжиж нэр дэвшүүлдэг нам гэдэг шошгоос илүүтэй эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээр жендэрийн мэдрэмжээ илтгэж иржээ.

Надад байгаа итгэл гэвэл хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд эмэгтэйчүүдийг илүүтэй сонгож оруулах нь төр илүү энэрэнгүй, иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлж, эрчүүдийн олж хардаггүй олон асуудлыг бодож шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт. Айл гэрт ч тийм байдаг шүү дээ. Эмэгтэй хүн зөөлөн, гар хүрсэн болгон нь сайхан болдог.

Парламентад сонгогдох эмэгтэйчүүдийн тоо илүү өсөхөд одоо УИХ-д сууж байгаа эмэгтэйчүүдийн ажлын үр дүн чухал нөлөөтэй. Ямар хууль санаачилж батлуулсан бэ, ямар асуудал дэвшүүлж шийдүүлэв, аль асуудал дээр ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг бүгд л харж байгаа. Өмнөх нь сайн ажиллавал дараагийн бусаддаа эерэг нөлөө үзүүлнэ. Сайн ажиллавал иргэдийн эмэгтэйчүүдийг улс төрд сонгох хүсэл улам л нэмэгдэнэ. Илүү сайн ажиллаж, энэ орныг сайн сайхан авч явах үлгэрлэл, манлайллаа харуулж чадвал 76 эмэгтэй гишүүнтэй болоод эрчүүд нь эсрэгээрээ жендэр яриад давхилдаж байхыг үгүйсгэх аргагүй.

335762319_926327648715166_6023102628614012817_n.jpg
Дэлхийн орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзэлж байгаа хувь. Харин Монголд...

Эртнээсээ эрчүүд улсын хэргийг шийдэж, холын бодлогыг тодорхойлж ирсэн манай Монголд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд сонгох, томилох хүртэл өчнөөн саад бэрхшээл тохиолдоно. Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг биелүүлэх Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгоод төрийн наадмыг нээлгэн, төрийн тахилгат хайрхан тахиулна гэхэд толгой сэгсрэх хэрнээ сонгуульд нь эмэгтэй улстөрч нэр дэвшихэд бид бахархдаг. Энэ бол бидний хэвшмэл сэтгэлгээ өөрчлөгдөж байгаагийн дохио. Зэвсэгт хүчнээс эмэгтэй генералтай болоход монголчууд тэр хүнээр бахархсан. Эмэгтэйчүүд улс төрийн намын даргад ширүүхэн өрсөлдөж, бодлогоо уралдуулж чаддаг. Нам нь сонгуульд ялбал тэр эмэгтэй улсын Ерөнхий сайд болно. Олон мянган хүнийг ажлын байраар хангасан том групп компаниуд, аж үйлдвэрүүдийг эмэгтэй захирлууд удирдаж байна. Дэлхийд эрдэм боловсрол, туршлагаараа уригдан монгол эмэгтэйчүүд ажиллаж байна. Салбар болгонд гялалзаад байгаа эмэгтэйчүүд яагаад Монгол төрийн шийдвэр гаргаж болохгүй гэж. Ерөөсөө хуулиас гадна улс төрийн намын хүний нөөцийн бодлого л юм билээ. Эмэгтэйчүүдийг улс төр рүү татах, тэднийг бэлдэх, ажил хариуцуулах, бэлдэх, таниулах тал дээр хойрго явж ирсэн. Улс төрд бэлтгэгдсэн эмэгтэйчүүдийг нэр дэвшүүллээ гэхэд эмэгтэй квотдоо яг бариад байгааг өөрчлөх цаг болсон. Гэтэл квот бол доод хязгаар болохоос тааз биш шүү дээ, намууд аа.

Г.Улсболд

 

 

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө