УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.
----------------------------------------
НЭМЭЛТ: 12:10 ЦАГ
УИХ-ын гишүүд үг хэлсний дараа хуралдаанд оролцсон 46 гишүүний 41 нь буюу 89.1 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Энэ хуулийн ач холбогдлыг зарим талаар нь мушгиж гуйвуулаад байна. Энэ хууль террорист үйлдэл хийх, төрийн болон албаны нууцыг задруулах, үндэсний болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхэд өдөөн турхирах, уриалах, садар самууныг сурталчлах, амиа хорлоход хүргэх зэрэг 12 асуудлыг л зохицуулж байгаа хууль шүү дээ. Ерөнхийлөгчийн хориг энэ хуулийг илүү чамбайруул гэсэн л утга санаа шүү дээ. Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 2.2 сая.
Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.8 сая. Тэр дундаас хуурамч хаяг хэрэглэгчид 1 сая байна гэж Фэйсбүүк компанийн Хонгконг Тайвань Монгол Улс дахь бодлого үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн гэдэг хүн мэдэгдсэншт.
1.1 сая хуурамч хаяг байх ёстой юу. Нүүр, утсаа нууж хүн доромжилж байх нь зөв үү. Хоёр дахь асуудал, 2016 онд АСЕМ-ын байгууллага судалгаа хийхэд 650 мянган бүртгэлгүй дугаар байсан. Энэ тоо 45 мянга болсон. Бүртгэлгүй дугаартай холбоотой асуудлыг яах ёстой вэ гэдгийг бодох ёстой. Гурав дахь асуудал, 2020 онд Монгол Улс Кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд 194 орноос 120-д байна. Цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 163 орноос 120-д байна. Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын тоо сүүлийн гурван жилд огцом өссөн. Өдөрт хийгдэж буй кибер халдлага 1.870.000 давсан. Үүний 80 гаруй мянга нь гадны тусгай хүчний санхүүжилттэй байж болох ноцтой түвшний халдлагууд байна. Бид байлгаад байх ёстой юу. Тусгай нууцалсан тоогоор халдлага хийж байгаа нь өндөр байна. Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг эрс нэмэгдсэн. 2019 онд 737 гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдсэн. Хохирол нь 985 сая төгрөг. Тэгвэл 2022 онд энэ тоо 11 дахин өсөж 8563 болсон. Хохирол нь 22 дахин өссөн, 21 тэрбум 927 сая төгрөг. Энэ бид нарт дохио өгөхгүй байна уу. Хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлсэн ийм нөхцөл байдлууд шүүхээр хүртэл шийдэгдэж байгаа баримтууд байна. Энэ нөхцлүүдээ цаашид харж үзэх ёстой.
Дэлхийн 17 орон үндэсний эв нэгдэл, ардчилсан ёсыг хамгаалах олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах эрхзүйн зохицуулалттай болсон байна.
11:24 ЦАГ:
УИХ-ын гишүүн Д.Ганбат
-Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мото буудлагын дайчин хорооны нөхөд. Ерөнхийлөгчийн бас анхны хориг. Монголын ард түмнийг төлөөлж чадах цор ганц субьект. Тэгэхээр ард түмэндээ бэлэг болгож энэ хоригийг 100 хувь хүлээж авъя. Олон нийтийн сүлжээнд хориг тавих хэрэггүй. Ардчилсан зарчмаар ард түмнээ удирдаж сурмаар байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй хуулийн цаана Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хүртэл цаг хугацааны хувьд халдсан. Юуг ч хязгаарлаж болох олон аюултай заалт агуулагдаж байсан. Тиймээс тухай бүрт АН-ын зүгээс мэдээлэл хийж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй.
НЭМЭЛТ: 11:00 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Фэйсбүүкийн аппликэйшний асуудалд яагаад заавал хүний эрхийн асуудал оруулж ирж яриад байгаа юм бэ. Угаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг байгаа шүү дээ хуульд нь. Буруу нь энэ аппликэйшн болсон. Фэйсбүүктэй хамтран ажиллах ёстой. Техникийн шийдэлтэй асуудал шүү дээ. Хэн нэгний үг хэлийг боож болохгүй.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
-УИХ энэ хуулийг батлахад олон хууль тогтоомж зөрчсөн нь Ерөнхийлөгчийн хоригт тодорхой байна. Гэхдээ олон нийтийн сүлжээнд бусдын нэр хүндийг унагаах, хүчирхийлэл сурталчилдаг асуудлыг өнөөдөр төр зохицуулах ёстой. Засгийн газрын нэр хүндэд цөв суулгасан асуудал болсон шүү. Хуулийг дахиж судалж яаралтай батлах ёстой шүү.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
-Олон нийтийн санаа бодлыг хуулийн төсөлд суулгах ёстой байсан. Хуулийн төсөлд сууж буй төрийн албан хаагчид тодорхой мэдээллийг өгч баймаар байна. Амьгүй албат царайлж суусны гор нь энэ. Төрийн албан хаагчид мэдэж байгаа шүү дээ. Дараа нь хуулийн төсөл боловсруулж буй сайд, дарга нар нь албан тушаалтнуудыхаа үгийг сонсож баймаар байна.Энэ хуулийн төсөл маш том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг маш зөв цагаа олсон. Энэ хууль байх хэрэгтэй ч шаардлагуудаа хангах ёстой. Ахин боловсруулж өргөн барих санал бодол байна уу?
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Цаг үе нь болсон хууль болохыг Ерөнхийлөгч хоригт дурдсан. Засгийн газар дахин боловсруулж оруулах ёстой. Цаашид илүү сайжруулж оруулж ирэх нь зөв гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хэлсэн. Тэгэхээр ахин боловсруулж оруулж ирэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ хууль нийгэмд тодорхой шаардлага бий юу гэвэл бий. Анхаарах зүйл байгаа ч нийгмийн мэдээлэл хүртэх зүйлийг хязгаарлаж болохгүй. Нийгмийн сүлжээний нөлөөгөөр хулгай луйвар тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа. Тиймээс хуулиар зохицуулах эсэхт би эргэлзэж байгаа. Хуулиар зохицуулах байсан бол миний дээр хэлсэн зүйлийг зохицуулах ёстой.
Хэвлэл мэдээллийнхэн хэлдэг, Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг авах ёстой гэж. Гүтгэхгүй байхад л болно шүү дээ. Гүтгэх гээд байх сонирхол байгаад л гайхаж байна. Үүнийг л таслан зогсоох ёстой.
Гүтгэлгийн заалтыг хатуу ялтай болгох гэж чадаагүй. Хэнийг ч гүтгэж алж болдог систем Монголд үйлчилдэг. Үүнийг зогсоож харин мэдээлэл авах зүйлийг зогсоож болохгүй байсан байх. Эрүүгийн хуульд гүтгэлгийг ялтай нь хослуул.
МОНГОЛ ХҮНИЙ ӨР 33 САЯ БОЛСОН
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
-Нийгмийн эсэргүүцэлтэй бид тулгарсан. Гэтэл үүний хажуугаар хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн урьд өмнө нь байгаагүй нэмэгдэж байгааг харж байна. Үүнийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй. Ялангуяа нийслэлээс алслагдсан баруун бүс нутагт цалин хөлс амьжиргааны наад захын түвшинг хангаж чадахгүй байна. Урлаг соёлын байгууллагынхан тэтгэврийн доод хэмжээгээр цалин авдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг. УИХ, ЗГ-т чиглэл өгч энэ асуудлыг яаралтай оруулж өгөх шаардлагатай. Манайх импортоос хамааралтай улс. Хил гааль нээгдэж худалдааны эргэлт сайжирсан байхад тээвэр ложистикийн үнэ буурахгүй, үнийн хөөрөгдөл хэвээрээ байна. УИХ дүгнэлт хийхгүй юм уу. Засгийн газар зохих ёсны арга хэмжээ авах цаг нь болсон байна. Үүнийг УИХ-аар яаралтай хэлэлцэж шийдвэрээ гаргая. Иргэд эдийн засаг, үнийн өсөлтөд сөхөрсөн байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
-Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 13 тэрбум ам.доллар үйлдвэрлэдэг ч 33.9 тэрбум ам.долларын өртэй. Саяхан эрх барьж байсан эрх баригчид Монгол хүн 16 сая төгрөг гэж 2016 онд ярьж байсан бол өнөөдөр нэг хүний өр 33 сая болсон. Ийм байхад дуугарахгүй байна. Төсвийн нэг жилийн алдагдал 4.1 их наяд гэж хэзээ ч өмнө нь сонсогдоогүй тоонууд ярьж байна. Иргэд аж ахуйн нэгжүүд мөлхлөө. Нийгмийн даатгал, татварт туйлдаж байна. Цар тахлын үед иргэдийг халамжилснаас биш аж ахуйн нэгжүүдийн хохирлыг үе шаттай бууруулахгүй байна. Валютын ханш өнөөдөр рекорд тогтоож 4000 төгрөгт хүрлээ. Инфляци 2 оронтой тооноос буурахгүй байна. Ардчилалын индексээр 16 байраар ухарч 77 дугаарт бичигдлээ.
Б.ЦЭЦЭГ