Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр /2023.03.15/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголд ХанБогд Кашимерийн захирал Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Ганцэцэгийг гэрчээр оролцууллаа. Тэрээр Даншиг группийн захирал П.Анхжаргалын эхнэр юм. П.Анхжаргал нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Ч.Ганцэцэг нь хамаарал бүхий компаниудаараа дамжуулан нийт ноолуур хөтөлбөрийн хүрээнд 77 тэрбумын зээл авсан бол Хөгжлийн банкны шууд зээлээр 5 тэрбумын зээл авсанаар нийтдээ 82 тэрбумын зээлийг авсан. "ХанБогд" кашимер ХХК нь Ноолуур хөтөлбөрийн 25 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 8 тэрбумыг хадгаламжид байршуулж 13 тэрбумаар өмнөх зээлээ хаасан.
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Шинжээчийн дүгнэлтийг хараад гайхаж байна. Манай компани анх удаа 13.5 хувийн хүүтэй 1 хувийн шимтгэлтэй зээлийг Голомт банкинд барьцаа хөрөнгө тавьж зээл авсан. Зээлээ цаг хугацаанд нь төлсөн. "ХанБогд" кашимер ХХК нийт үйлдвэрлэлийнхээ 90 хувийг экспортод гаргадаг. 500 гаруй ажилтантай компани. Шинжээч буруу дүгнэлт гаргаж олон нийтэд мэдээлж байгаа нь эмгэнэлтэй байна. 8 тэрбумыг яагаад банкинд байршуулсан бэ гэхээр зээл хөөцөлдсөөр байгаад ноолуур дууссаны дараа зээл гарсан учраас тэр их мөнгийг ямар гэртээ оруулалтай биш гээд банкинд хийсэн. Хавар түүхий эд бэлтгэлийн үед ноолуураа авсан. 2018 онд 800 тонн ноолуурыг авсан. 2022 онд 1200 тонн ноолуур авсан.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-"ХанБогд" кашимер ХХК 2015 оны 9 сарын 2-нд "Ноолуур -2015" хөтөлбөрийн хүрээнд 4 тэрбумын зээл авсан уу ?
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Зээл аваад тухайн үедээ төлсөн.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-"ХанБогд" кашимер ХХК нь 2016 оны 6 сарын 22-нд "Ноолуур-2015" хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд 5 тэрбумын зээл авсан уу ?
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Нарийн тоо харахгүй бол 2015 оныг сайн мэдэхгүй байна. Би 2018 оноо л сайн мэднэ. Ямар ч байсан манай компани зээлийн үлдэгдэлгүй.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-"ХанБогд" кашимер ХХК 2018 оны 6 сарын 29-нд "Ноолуур-2018" хөтөлбөрийн хүрээнд 35 тэрбумын зээл авсан уу ?
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Хоёр хувааж авсан.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-ХанБогд" кашимер ХХ-ийн 2015, 2016, 2018, 2019 онд авсан зээлүүдийг нийт дүнгээр нь хэлье. Монгол Микрон кашмер ХХК нь таны төрсөн дүүгийн компани уу
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Тийм ээ. Миний дүү Ч.Баттогоогийн компани.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Н.Ариунаа гэж хэн бэ
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Эхнэр нь
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
--Н.Ариунаа Монгол Микрон кашмер ХХК-д ямар албан тушаал хашдаг вэ ?
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Мэдэхгүй байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Төрсөн дүүгийнхээ эхнэрийг ямар албан тушаал хашдагийг мэдэхгүй юу ?
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Мэдэхгүй
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Танай компанийн авсан зээлээс Н.Ариунаа руу шилжсэн гүйлгээ байгаа юу
"ХанБогд" кашимер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг:
-Байхгүй.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Ч.Ганцэцэг нь өөрийгөө "Монгол Микрон" кашмер ХХК-тай хамааралгүй гэж байгаа боловч 2005 оны 11 сард "Монгол Микрон" кашмер ХХК-ийг үүсгэн байгуулсан. Одоо таны дүү 100 хувь эзэмшдэг.
Шууд зээл болон арилжааны банкаар дамжуулсан та болон таны дүүгийн зээл нийлээд 77 тэрбум төгрөг болсон.
"Монгол Микрон" кашмер ХХК нь Хөгжлийн банкнаас 2 зээл авсан. Эхний зээл нь 454 сая иен, дараагийх нь 5 тэрбумын зээлийг 2018 онд авсан. Хөгжлийн банкнаас нийтдээ 14.9 тэрбумын зээлийг олгосон. Үүнээс 2.6 тэрбумыг 2 удаагийн гадаад шилжүүлэг хийсэн. Нийт 10 удаагийн бэлэн зарлагын гүйлгээг "Монгол Микрон" кашмер ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунаа нь албан хэрэгцээнд 2.1 тэрбумын зарлагын гүйлгээ хийсэн ч өөрийнхөө данс руу дээрх мөнгийг хийсэн. Мөнгөө данс хооронд гүйлгээд банк бус санхүүгийн байгууллагад хийсэн байдаг. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
Сонсголоор ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр 2019 хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 14 байгууллагад 65 тэрбумын зээл олгосон байна. Эдгээр компаниас зээлээ төлөхгүй байгаа нь "Осин" ХХК.
"Осин" ХХК нь зээл авах үедээ Голомт банкинд муу зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд банкны танилцуулгад эрсдэлтэй тул татгалзах саналтай тухай дурдсан байхад зээлийг санхүүжүүлсэн байна.
Ноолуур хөтөлбөрийн санхүүжилтээс 10.2 тэрбум төгрөгөөр өмнөх зээлээ хаасан бөгөөд 2023 оны 1 сарын 31-ний байдлаар 1.8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Уг компанийг төлөөлж П.Бат-Очийг дуудсан ч сонсголд ирсэнгүй. П.Бат-Оч нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны төрсөн дүү гэх.