Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр /2023.03.15/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор "Алтай" групп ХХК-ийн зарцуулалтын талаар сонсов. Тус компанийн хувьд 2016 онд Хөгжлийн банкнаас 30 тэрбумын зээлийг 60 сарын хугацаатай авсан боловч одоогоор төлбөр төлөгдөөгүй байна.
Зээлдэгч нь Дорнод аймгийн Халхгол суманд гурилын үйлдвэр барьж байгаа гэсэн боловч гурил үйлдвэрлэлийн чиглэлээр бус малын тэжээлийн үйлдвэр ашиглалтад оржээ.
Олон удаагийн шүүх хурал дамнан үргэлжилсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "30 тэрбумын зээлийн 20 тэрбум нь зарцуулалтын бус. Х.Бат-Эрдэнэ Монгол Улсын тод манлай уяач хүн. Бас барилга бариад яваад байдаг. Бүгд л мэднэ. 10 тэрбумаар нь өмнөх зээлээ дарчихаад 9.5 тэрбумыг бэлнээр авсан" гэдгийг онцлов.
Х.Бат-Эрдэнийн хувьд 2020 онд Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авч, тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болж, АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байв.
Х.Бат-Эрдэнэ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авчээ. Хөгжлийн банкинд барьцаалсан, “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 47 тэрбум төгрөгийн зээлийн 10 хувьд хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж.
Ташрамд дурдахад, тэрбээр “Алтай констракшн” компанийн Ерөнхий захирал юм.
Э.БУРАМ