Хөрсний бохирдол нийслэлийнхний толгойн өвчин болоод удаж буй. Үүнийг дагаад ундны ус хор болж байна. Та бидний өдөр тутамд хэрэглэж буй ус хорт хавдараар өвчлөх шалтгааны нэг болжээ. Энэ тухай Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь “Саяхан Хавдар судлалын үндэсний төвийн илтгэлийг сонссон. Энэхүү илтгэлд манай улс хорт хадварын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүн байр эзэлж байна. Үүний шалтгааныг устай холбоотой гэж би харж байна” гэсэн юм. Тэр дэлхийн усны өдрийг тохиолдуулан өнөөдөр /2023.03.20/зохион байгуулж буй “Монгол орны ундны усны чанарын судалгаа-ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ ийнхүү онцолсныг хайхрахгүй өнгөрч болохгүй. Түүнтэй ундны устай холбоотой асуудлаар цөөн хором ярилцлаа.
---------------------------------------------------------
-Бидний өдөр тутамд хэрэглэдэг ус хор болсныг та дурдлаа. Ус хорт хавдарын өвчлөлийн шалтгааны нэг болж байгаа нь магадгүй олон шалтгаантай байх?
-Дэлхийн усны өдөр гуравдугаар сарын 22-нд тохиож байна. Энэ жилийн хувьд усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уриаг “өөрчлөлтийг хурдасгая” гэж тодорхойлсон. Өөрчлөлт гэдэг нь ундны усны чанарыг сайжруулъя. Хоёрдугаарт өөрчлөх арга хэмжээг хурдасгая. Удаан байна гэж. Энэ хооронд хүний эрүүл мэнд доголдож байна шүү дээ.
Ялангуяа, манай улсын хувьд хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь усны чанартай холбоотой.
Хоёрдугаарт, агаар, орчны бохирдол зэрэг олон шалтгаан нөлөөлж байна. Тэр дундаа, төв суурин газарт хэрэглэж буй ундны усны чанарыг сайжруулах цаг нь болсон.
-Нийслэлийн гэр хороолол, хөдөө орон нутагт хувь хүмүүс худаг гаргах нь олширсон. Энэ бүхэн танай байгууллагад хамаарах уу?
-Улаанбаатар хотын гэр хороолол дунд бага гүнтэй худаг ашиглаж буй айл маш их байгаа. Усыг олборлосон бол ядахдаа нян бактериас нь салгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Тэгэхээр бага гүнтэй ус хэрэглэнэ гэдэг бол хөрсний бохирдлоос үүдсэн тодорхой хэмжээний хольцтой ус ундандаа хэрэглэж байна гэсэн үг.
Олон жил нүхэн жорлон, муу усны нүх хэрэглэсэн тохиолдолд хөрсний бохирдол гүн рүүгээ орсон байгаа шүү дээ.
Тиймээс бид ядахдаа ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ус ууя. Цаашилбал, зарим эрдэс дутуу бол эрдэсжүүлж хэрэглэх нь чухал.
-Жишээ нь ямар ач холбогдолтой вэ. Бас сөрөг нөлөө бий юу?
-Ус бол хүн ундандаа өдөр тутамд хэрэглэдэг эрүүл мэндийн анхдагч бүтээгдэхүүн. Үүнийг олон улсын түвшинд ч мөн адил авч үздэг. Тиймээс хүн өдөр тутамдаа хоол хүнснээс гадна ундны усаар дамжуулан хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисуудыг авч байдаг. Өөрөөр хэлбэл, ус нь тодорхой хэмжээний эрдэс бодис агуулж байдаг. Хэрэв энэ эрдэс нь зарим химийн элемент их байвал хүний биед хортой. Мөн бага байвал дутагдалд ордог. Жишээ нь фотор гэх химийн элемент ундны усанд зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл энэ химийн элемент байхгүй эсвэл бага байвал хүүхдийн шүд цоорох, цаашлаад ясны сийрэгжилт зэрэг хортой нөлөө үзүүлдэг.
Улаанбаатар хотын хувьд ундны ус их хэмжээний фоторын агууламж бага байна. Тэгвэл Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүн нь, эрүүл шүдтэй хүүхэд байхгүй гэсэн дүгнэлт гарсан шүү дээ.
төр хүн бүрийн шүдэнд фотор түрхэнэ гэж гүйхийн оронд шүдийг цоорлоос хамгаалсан стандартын шаардлага хангасан ундны усаар хангачих. Ийм л асуудал байна.
Ядахдаа л фоторын агууламж өндөр оогоор шүдээ тогтмол цэвэрлэх зэрэг эрүүл мэндтэй холбоотой олон асуудал байна. Мөн төмөргүй ус хэрэглэж болохгүй. Хүн өдөр тутамд хоол хүнснээсээ төмөр авснаар эрүүл байна. Тэгэхээр огт төмөргүй ус хэрэглэж болохгүй. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн усанд төмөр ихдвэл эрүүл мэндэд аюултай. Тиймээс ундны усны чанарыг сайжруулж эрдэсжүүлж, зарим усанд эрдэс нь илүү бол түүнийг нь шүүх технологийг ашиглахаар ажиллаж байна.
-Тэгэхээр дээр дурдсанаас үзвэл нийслэлийнхний хэрэглэж буй ундны ус цэвэр, аюулгүй гэхэд эргэлзээтэй байх нь?
-Ер нь стандартаар яривал, Эрдэнэт 60 гаруй километрийн цаанаас Булганаас ус татаж хэрэглэдэг. Харьцангуй цэвэр ус ашигладаг. Стандартад тун ойртсон. Харин Улаанбаатар хотын тухайд Ус сувгийн удирдах газар /УСУГ/ ус олборлож ариутгаж халдваргүйжүүлэлт хийж байгаа. Гэхдээ усны стандарт буюу өөрөөр хэлбэл, усан дахь химийн элементүүд нь агуулагдах хэмжээнд байхгүй, бүрэн нийцэж чадахгүй байна. Тиймээс үүнд анхаарах асуудал маш их байна.
Гэр хороолол, алслагдсан хотхонууд, зуслангийн бүс зэрэг айл өрхүүд өөрсдөө худагтай, үүндээ ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй, нянгийн бохирдолтой, тодорхой хэмжээний стандартад нийцээгүй гэсэн ойлголт юм.
Ер нь нийслэлийн хэмжээнд УСУГ-ын олборлож түгээж буй усыг хэрэглэж буй хувь тийм ч их биш. Өөрсдөө гүний худагтай хотхонууд түүнээсээ болж хордсон тохиолдлууд ул мөр нь арилаагүй л байна.
Жишээ нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах гурван блок орон сууцны хороолол шууд гүний худгаасаа ус авч, олон хүн хордсон тохиолдол гарсан шүү дээ. Энэ мэтчилэн анхаарч сайжруулах шаардлагатай олон асуудал байна.
-Танай байгууллага олонд танил биш бололтой. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Манай байгууллага 2012 онд байгуулагдсан цагаас хойш хүн амын ус олборлож унд ахуйд түгээж буй ундны ус, мөн ариун цэврийн байгууламжийг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ус олборлож ариутгал халдваргүйжүүлэлт хийж шугам сүлжээгээр айл өрх, гэр хороололд ус түгээхээр түгээж байна. Эргээд бохир усны шугам сүлжээгээр дамжуулан бохир усыг цэвэршүүлж эргүүлэн байгальд нь нийлүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Тэгэхээр төв суурин газрыг аль болох инженерийн дэд бүтэцтэй цэвэр ус түгээх, бохир усгы татан зайлуулах шугам сүлжээтэй болгох, бохир усыг цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжтай болгох асуудлыг Засгийн газар бодлогын хүрээнд хэрэгжүүлж байна. Манай байгууллага 2019-2022 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран унданд хэрэглэж буй төв суурин газрын ундны усыг стандартад нийцэж байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн судалгаанууд хийж тайлан дүгнэлтнүүд хийсэн. Үүний үндсэн дээр аймаг, суманд ашиглаж буй ундны ус стандартад нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон. Хэрэв стандартад нийцээгүй бол стандартад нийцсэн технологийн асуудалд анхаарлаа хандуулж байна.
-Судалгааны тухайд товч танилцуулбал?
-Бид Шинжлэх ухааны академитай хамтран Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 360 сум болон 12 төмөр зам дагуух зөрлөг, суурины ус түгээх байгууллага, гүний худаг төвлөрсөн шугам сүлжээний 3582 уст цэгийнсорьц нэг бүрт хийсэн. Ингэхдээ ерөнхий физик-хим, бичил-элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүй 88 үзүүлэлтийг тодорхойлсон.
Судалгааны дүнгээр, “унданд хэрэглэх боломжгүй” буюу хаах шаардлагатай 151 уст цэг байна. Мөн 606 уст цэгт нэмэлт төхөөрөмж суурилуулах шаардлагатай байна.
Мөн 313 уст цэг “ариутгал халдваргүйжүүлэлт хийх” буюу хэт ягаан туяа, хлоржуулах аргаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж дахин шинжилгээнд хамруулсан тохиолдолд ундны усанд хэрэглэх боломжтой байна. Мөн 2216 уст цэг унданд шууд хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр аймгууд ундны усандаа анхаарч эхэлсэн. Сумд хүртэл бидэнтэй холбогдож байна. Жишээ нь, төмрийн агууламжийг хэрхэн бууруулах тухай лавлаж байна.
-Орон нутагт тэр дундаа уул уурхай дагасан аймаг, сумдын ундны усны чанар ямар байдаг бол. Ихэнх хүн хортой гэж ойлгодог нь үнэн үү?
-Уул уурхай дагасан бүс нутагт усны чанар муу байдаг гэх ойлголт харьцангуй өрөөсгөл. Гүний ус хөдөлгөөнд байдаг. Хэдий уул уурхайн салбар гол мөрний ус бохирдуулж байгаа нь үнэн ч гүний усыг бид тодорхой хэмжээгээр стандартад нийцүүлж хэрэглэх хэрэгтэй. Мэдээж үүнд зардал гарна. Зарим газар хүнцэлтэй, зарим аймаг фотортой.
-Сүүлийн үед албан байгууллага, айл өрхүүд ус шүүгч хэрэглэдэг болсон. Энэ нь таны хэлсэнчлэн стандартад дөхөж байгаа болов уу?
-Мэдээж ус шүүгч хэрэглэх эсэх нь хувь хүн, тухайн байгууллагын сонголт. Гэхдээ энэ нь тийм ч зөв арга биш гэж харж байна. Зөвхөн усны салбарынхан, эрдэмтэд яриад, иргэд усаа шүүгээд хэрэглэж чимээгүй өнгөрөөх асуудал биш. Үүнд төр анхаарч, стандартад нийцсэн ус хэрэглэх хүн амын 80-90 хувийг ундны усаар хангахад зардал гаргах хэрэгтэй. Усыг стандартын шаардлагад ойртуулах нь чухал байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ