УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв. Тэр дараах байр суурийг илэрхийлсэн.
-Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Энэ салбарт гол надаар хариуцуулж хийлгэхээр даалгасан ажил нь хууль эрхзүйн орчны шинэчлэл. Ялангуяа Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай багц хууль байв. Таван ч Засгийн газар дамнасан энэ хууль УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна. Цаашид илүү олон зүйл хийх хүсэл тэмүүлэл байсан. Ер нь гурав орчим сар болов уу даа. Та бүхэн мэдэж байгаа. Тодорхой хэрэгтэй холбогдуулан нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттай миний эсрэг гүтгэлэг дайралт явуулсан. Зах зухаас нь ил болж байна. Маш их хөрөнгө санхүүжилт гаргасан. Олон нийтийн мэдээлэлд үндэслэн прокурорын байгууллагаас шалгасан. Миний хувьд энэ асуудалд удаа дараалан мэдэгдэл хийж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгтэй би холбоогүй. Одоо ч хэлж байна. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Намайг сайдаар ажиллах богинохон хугацаанд гишүүд та бүхэн дэмжиж олон асуудлыг хэлэлцсэн. Дэмжихээс аргагүй асуудал байдаг. Нэг сая даатгал төлөгч, 500 мянга орчим тэтгэврийн ахмадын төлөө дэмжиж ажилласанд баярлалаа" гэлээ.
Б.ЦЭЦЭГ