УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан. Дараа нь тэрбээр хэлсэн үгэндээ “Авлигачдын аалзны торыг тасалж л эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний тухай бид ярих боломжтой. Энэ итгэл үнэмшлээр л хандаж байна” гэдгийг тодотгов. Тэрбээр,
-Шулуухан хэлэхэд, Монгол Улс нүүрс, зэс гэсэн хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь банкаар дамжуулан Монгол Улсыг барьцаах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн нь нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтыг босгож, дараа нь шүүхийн томилгооны шийдвэрт нөлөөлдөг болсон байна. Ордонд шийдвэр гардаг биш ордны эргэн тойрондох байшинд шийдвэр гардаг. Зарим төрийн албан хаагчид архи хундгалж зогсдог нөхцөл байдал руу улс руу оржээ. Цаашид Монгол Улс урагшлъя гэвэл нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Сая Тавантолгойтой холбоотой багц арга хэмжээнүүд, төсвийн дагасан биелэлтийг хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Бирж дээр зарах хүндрэлүүд гарч байгаа. Олон ил далд асуудлууд үүсч байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Гэхдээ бид ингэж л энэ бүх асуудлыг шийднэ. Цаашид эдийн засаг төрөлжихийг бид ойлгож байгаа. Ойрын ирээдүйн 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэх хоёр бүтээгдэхүүн ил байхгүй бол шударга ёс, улс төр ярих туйлын хүнд. Үүнийг бид бүгд л мэдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг л өөрчилж байгаа юм. Тиймээс МАН, АН аль нь байх ялгаагүй. Ийм л асуудлууд болсон. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагчаар татагдсан. Өөрөө уулзсан. Ажлаа өгч шалгуулна гэдгээ хэлсэн. Мэдээж би Засгийн газрын хуралдаанаар гишүүдэд “хэрэв ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгч шалгуулаарай. Үнэн зөвийг нь тогтоолгоорой” гэж хэлсэн. Ингэж төрт ёс тогтож эдийн засгийн авлигачдын аалзны торыг тасалж л чөлөөт өрсөлдөөний тухай бид ярих боломжтой. Энэ итгэл үнэмшлээр л хандаж байна” гэсэн юм.