Хүйтний эрч чангарсан өнгөрсөн хоёр хоногт онцгой байдлын газарт цасан шуурганд төөрсөн, алга болсон тухай иргэдийн дуудлага нэмэгдсэн. Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,
- Дорнод аймагт малаа хариулж яваад сураггүй болсон иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал, тус аймгийн Баян-Уул сумын Урт багийн харьяат малчин 54 настай Г нь энэ сарын 21-нд 17:00 цагийн орчимд малаа явганаар хариулж яваад сураггүй болсон аж. Энэ тухай дуудлага өчигдөр орой 19:42 цагийн орчимд онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу эрлийн багийнхан аврах ажиллагаа явуулсан байна. Албан хаагчид өчигдөр 16:40 цагийн үед, алга болсон малчныг гэрээсээ урд дөрвөн километр зайтай Дарьхантын гол гэх газар амь насаа алдсан байсныг нь олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.
- Онцгой байдлын албан хаагчид Хэнтий аймагт мотоцикльтой малаа хариулж яваад сураггүй болсон малчны цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тус аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн харьяат малчин 61 настай Г нь энэ сарын 21-ны орой 17:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон аж. Иймд сумын мэргэжлийн ангиас эрлийн ажиллагаа явуулж, алга болсон иргэний цогцсыг өчигдөр 10:21 цагт олсон байна. Энэ тухай дуудлага мөн өдрийн орой 16:00 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн аж. Албан хаагчид талийгаачийг гэрээс нь .5 км-ын зайтай Баянбулаг гэх газар амь насаа алдсан байсныг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.
Мөн цасан шуурганы улмаас өчигдөр автомашин цасанд сууж, гэр нурсан тухай дуудлага онцгой байдлын газарт бүртгэгдсэн ч золоор хүний амь нас эрсдээгүй байна.
Б.ЦЭЦЭГ