Хулгай биш хууль хэлэлц

2023 оны 3 сарын 312023-03-31
Хулгай биш хууль хэлэлц

1992 оны Үндсэн хуульд “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэж байсныг 2019 оны ҮХНӨ-өөр “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж өөрчилсөн. Дараа жил нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан аль нь ямар хууль санаачлахыг тодорхой болгосон. Бас бусад хуулиар хууль өргөн барих, хэлэлцүүлэх, батлах шатыг дамжлага, босгыг нэмсэн. Ингэснээрээ “Би хууль санаачлагч” гээд дур дураараа хууль санаачилж популизм хийдэг, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, төрийн бодлогыг ойлгомжгүй болгодог явдлыг зогсоох гэж оролдсон.

Хийцгүй бөгөөд нийцгүй

Өнөөдөр гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч хуулийн төсөл УИХ-д өргөн бариагүй байгаа нь үүнтэй холбоотой байх. Бас УИХ-ын гишүүн ганц нэгээрээ хууль санаачилсныг нь яаран батлаад байхаа больжээ. Энэ нь, УИХ-ын тухай хуулийн 38.3-т “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэдэг заалт оруулсантай холбоотой.

гишүүд.jpg

Гишүүд бол санаачилсан хуулиа батлуулахад их хүнд болсон гээд л байгаа. Өргөн барихаар Засгийн газар дэмждэггүй, эсвэл УИХ нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулдаггүй. "Бид зүгээр л кнопчин боллоо" гэцгээж байна. Эрх барьж байгаа МАН-ын гишүүд ингэж үгээ хэлж байхад АН-ынхан, цаашлаад бие даагчдад бүр л хүнд байгаа байлгүй. Сонгогдохдоо баахан хууль амлачихсан, бодит байдал дээр батлуулж байгаа хууль алга. Гэхдээ гишүүдэд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачлах, Засгийн газрын өргөн барьсан багц төслүүдэд өөрийн хуулийн төслөө нэгтгэх, хэлэлцүүлгийн шатанд саналын томъёолол оруулах арга бий. Ерөөсөө л бодлогын, суурь шинжтэй, томоохон хуулийн төслүүдийг Засгийн газар л УИХ-д өргөн барих дүрэмтэй болсон юм. Батлах эсэх нь мэдээж УИХ-ын мэдэлд байгаа.

Жагсаалтын 15 хаачив

Шуудхан хэлэхэд, Засгийн газар хурдгүй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад дагалдуулаад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах ёстой 40-өөд хуулийн жагсаалт гарсан. Дөрвөн жил өнгөрөхөд 15 нь сох дутуу. Энэ 15 хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх ёстой. Тэр төслүүдээ УИХ-аар хэлэлцүүлж батлуулж байж 2019 оны ҮХНӨ амилж, үр нөлөөгөө үзүүлнэ. Гэтэл Засгийн газар өдөр шөнөгүй хулгай, гэмт хэрэг ярьж, АТГ, цагдаагийн мэдээллийг зарлаж өдөр өнгөрөөх боллоо.

Ерөнхий сайд нүүрсний.jpg

Нэг талаар “Шүгэл үлээдэг”, “авлигачийг зарладаг” Засгийн газар байж харагдах нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд 2024 оны сонгуулиа бодсон PR байх. Учир нь, хулгайчийг тогтоох, зарлах ажил хуулийнхны хийх ажил шүү дээ. Цагтаа тулахад авлига, хулгайг зогсооход Засгийн газраас УИХ-д өргөн барих томоохон эрх зүйн шинэтгэлийн төслүүд нь илүү чухал байна. Бас эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг мэргэжлийн яамдууд оруулж ирэхгүй байна. Өөрөө хийх ажлаа гүйцэтгэх засаглал УИХ-аар батлуулахгүй мөртлөө аж ахуйн ажил, нийгмийн сүлжээний хандалт хэт хөөцөлдөж байна. УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэл хэрэгжсэнгүй. Өнөө ҮХНӨ-ийн төслийг 2022 оны арванхоёрдугаар сард өргөн бариарай гэж Ерөнхий сайдад үүрэг болгосон захирамжийг яагаад биелүүлэхгүй байна вэ. Хүний эрхийг зөрчдөг 800-аад заалтыг засуулна гэсэн хаана байна. Тэтгэврийн, боловсролын, нийгмийн даатгалын эрс шинэчлэл хийнэ гэсэн хаачсан бэ.

Шахалт

УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн институцийг бодвол Засгийн газар мэргэжлийн яамдтай, судалгаа шинжилгээний чадавхтай. Цэцийн дүгнэлтийн ачаар Засгийн газар бараг л хууль тогтоох чадамжтай болчихсон. Яамгүй сайдууд, давхар дээлтэй Засгийн газрын гишүүд, ойр гишүүдээ тоолоход 39 гишүүн хангалттай. Сонгууль дөхөж байгаа учраас нэр дэвшүүлэлтээр барьцаалаад бодлогын томоохон асуудлуудыг шийдэх бяртай байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл алга, Сонгуулийн тухай хуулийн төсөл алга, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл алга, Улс төрийн намын, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төсөл алга, Баялгийн сангийн тухай хуулийн төсөл алга, Төрийн өмчийн багц хууль, Газрын багц хууль, түрүүн дурддаг тэтгэвэр, боловсрол, нийгмийн даатгалын шинэтгэл алга. Өнөө Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаж цуглах эрхийг хамгаална гэсэн амлалт явсангүй. Дампуурлын хууль, Казино, Чөлөөт бүс, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүд явдаггүй ээ.

зөвлөлдөх санал асуулга.jpg

Одоо эргээд бодоход УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын ажлыг шахахын тулд Зөвлөлдөх санал асуулга гэдгийг санаачилсан байж магадгүй байна. Учир нь, Зөвлөлдөх зөвлөлийн боловсруулаад шигшсэн 22 асуулт, статистикчдын зохион байгуулсан санал асуулгын үр дүн эрх баригч нам, Засгийн газрын хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн ажлыг эргээд төрөөс нэхжээ. Өнөөх 40 хуулийн үлдэгдэл 15, нэмээд иргэдийн оролцоо, хяналт, төрийн ил тод байдал, хариуцлага, хүний эрхийг сайжруулах механизмыг төрөөс хүссэн байна. Зөвлөлдөх зөвлөл бол иргэдийн санаа бодол, хүсэл шаардлагыг зөвлөмж болгоод УИХ-д өгсөн. УИХ харин Засгийн газарт зөвлөмжийг харгалзан үзэж шийдлээ парламентад оруулж ирэхийг чиглэл болгох гэж байна. Иргэдийн санаа бодол, хүсэл шаардлагыг төлөөлөх зөвлөмжийг заавал хуульчлах албагүй боловч үхүүлчихмээргүй байгаа юм. 

Г.Улсболд

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

5 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө