УЛААНБААТАР ХОТЫН ОЙ САНАМЖ: МУИС-ийн барилга Байгалийн түүхийн музейн араас

1
2023 оны 3 сарын 282023-03-28
УЛААНБААТАР ХОТЫН ОЙ САНАМЖ:  МУИС-ийн барилга Байгалийн түүхийн музейн араас

Улаанбаатар хотын төв хэсэг дэх хуучны дурсгалт газар, байгууламжийн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, өмнөх түүхээ бид өөрсдөө ч анзаарахгүйгээр баллуурдаж байна.  Өнөөдөр Улаанбаатар хотын төв хэсэгт хуучны гэх тодотголтой гарын арван хуруунд тоологдох барилга бий. Бидний мэдэх төрийн ордон, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монголын хөрөнгийн бирж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг. Мөн өмнө нь Байгалийн түүхийн музей төрийн ордонтой хаяа залгаа байсан ч одоо ганц ширхэг ч тоосго үлдээгүй. Суурин дээр нь Чингисийн музей сүндэрлэж буй. Гэхэд их дээд сургуулийн барилгууд Байгалийн түүхийн музейн араас орох аюул нүүрлэсэн бололтой. 

ШИНЭ БАРИЛГА БАРИХ ХУВИЛБАРУУД ЯРИГДАЖ БАЙНА

Сүүлийн үед Монголын анхны их дээд сургууль болсон Монгол Улсын Их сургуулийн хичээлийн гуравдугаар байрыг буулгаж шинэ барилга барих тухай   яригдаж байна.

Тодруулбал, "МУИС кампус"  төслийн хүрээнд эхний ээлжид хичээлийн гуравдугаар байр буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийг буулгахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.

Энэ тухай тус сургуулийн зүгээс өгсөн мэдээллээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд тодорхой шийдвэр гараагүй байгаа аж. Үүний талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас “МУИС-ийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол Засгийн газраар орохоор бэлтгэж байна. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулсан бөгөөд эрсдэлийн үнэлгээ хийсний дараа буулгах, актлах асуудлыг Төрийн өмчийн хороотой зөвлөж шийдвэрлэнэ” гэх мэдээллийг өгсөн юм. Одоогоор шинээр барих барилгын тухайд 2-3 хувилбар яригдаж байгаа гэнэ. Энэ талаар тус яамны төлөөлөл дараах мэдээллийг өглөө.

ШИНЭ БАРИЛГА БАРИХ АСУУДЛЫГ МУИС ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООТОЙ ЗӨВЛӨЛДӨНӨ

БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:

ах.jpg

-МУИС 40 судалгааны лабораторитой. Олон улсын үнэлэмж, нэр хүнд өндөр. Энэ утгаараа МУИС судалгааны үндэсний их сургуулийн статустай сургууль байх бүрэн боломжтой. Сургуулийн барилгын тухайд 2-3 хувилбар яригдаж байна. Үүнд, цар тахлын үед зогссон 25 сая ам.долларын хөрөнгөөр барилга барих газар байна. Энэ ажлыг үргэлжлүүлэх зориулалтыг өөрчлөх зүйл байхгүй. Хүлээгдэж байна. Ерөнхийдөө, хуулийн сургуулийн барилгын нэгдүгээр корпусын барилгын ажил эхэлж байгаа. Одоо нийгэмд яригдаж буй сургуулийн байрыг буулгаж, суурин дээр нь шинэ барилга барих тухай асуудалд ажлын хэсэг байгуулж эрсдэлийн үнэлгээ хийнэ. МУИС-ийн зүгээс энэ асуудалд Төрийн өмчийн хороотой зөвлөлдөнө. Барилга барих тухайд актлуулж, шийдвэр гарах ёстой. Энэ үйл ажиллагааг сургуулийн зүгээс зохион байгуулалтаар хангах үүрэгтэй" гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс эл асуудлаар МУИС-аас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байв. Тус сургуулийн зүгээс одоогоор байр суурь илэрхийлэхээс татгалзаж байгаа.

Бид Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас тодруулахад Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дахин төлөвлөлтийн хүрээнд тусгагдсан байж магадгүй гэхээс өөрийг хэлсэнгүй.

СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ ЖАГСААЛТАД МУИС-ИЙН 3 ДУГААР БАЙР БАГТААГҮЙ

Тэгвэл МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр нь соёлын өвийн дурсгалт барилга уу, аль эсвэл хуучны орон сууцтай адил барилга уу? гэх асуултад салбар салбарын төлөөллүүдээс тодруулсан юм.

муиса.jpg

Соёлын өвийн үндэсний төвөөс улсын чанартай түүхэн дурсгалт үл хөдлөх соёлын өвөөс бусад дурсгалыг тухайн бүс нутаг буюу дүүрэг хариуцна гэдгийг хэлсэн. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 12/35 дугаар тогтоолоор “дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ад 143 барилга бүртгэжээ.

Үүнээс харвал, МУИС-ийн нэгдүгээр байр болон анхны хичээлийн байр эл жагсаалтад орсон бол хичээлийн гуравдугаар байр алга байв.

Гэсэн ч хотын А хэсэгт байрлах МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр нь өөрөө асар үнэ цэнтэй болохыг Монголын Архитекторуудын Эвлэлийн төлөөлөл хэлсэн юм.

ЗУРАГ, БИЧЛЭГ ҮЛДСЭН Ч ТУХАЙН ОРЧИН, ҮНЭ ЦЭНИЙГ ОРЛОЖ ЧАДАХГҮЙ

МАЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Шинэзаяа: 

заяа.jpg

-Архитектор хүний хувьд надад түүхэн дурсгалт хуучны барилгууд асар үнэ цэнтэй. Учир нь би яагаад гэдгийг мэднэ. Харин бусад хүмүүс яагаад гэдгийг нь мэдэхгүй учраас нураах амархан байх. Хэрэв яагаад гэдгийг нь мэдэж, үнэ цэнийг мэдэрвэл буулгах тухай бодохгүй.

Миний бодлоор МУИС-ийн хичээлийн байруудыг шинэчилж буулгах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл барилга өөрөө бүхэл бүтэн Улаанбаатар хотын түүхийг илтгэж байна. Өдийгөөс төдий хүртэл хөгжсөн шүү гэдгийг илтгэх түүхэн дурсгалт барилгууд юм. Гэтэл буулгахаар эргээд бидэнд юу үлдэх вэ. Яах вэ, зураг, бичлэг үлдсэн ч бид орчинд нь очсон юм шиг мэдэрч чадахгүй.

Сургуульд нь сурч байсан, орчинд нь байсан хүмүүст маш үнэ цэнтэй. Тиймээс буулгах нь тун харамсалтай. Дэлхийн ихэнх улс орнууд хуучны ашиглалтын хугацаа нь дууссан  барилгуудыг музей байдлаар ашиглаж, түүхэн дурсгалаа хадгалж үлдсэн байдаг. Монголд ч бас ийм боломж бий.

Түүний хэлснээр бидний асуудал гэж ярьж байгаа барилгууд нь модернизмийн үеийг илтгэх түүхэн барилгууд аж. Дэлхий дахинд архитектурын модернист үзэл санаа дуусгавар болж байсан 1960-аад онд Монголд баригдсан барилгууд нь эл загварыг агуулжээ. Тиймээс хуучин болгон муу биш, шинэ бүхэн сайхан биш гэж тэр онцолсон.

Улаанбаатарт шинэ барилга баригдахын хэрээр хотын орон зай хумигдаж хүнд ээлгүй хот болж байгааг Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр шүүмжилж байлаа. 

ХОТЫН АМИН СҮНС НЬ ТӨВ. ЭНД ШИНЭ БАРИЛГА БАРИХ БОЛОМЖГҮЙ

очбаяр.jpg

-Улаанбаатар ганц хотын төвтэй.  Хотын амин сүнсийг харуулдаг хэсэг нь Бага тойруу. Тиймээс энэ хэсэгт байрлах барилгуудад онцгой анхаарч хот төлөвлөлтийн баримт бичгийг дагах ёстой.

Дээр нь энэ бүс нутагт шинээр барилга барих боломжгүй болсон. Даац нь хэтэрсэн. Бага тойрууд шинэ барилга баригдах бүрт бидний амьдрах таатай орон зай багасч байна.

МУИС барилгаа өргөтгөх нь зүйн хэрэг ч Бага тойрууд сургуулиа өргөтгөхөөр болбол нийтийн эрх ашиг хөндөгдөнө.

Тухайн байгууллагын эрх ашиг нэгдүгээрт байх уу, Улаанбаатар хотын иргэдийн эрх ашигт нэгдүгээрт яригдах уу гэх асуудал хөндөгдөнө. Мэдээж иргэдийн эрх ашиг чухал шүү дээ гэв.

Г.Очбаяр  хуучны дурсгалт барилгуудыг хадгалж, хамгаалах талаар зоригтой дуугардаг залуу үеийн төлөөлөл. Тэр өмнө нь Байгалийн түүхийн музей, Гоожингийн өндөр, Монгол Улсын 9 дэх Ерөнхий сайд П.Гэндэнгийн байр зэрэг хуучны үнэ цэнтэй барилгуудыг хадгалж хамгаалах талаар нийгэмд байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Тэр өнөөдөр ч үл хөдлөх дурсгалуудыг хадгалж хамгаалах талаар дуугарсаар байгаа нь энэ. 

Хотынхонд нэг л жим шиг уйтгартай, ердийн л санагддаг Сүхбаатарын талбай, Их дээд сургуулиудын гудамж нь өөрөө Улаанбаатар хотын ой санамж.  Харамсалтай нь, өдрөөс өдөрт бүдгэрч, анзаарвал хуучны гэх тодотголтой модон, таван давхар барилгууд шилэн барилгуудын сүүдэрт дарагдаж хэн ч анзаарахгүй шахам болоод уджээ. Нөгөөтэйгүүр, хотын А бүсэд байрлах хуучны барилгыг нураах нь газрын наймааны  томоохон эрх ашиг нуугдаж байна уу гэх хардлага ч байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр.

1 цагийн өмнө
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа

7 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

10 цагийн өмнө