Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.
-Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, ГОК гээд, сүүлд Тавантолгой, Хөгжлийн банк гээд дан төрийн өмчит компани тойрсон хулгайн асуудал Монголд гараад байжээ. Хулгайч нь хаана байна гэхээр бүгдээрээ УИХ руугаа заагаад байх юм. Энэ хулгайн үндсийн үндсийг засах нь энэ парламент, Засгийн газрын үүрэг. Засгийн газраас Төрийн өмчийн багц хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа. Засаж чадах болов уу, энэ хуулиудаар?
-Төрийн өмчит компаниуд дээр яагаад ийм хулгай гардаг байв аа гээд харахад ерөөсөө гол асуудал нь менежмэнт байжээ. Менежмэнт нь ил тод бус байсан, улстөрчдийн нөлөөлөл орсон гэх мэт асуудал яригддаг. Миний бодлоор зөв шийдэл бол төрийн өмчит компаниудын 25, 33 хувийг Хөрөнгийн биржид гаргах, ингэснээр олон нийтийн хяналтад оруулж менежмэнтийг нь бүхэл хувьцаа эзэмшигчдийн хурлаараа томилж, компанийн менежмэнт нь тухайн компанийн ашгийн төлөө л ажиллах ёстой. Компанийг яаж үр ашигтай, яаж хулгайгүй, яаж лоббинд орохгүйгээр ажиллуулах вэ гэдгийг шийдэл нь энэ. Зах зээлийн эдийн засагтай орнуудад үүнээс илүү төгс шийдэл байхгүй байна. Гаргахдаа янз бүрийн хувилбартай гаргаж болно. Дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулж болно, гадаадын хөрөнгийн биржээр гаргаж болно. Засгийн газар менежмэнтийг нь сонгон шалгаруулалтаар томилох асуудлыг хийж байна. Компанийг үр ашигтай, чанартай авч явж чадах удирдлагыг сонгон шалгаруулж томилох нь зөв л дөө. Тэгэхгүй нэг дарга томилоод, тэр захирал нь тэр даргын тушаалаар хөдлөөд байж болохгүй л дээ. Төрийн өмчит компанийн өмч гэдэг бол Монгол Улсын бүх иргэдийн өмч гэсэн үг.
-Төрийн өмчийн хууль, Төрийн өмчит компанийн тухай хууль гээд хуулийн төслүүдийг УИХ-д оруулж ирлээ. Энэ бүхэн таны ярьсныг зохицуулах шийдэл мөн үү?
-Өнөөдрийн бүх алдааг харж байгаад яаж илүү сайжруулах вэ, төгс болгох вэ гэж явсан хуулиуд. Гэхдээ юм болгоныг хуулиар зохицуулахад хэцүү. Яагаад гэвэл хуулийг амилуулахад тодорхой цаг хугацаа ордог. Тийм учраас шууд л Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтийн хяналтад оруулах нь цаг хугацаа хэмнэнэ. Тэгж байж тайлан баланс нь улирлаараа ил тод болно. Ямар хэмжээний орлого, зарлага гаргасан нь ил болно. Үүнд нь олон улсын аудитын хяналттай болно. Хариуцлага ярих бололцоотой. Нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга ч юм уу, хэн нэг эрх мэдэлтэн ч юм уу ТУЗ-д нь суух биш тэр компанийн төлөө ажиллаж чадах хараат бус төлөөлөл суух хэрэгтэй.
-Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын хувьд асууя. Монголд гаргасан койнууд яг луйвар мөн үү. Эсвэл койн гаргасан зарим хүний явц дундаа гаргасан үйлдэл нь луйвар байсан уу?
-Цахим валют, цахим хөрөнгө өөрөө сүүлийн таван жил дэлхий даяар идэвхтэй өргөжиж байгаа. Ялангуяа КОВИД-ын үеэр бүх улсад л идэвхтэй хөгжүүлж байгаа зүйл. Зохицуулалт зайлшгүй хийх шаардлага гарсан. Гэхдээ маш хурдтай хөгжиж байгаа учраас төгс зохицуулалт аль ч улсад алга. Монголд ч гэсэн харагдаж байна. Ямар ч байсан УИХ цахим хөрөнгийг бүртгэе гэсэн шийдлээр Виртуаль хөрөнгийн тухай хуулийг гаргасан. Цаашид яах вэ, гэдгийг анхаарах ёстой. Койн гаргасан, цахим валют гаргасан нөхдөд тодорхой хэмжээний хяналт тавих нь зүйтэй байна. Маш их хэмжээний хөрөнгө иргэдээс төвлөрүүлж авсан тэдэн дээр нэгдүгээрт тавих асуудал нь “Татвараа төлсөн үү”. Хоёрт, иргэдээс татсан мөнгөө юунд зарцуулсан бэ. Яагаад гэвэл, whitepaper гээд IPO гаргадаг шиг тодорхой хэмжээний бичиг баримтыг эхлээд боловсруулж байгаа. Тэр мөнгөө юунд зарцуулах вэ, яах вэ гэдгээ тэндээ бичсэн байгаа. Тэрний дагуу зарцуулсан уу гэдгийг тодруулах асуудал яригдах нь гарцаагүй. Яг л Хөгжлийн банкны асуудал дээр “мөнгөө зориулалтын дагуу зарцуулсан уу” гэдгийг шалгадаг шиг. Хэрэв тийм биш бол цэвэр эдийн засгийн гэмт хэрэг. Тийм луйвар хийсэн бол хариуцлага тооцох ёстой.
Төгс шийдэл гаргасан улс байхгүй гэж түрүүн хэлсэн. Зарим улс койн болоод виртуаль хөрөнгө, валютыг 100 хувь хаасан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхлэхээр дийлэнх хүмүүс биткойн болоод бусад валютаас бодит хөрөнгө рүү нэлээд хөрөнгөө шилжүүлсэн. Үүний үр дүнд цахим валютын үнэ их хэмжээгээр унасан л даа. Бид үүн дээр маш анхааралтай байх хэрэгтэй. Гэхдээ санхүүгийн зохицуулах байгууллага болон татварын албад, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албад хамтраад ажиллах нь зөв. Яагаад гэвэл, иргэдийн эрх ашгийг тэд хамгаалах ёстой. Койн гаргасан нөхөд төвлөрүүлсэн мөнгөө зориулалтын дагуу ашигласан уу гэдгийг хамгийн түрүүнд шалгах шаардлагатай.
-Манай улсад цахим мөнгө, хөрөнгийн урсгалд хяналт тавих, мөрөөр нь хөөх, бусад улстай шуурхай ажиллах хэмжээний чадамж байгаа болов уу?
-Цахим бодлогын байнгын хорооны дарга болсноор би төр, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллагатай уулзсан. Хамгийн тулгамдаж байгаа зүйл нь бол хүний нөөцийн асуудал юм билээ. Яагаад гэвэл, Монгол Улсад мэдээллийн технологийн үндсэн гурван мэргэжлээр төгсөж байгаа оюутны тоо жилдээ 300-400. Энэ нь зах зээлийн эрэлтдээ тэнцдэггүй. Тийм учраас төр бодлогоо IT салбарт хандуулж, хүний нөөцөд нь анхаарах шаардлагатай гэж харж байна. Хоёрдугаарт, IT салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалин, урамшуулалд анхаарах нь зүйтэй байна. Төрд ажиллах уу, хувийн хэвшлийн өндөр цалин дээр ажиллах уу гэдэг сонголт дээр төрийн чадамж алдагдаад байна. Төрд нарийн мэргэжилтнүүдийн хомсдол үүсээд байна. Ялангуяа цахим гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаа, тагнуулын мэргэжилтнүүдийг чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байгаа. Цахим гэмт хэрэгтнүүд нарийн технологи ашиглаж байхад түүнээс давсан технологи, хангамж төрд ажиллах хүмүүст хэрэгтэй шүү дээ. Тэгж байж иргэдээ хамгаалж, зөрчигдсөн эрхийг нь сэргээнэ. Хойноос нь хөөх биш урьдчилж харж ажиллахын тулд нарийн мэргэжлийн хүмүүс анхаарах хэрэгтэй. Бодлогоор IT салбарт бэлтгэгдэж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин, урамшууллыг нэмэгдүүлэх зүйлийг төр хийх хэрэгтэй байна.
-Иргэд цахимаар санал, өргөдөл гаргаж УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой журмыг Инноваци, цахим бодлогын байнгын хороо гаргасан. Гарын үсэг цуглуулах гэж уддаг, тэгээд нэг даргад гардуулах гэж, шийдүүлэх гэж хүлээдэг явдалд цэг тавьсан хүчтэй журам гэж ойлголоо. Тэр журмыг иргэд яаж хэрэглэх вэ?
-Иргэд төр, засгийн бодлогын шинжтэй асуудлаар тодорхой саналаа цахимаар гаргаж түүндээ олон нийтээс дэмжлэг авч чадвал УИХ-аар тухайн асуудлыг шийдүүлэх бололцоог журмаар шийдэж өгсөн. Үүний тулд D-parliament платформ руу гар утаснаасаа нэвтэрч ороод УИХ-д хамаарал бүхий сэдвээр асуудал тавьж болно. Тухайн сэдэв нь 100 хүний дэмжлэг авахад тэр нь шууд УИХ-ын Тамгын газарт очно. Тэгэнгүүт УИХ-ын Тамгын газар тухайн иргэнд техникийн болон эрх зүйн дэмжлэг үзүүлнэ. Тэр асуудал 33 мянган иргэний дэмжлэгийг авахад шууд УИХ-аас ажлын хэсэг байгуулна. 70 мянган хүний санал авахад УИХ-ын холбогдох байнгын хорооноос Хянан шалгах ажлын хэсэг байгуулна. 100 мянган хүний санал авахад УИХ асуудлыг шууд ярина. Тэгэхээр энэ журам иргэд болон УИХ-ыг шууд холбож байгаа гүүр, парламентын ардчиллыг дэмжиж байгаа хэлбэрийн нэг боллоо гэж бид харж байгаа.
-Та 100 жил төр барилцаж, сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-аас СХД-т нэр дэвшиж парламентад сонгогдсон. Үүнээс өмнө УИХ, орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихэд мөрийн хөтөлбөр, боловсрол, удам судар танд ялалт авчирч чадаагүй. УИХ-ын сонгуульд пропорциональ тогтолцоог хэрэглэх, парламентын гишүүдийн тоог нэмэх явдал нь бусад нам, нэр дэвшигчдэд УИХ-д орж ирэх боломж олгож чадах болов уу?
-Сонгогчдын санал гээгдэхгүй байх талаас нь сонгуулийн пропорциональ тогтолцоог би дэмждэг. Ямар хувилбараар пропорциональ явах вэ гэдэг нь дараагийн сэдэв. Магадгүй, нэрийн жагсаалтаар явж болно. Гэхдээ намын нэрэн дор нуугдаж биш Монгол Улсдаа нэр хүндтэй, салбар болгоны шилдэг төлөөлөл болсон хүмүүс нь өөрөө ил гарч ирж сонгогддог байх нь зүйтэй. Гишүүдийн тоог нэмэх асуудал хоёр талтай. Аль тал нь парламентын ардчиллыг улам бэхжүүлэх вэ гэдгээр сонголт хийгдэнэ. Өнөөдөр 76 дотор 10-20 гишүүнээс бүрдсэн бүлгүүд үүсэж, бүлгийн нөлөөллөө ашиглах замаар ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргуулах боломжтой байгаа нь том зургаараа тусгаар тогтнол, аюулгүй байдлын эрсдэл. Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төр, гадаад бодлогыг гадаад орон болон ямар нэг бүлэглэлийн нөлөөнөөс ангид байлгахын тулд лобби, бүлэглэлд автахгүй олонхиороо шийддэг байх тэр тогтолцоо л манайд хэрэгтэй.
-Банк санхүүгийн системд ажиллаж байгаад парламентад сонгогдоод жил гаруй болжээ. Ирэх онд сонгууль болж энэ парламентын бүрэн эрх дуусна. Энэ хугацаанд Монголд хэрэгтэй ямар ажлын ард гарна гэсэн амбицтай байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдээ эх оронд нь сайхан амьдруулахын төлөө хувь нэмрээ оруулах гэж орж ирсэн. Иргэдийн авч байгаа цалин амьдралд нь хүрэлцдэг, ипотекийн зээл улам хүртээмжтэй байх чиглэлд ажиллаж байгаа. Анх 2013 онд Монголд ипотекийн зээлийг нэвтрүүлж байхдаа ийм л бодлоготой байсан. Үүний үр дүнд 100 мянган айл орон сууцтай болсон. Нэмээд 300 мянган айлыг орон сууцтай болгочихвол утаа, орчны бохирдол болон нийгмийн чанартай олон асуудал шийдэгдэх гээд байна. Дээрээс нь Монгол Улсын банк санхүүгийн систем хөгжлөөрөө инкубаторт байгаа хүүхэд шиг л байна. Үүнийг гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай интергацид оруулж, түүгээр дамжуулан эдийн засагт нэмэр болох шийдлүүдийг хиймээр байна. Хөрөнгийн зах зээлийг улам хөгжүүлмээр байна. Санхүүгийн салбарын 87 хувийг арилжааны банкууд дангаараа эзэлдэг. Арилжааны банкууд 1992 оноос хойш иргэдийн хадгаламжийг зээл болгож эргэлдүүлдэг хэлбэрээр л явж байгаа шүү дээ. Тийм учраас санхүүгийн шинэ системүүдийг үүсгэмээр байна. Ялангуяа hedging хийх, валютын арилжааг чөлөөтэй болгох гэх мэт. Мөн гадаадын хөрөнгө оруулалт болон гадаадын банкуудын оролцоог зохистой түвшинд аваачмаар байна. Ингэж байж зээлийн хүү буурна. Мега төслүүд болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийг улсын төсвөөр хийх боломж байхгүй. Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх шаардлага байна.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль дээр идэвхтэй ажилласан. Эдгээр хууль том төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ямар ач холбогдолтой юм бэ?
-Эхэлж баталсан Хөрөнгө оруулалтын банкны хууль дангаараа хэрэгжихэд түвэгтэй байсан. Иймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг давхар явуулсан. Энэ хоёр багцаараа гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Яагаад гэвэл, хөгжлийн томоохон төслүүд болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих Аж үйлдвэрийн сэргэлт, Боомтын сэргэлт, Дэд бүтцийн сэргэлтийн ажлыг төсвийн хөрөнгөөр хийхэд хүндрэлтэй. Бусад АНУ, Канад, Норвеги зэрэг баян орнуудад ч том төслүүдээ төсвийн хөрөнгө оруулалтаар хийхэд хүнд байдаг. Заавал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж ажилладаг. Ийм төслүүдэд хөрөнгө оруулдаг банк санхүүгийн байгууллагууд бий. Macquarie группийн Infrastucture компани цэвэр урт хугацааны дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хийдэг. Том гүүр, хурдны зам, боомтын санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр оруулдаг. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний ойлгосноор 40 тэрбум ам.доллар хэрэгтэй. Энэ мөнгийг манай Монгол Улс нэг дор гаргах боломжгүй. Харин гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх эрх зүйн орчныг сайжруулснаар бидний боломж нэмэгдэнэ. Үүний төлөө хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх гэж энэ хуулиудыг баталсан юм. Наад зах нь, Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх автозамын төсөл дээр гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд транзит тээврээс ашиг олох, улсын эдийн засгаа тэлэх, гадаад валютаа нэмэх, иргэдийн орлого нэмэгдэх сайн талтай.
-Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хороонд ажиллаж, сонсгол хийлцсэн. Энэ их хулгай юунаас болсон гэсэн дүгнэлт хийсэн бэ. Цаашид Хөгжлийн банк аль чиглэлд хөгжих ёстой вэ гэсэн дараагийн асуулт байна.
-Хөгжлийн банк бол экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийг дэмжих зорилгоор стратегийн ач холбогдолтой мега төслүүдийг дэмжихээр байгуулагдсан. Энэ бол ганц Монголд байгуулагдсан зүйл биш. Япон, Солонгос улс Хөгжлийн банкаараа төслүүдээ санхүүжүүлж топ эдийн засаг болсон шүү дээ. Бидний сайн мэддэг БНСУ 1970-1980 онд дийлэнх хүнд үйлдвэрүүдээ Хөгжлийн банкаараа дамжуулж санхүүжүүлсэн. Яагаад гэвэл арилжааны банкуудын эх үүсвэр нь үнэтэй, богино хугацаатай. Эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдолтой төслүүдэд урт хугацаатай, хямд эх үүсвэртэй санхүүжилт хэрэгтэй. Улс хөгжиж, эдийн засаг нь чангарна.
Харамсалтай нь Монгол Улсад зээл авсан нөхөд нь зориулалтын бусаар ашиглаж, Хөгжлийн банк ач холбогдолгүй төслүүдийг санхүүжүүлсэн. Хөгжлийн банкин дээр маш зохион байгуулалттай кординацитай луйврын схем явсан байна.
Наад захын жишээ ярихад, Бишрэлт групп 240 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг өөрийн банкиндаа эх үүсвэр болгож авчраад, тэгээд дампуураад, маш олон иргэдийг хохироосон. Шинжээчийн дүгнэлтээс харахад Монгол мах экспо компанид 33 тэрбумын зээлийг Монгол Улсын махны экспортыг дэмжие, гадаад вальютын урсгалыг нэмэгдүүлье гэж авсан хэрнээ 29 тэрбум төгрөгөөрөө Капитал банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн, үлдсэн 2 тэрбумыг нь хамаарал бүхий компанийнхаа зээлийг дарсан болох нь илчлэгдэж байна. Бид өмнө нь банкны гүйлгээг нь харж чаддаггүй байсан бол Хөгжлийн банкны сонсголоор эдгээр нь ил боллоо. Тодорхой иргэн бас Хөгжлийн банкнаас зээл авсан мөнгөөрөө гадаадад казино тоглосон нь харагдаж байна. Хөгжлийн банкин дээр теллерийн үйл ажиллагаа явуулсан нь харагдаж байна. Засгийн газрын шийдвэрээр шууд л зээл олгочихсон. Бусдын боломжийг хаасан, Монгол Улсын хөгжлийг боосон зүйл харагдаж байна л даа. Энэ нь юутай холбоотой вэ гэж та асуусан.
-Харин тийм.
-Нэгдүгээрт, Хөгжлийн банкын тухайн үеийн менежмэнтийн асуудал байна. Явцын шалгалт хийгээгүй, зээл болгож төслийн санхүүжилт хаашаа орсон байна гэдгийг шалгаагүй. Арилжааны банкууд үүнийг маш сайн хийдэг.
Хоёрдугаарт, Засгийн газрын нөлөө орж ирсэн. Шууд Бондын зөвлөл болон Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкаар теллерийн ажил хийлгэсэн. Хөгжлийн банкаар дүгнэлт хийлгэлгүй зээл гаргуулаад байсан.
Гуравт, ашиг сонирхлын зөрчилтэй нөлөөлөл байсан гэж хардаг. Үүний эцсийн үр дүнг шүүх шийднэ. Ямар зарчмаар, хэний лоббигоор ямар ч ач холбогдолгүй хөгжлийн бус төслийг санхүүжүүлсэн юм. Нэг өдрийн дотор зээлийн хорооны шийдвэр нь гарч, саяхан байгуулагдсан бизнесийн түүхгүй аж ахуйн нэгжид зээл олгосон зэрэг сэжиг бүхий үйлдлүүд яригдаж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг эргэж харахад ямар дүгнэлтэд хүрч байна гэхээр буруутай үйлдлүүдийг гаргаж ирээд хууль хяналтын байгууллагууд холбогдсон хүмүүст нь өндөр хариуцлага тооцох ёстой. Ингэж байж Хөгжлийн банк цаашид мандатынхаа дагуу ажиллана. Хуулиа зөрчвөл өндөр хариуцлага тооцдог гэдгийг ойлгох ёстой. Хоёрт нь, зээл авч байгаа аж ахуйн нэгжүүд зээлээ зориулалтаар нь зарцуулах ёстой. Гэрээгээ зөрчих нь эрүүгийн өндөр хариуцлага хүлээдэг болох ёстой. Яагаад гэвэл энэ бол цэвэр санхүүгийн луйврын схем, эдийн засгийн гэмт хэрэг. ТЭЗҮ-ээ бичээд, ажлын байр үүсгэнэ, төсөл хэрэгжүүлнэ гэж бичээд зээлээ аваад банк бусад өгч эргэлдүүлээд мөнгө угааж байна. Аль эсвэл өмнөх зээлүүдээ дарж байна. Аль эсвэл холбогдох банкныхаа өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байна. Тэдэнд хариуцлага тооцож байж дараагийн нөхөд нь зориулалтаар нь ашиглана.
Нэг юмыг ойлгох ёстой. Хөгжлийн банк бол гадаадаас бонд босгоод, гадаадаас урт хугацааны санхүүжилт татаж төслүүдийг санхүүжүүлдэг. Ингэхдээ хөрөнгө оруулж байгаа нөхдүүдийн өмнөөс Засгийн газар төлбөрт орж байдаг. Урт хугацаандаа Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ гэж амлалт өгч байж мөнгө оруулж ирж байгаа. Энэ мөнгийг маш хариуцлагатайгаар, мандатынхаа дагуу зарцуулах нь зөв л дөө.
-Ярилцлагын эхэнд та УИХ-д 10-20 гишүүн ашиг сонирхлын бүлэг үүсгэж, тэр нөлөөллөөрөө төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх эрсдлийн талаар дурдсан. Жишээ нь та, УИХ-д орж ирээд аль фракцад байна вэ. МАН-ынхаа аль нэг фракцид харьяалагддаг уу?
-УИХ-д орж ирээд лобби бүлэг үүсгэхээс илүү иргэдийн дэмжлэгийг авч ажиллах нь илүү үр дүнтэй, хүчтэй гэж би үздэг. Хууль тогтоомжийн эцсийн үр дүн иргэд, аж ахуйн нэгжид сайнаар хүрэхээр бол тэд дэмжинэ шүү дээ. Батлагдсан хуулийг амь оруулах нь илүү чухал учраас тийшээ илүү анхаарч ажилладаг.
-Нүүрсний эдийн засагтай гэж ярьдаг бид Хятадын гүн рүү биш Өвөрмонголын захын аймагт нүүрсээ нийлүүлж байгаа. Нүүрсний хулгай юунаас болж үүсэв. Оффтейк гэрээнүүд, түрүүн ярьдаг нүүрс тээврийн асуудал. Яаж сайжруулах вэ?
-Том агуулгаараа Монгол Улс нүүрсээ олон улсын жишиг үнээр зарах ёстой. Худалдан авагч болон хэмжээ, үнэ нь ил тод байх ёстой. Биржээр дамжуулах нь шилдэг арга л даа. Ингэвэл ямар худалдан авагч, хэдэн ам.доллараар хэр хэмжээний нүүрс авсан бэ, үүнийг дагаад хэр хэмжээний орлого Монгол Улсад орж ирэх нь ил тод байх юм.
-Нэгдүгээр сарын 27-нд батлагддаг Уул уурхайн биржийн тухай хууль дээр та идэвхтэй ажилласан. Энэ хуулийн нөлөө эдийн засаг, ялангуяа нүүрсний арилжаанд яаж тусах юм бэ?
-Сая ярьсан дээр нэмээд оффтейк гэрээний асуудал байхгүй болно. Хоёрт, валютын урсгал Монгол Улсдаа үлдэнэ. Энэ нь бол төгрөгийн чангаруулж, ам.долларын ханшийг сулруулна. Ингэснээр импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буурна. Монгол Улс уул уурхайн биржгүй учраас л оффтейк явагдсан. Ил тод байгаагүй учраас хээл хахууль, ашиг сонирхлын асуудал яригдаж байна. Биржээр явуулснаар бүх зүйл ил тод, зах зээлийн хуулиар явагдана. Энэ дээр нэмж хэлэхэд, Боомтын сэргэлт эрчимтэй явах нь эдийн засагт чухал нөлөөтэй. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам баригдчихлаа. Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд төмөр замаа барилаа. Энэ нь манай экспортод эерэг нөлөө гаргана. Их хэмжээний экспорт хийх нь Монголд чухал боловч тэр орлогоо Монголд авчрах нь илүү чухал. Үүнийг биржийн хуулиар бий болгож байгаагаараа онцлог.
-Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байхдаа Тавантолгойн Зүүн цанхийг түшиглэсэн IPO босгохоор ажилласан. Тухайн үед үүнийг тодорхой улстөрчдийн бүлэг эсэргүүцэж зогсоосон. Зогсоосон хүмүүс нь өнөөдөр "нүүрсний" гэдэг хэрэг дээр холбоотой байсан нь илэрч байна. IPО гаргах асуудлыг үргэлжлүүлье гэвэл юу хийх шаардлагатай вэ?
-Би гадаадын хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг байхдаа IPO дээр ажилладаг байсан. Олон улсын жишгээр IPO гаргах нь зүйтэй. Нэгдүгээрт, бүх юм нь маш ил тод байх ёстой. Нэг хувьцаа худалдаж авсан байлаа ч тухайн “эзэн”-д нэг хадаасных нь мэдээлэл ил тод байх ёстой. Үүнд зориулж тухайн компанийн бүх мэдээллийг багтаасан проспектус гаргахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн хөрөнгө оруулалтын компанийг хөлсөлж авах шаардлагатай. Олон улсын мэргэшсэн компаниар сүүлийн 3 жилийн тайланд аудит оруулах ёстой. Нэмээд олон улсын жишгээр ажиллаж сурсан хуулийн компанийг ажиллуулах ёстой. Олон улсын жишиг аргачлалаар үнэлгээ гаргана. Түрүүн ярьсан ТУЗ-ийг мэргэшсэн, хараат бус хүмүүсээр бүрдүүлэх ёстой. IPO-г дотоодод гаргах уу, гадаадад гаргах уу гэдгээс үл хамаарч олон улсын жишгээр гаргах нь хамгийн зөв. Тэгж байж Монгол Улсын 1072 хувьцаа эзэмшигчдийн хувьцааг амилуулна.
-Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас УИХ-д өргөн барьж батлуулсан Олон нийтийн сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэр хууль танай Инноваци, цахим бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой байсан биш үү. Хэлэлцүүлэхгүйгээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлээд шууд УИХ-ын чуулганаар шуурхай батлуулсан.
-Аль байнгын хороогоор хэлэлцүүлэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Энэ хууль бол байх ёстой хууль гэж би үзэж байгаа. Бид нэг зүйлийг онцгой анхаарах ёстой. Энэ хууль ямар нэгэн байдлаар иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаагаагүй. Нийгмийн сүлжээ гэдэг тусдаа ертөнц өнөөдөр бий болчихлоо шүү дээ. Би гэхэд 2004 онд фэйсбүүк нээгдэхэд анхны хэрэглэгчдийн нэг байсан. MySpace, Hi5 хэрэглэдэг байхад фэйсбүүк дөнгөж нээгдсэн үе. Тэр үед цахим орчин тийм ч онцгой анхаарал хандуулах ёстой байсан зүйл байгаагүй. Найз нөхөд рүүгээ зурвас бичдэг, зураг хөргөө тавьдаг платформын хэмжээнд ашиглаж байсан. Энэ нь өнөөдөр өргөжөөд иргэдийн амьдралын 50 хувь нь энэ платформ дээр явж, бараа бүтээгдэхүүнээ зарж, бизнесээ фэйсбүүкээр явуулж, мэдээлэл хүлээж авч түгээж, уламжлалт маркетингаас илүү том ертөнц фэйсбүүк дээр бий болчихлоо. Харамсалтай нь үүнийг дагаад нэг том эрсдэл гарч ирсэн нь цахим гэмт хэрэг. Цахим гэмт хэрэг дэлхийд төдийгүй Монгол Улсад ч идэвхтэй явагдаж байна. Садар самууны асуудал, хар тамхины наймаа, хуурамч мэдээлэл, гүтгэлэг, гадуурхал цахим ертөнцөд дэлгэрээд байна. Үүнийг зохицуулах нь зүйтэй. Нийгмийн амьдралд, гудамжинд хориотой байдаг хар тамхи, бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэргийг зохицуулалт байдаггүй цахим орчныг ашиглаж хийгээд байна. Ийм учраас бодит амьдрал дээр зөвшөөрөөгүй гэмт хэргийг фэйсбүүк, цахим орчинд хязгаарлах шаардлага байгаа учраас хууль нь хэрэгтэй байгаа юм.
-Гэж хуулийг та дүгнэж байгаа юм байна. Тэр хууль дотор байгаа Зөрчилтэй контентыг тодорхойлох 11 заалт Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуульд байгаа. Хуульд байгааг давхардуулж бичих, журмаар зохицуулж байгааг хуульд дэлгэрүүлж бичих шаардлагатай байсан гэж бодоход олон нийтээр хэлэлцүүлэх ёстой гэсэн хууль батлах дэг журмаа зөрчсөн юм биш үү. Жишээ нь, хоёр хоногийн дотор УИХ-ын гишүүд танилцаж, судалж амжсан байдаг болов уу?
-Тэр нь тухайн гишүүний ажлын хариуцлага учраас би мэдэхгүй л дээ. Би хувьдаа танилцсан. Ямар ч байсан 40 гишүүн баталсан. Процесс дээр алдаа гарсан, олон нийтэд танилцуулж хэлэлцүүлээгүй гэж Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгож байгаа. Миний тухайд өргөн хүрээтэй асуудлыг зохицуулсан хууль нь хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Цахим орчин дахь зөрчилтэй контентыг зохицуулах хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа цахим луйврын гэмт хэрэг, мансууруулах бодис худалдах, садар самууныг сурталчлах, бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх гэх мэт асуудал бол маш эмзэг сэдэв. Яагаад гэвэл бид хойч үеэ хамгаалах ёстой.
-Метаверс дахь эрх зүйн зохицуулалтыг Япон, Солонгосоос эхлээд улс орнууд өөрийн хэмжээнд хийж эхлээд л байгаа юм билээ л дээ.
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай бид яалт ч үгүй нүүр тулж, зэрэгцээд алхаж байна. Метаверс гэж шал тусдаа ертөнц гарч ирлээ. Энэ зүйлийг бид зогсоож чадахгүйн дээр энэ зүйл цаашаагаа л хөгжөөд явна. Метаверс бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болно гэдгийг сая Давосын хурал дээр IT технологийн акулууд зарласан.
Г.Улсболд