Улсын төсөв тойрсон асуудлаар Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, доктор С.Бямбахорлоотой ярилцлаа.
----------------------------------------------------
-Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаад бүтэн жил тойрч байна. Энэ хугацаанд төр төсвөөсөө эхлээд бүх зардлаа хэмнэж чадсан уу. Эдийн засагчийн хувьд та хэрхэн харж дүгнэж байна?
-Засгийн газрын зардлыг 4 хувиар өсгөлөө. Ийм атал төрийн хэмнэлт яриад байгаа нь хуультайгаа зохицож байгаа эсэх дээр эргэж харах шаардлагатай байх. Үг, үйлдэл хоёр нь л зөрөөд байгааг тоо харуулж байна гэсэн үг шүү дээ. Төр хэмнэсэн эсэхийг төсөв, гүйцэтгэлийг нь харьцуулан харахад хэлээд өгөх байх. 2021 оны төсвийг чиг үүргийн ангилалаар нь харвал нийгмийн халамж болон төрийн нийтлэг үйлчилгээнд төсвийн зарлагын 62 орчим хувийг зарцуулж байгаа нь бусад орны жишигтэй харьцуулахад өндөр тоо юм.
Энгийн нэг жишээ авахад зөвхөн төрийн ордонд үйлчилгээнд нь 850 хүн ажиллаж байна шүү дээ. Ийм байхад бид хэмнэлтийн хууль яриад хэрэггүй биз.
Мөн би сая хэллээ халамж болон төрийн нийтлэг үйлчилгээнд төсвийн ихэнх зарцуулт явчихдаг гэж. Ийм төсөвтэй байж бид хөгжил ярих нь илүүц. Хувь хүн дээр буулгавал өөрийгөө хөгжүүлэх, орон гэрээ дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх бус өдөр тутмын зардал /идэх, уух, өмсөж зүүхэд/-д мөнгөө зарцуулж байна гэж ойлгож болно. Бүр цаашлаад “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж” байгаатай адил юм.
-Уг нь төр халамжийг танах бодлого барьж байгаа. Энэ ч үүднээс 2023 оны төсвийн тодотголоор нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болж таналт хийсэн шүү дээ. Энэ нь хавтгайрсан халамжийг танахад хэр өгөөжөө өгсөн бол. Нөгөө талаар, эдийн засгийн өсөлтийг хэрхэн дэмжих вэ. Үүнд гарц бий юу?
-Нийт хүүхдийн 9 хувийг ялгаж хассанаар төсөв үр ашигтай байна гэдэгт итгэхгүй байна. Харин эдийн засгийн өсөлтийг алсдаа нэмэгдүүлэх гэж байгаа бол эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт хийдэг гэдгийг олон улсын судалгаануудаас харж болох байх. Хүнийг хөгжүүлэхэд нөөцийг зарцуулах нь эдийн засгийн өгөөж үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Ядахдаа энэ чиглэл рүү анхаарал хандуулах ёстой болов уу.
-2021-2022 онд төсвийн гаднах зарлага 9 их наяд төгрөгт хүрсэн. Хэрэв энэ мөнгийг 10 хувийн хүүтэй хадгаламжид хийсэн бол 900 гаруй тэрбум төгрөг болох байсан гэх тооцооллыг эдийн засагчид хэлж байсан. Тэгэхээр бид мөнгөө үр ашиггүй зарлагад үрж байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө гол шалгуур нь тухайн төсвийг тодорхой зорилготой баталж байгаа. Жишээ нь, би 10 мянган төгрөгийг юунд зарцуулах вэ гэдэг нь тодорхой гэсэн үг. Тиймээс нэн түрүүнд тухайн төсвийн зарцуулалт зорилгодоо хүрсэн үү, үгүй юу гэдгийг шалгах ёстой. Мөн зорилгодоо хүрэхэд төсвөө хэмнэсэн эсэх нь хоёрдугаарт яригдах асуудал байхгүй юу.
Засгийн газар хөрөнгө оруулалтын зардалд мөнгө зарцуулж байна гэж ярих болсон. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтын 66 хувь нь барилга, байгууламж барихад зарцуулагдаж байна.
Тухайн барилга ямар зориулалтаар ашиглагдаж ямар үнэ цэнэ авчрах талаар сайн судлах хэрэгтэй байх. Наад зах нь, нүүрсээ экспортонд гаргах төмөр зам хэрэгтэй гээд тэрлүү хамаг хөрөнгө оруултын нөөцөө хийсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл тухайн төмөр зам ашиглагдаж үр ашиг, үр дүнгээ өгсөнгүй. Төмөр зам барьсан уу, барьсан гэхдээ ашиглагдадгүй. Энэ мэтчилэн төсвийн зарцуулалт, төслийн үр ашгийг нь харах хэрэгтэй. Тиймээс төсвийн гадуурх зардал нь эдийн засгийн тэлэлт үнэ цэнийг нэмэх зүйлд зарцуулсан бол төсөв үр ашигтай, эсвэл үгүй гэж ярьж болох юм. Хоёрдугаарт, төрийн өмчит хувьцаат компаниудын зардалтай холбоотой асуудлууд маш их байгаа. Үүнийг цэгцлэх асуудлуудыг ярих ёстой. 100-гаад төрийн өмчит хувьцаат компаниас 10 гаруйхан хувь нь ашигтай ажилладаг. Бусад нь алдагдалтай ажилладаг төрөөс зээл, тусламж, татаас авдаг болчихоод байна. Үүн дээр л төрийн хэмнэлтийг ярих ёстой.
-Таны хувьд төрийн өмчит компаниудтай холбоотой асуудалд нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Хэдийгээр төр үүнд анхаарч цэгцлэх ёстой гэж дуугардаг ч амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа бололтой. Наад зах нь, Цемент шохой ТӨХК-ийн захирлаар томилогдсон “Хөтөлийн” гэх тодотголтой Л.Наранбаатар 5.9 сая төгрөгийг Бумбын тахилгад зарцуулсан нь үүний тод жишээ боллоо?
-Үндэсний аудитын газрын дүгнэлтэд гарсан байна лээ шүү дээ. Үүнийг давтаж яриад яах вэ. Том зургаар нь харвал тухайн ТӨХК нь ашигтай ажиллахаас гадна Монгол Улсын цементийн зах зээлийн үнийг тогтвортой байлгах, цементийн хэрэгцээг хангах зэрэг үр дүнг ярих ёстой. Харин эсэргээрээ зах зээл дээрх цемент нийлүүлтийг тасалдуулж үнэ өсөхөд нөлөөлсөн зэрэг асуудал үүссэн шүү дээ. Гол алдаа нь Төр бизнесийн салбарт ямар зорилготой, ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ тодорхой харах ёстой.
Мөн чиг үүргийн биш төсөв батлаад байна. Монгол Улс “Алсын хараа 2050”-д хүрэхэд чиг үүргийн хуваарилалт хийх ёстой. Уг нь олон улсын валютын сангаас чиг үүргийн хуваарилалт санал болгосон. Төсвийн чиг үүргүүд дээр төсвөө батлаад хэрэгжүүлэгч яамд руу хуваарилбал илүү оновчтой болох байх.
-Дээр нь төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлөх нь төсвийн алдагдал болох шалтгаан болдог?
-Төсвийг батлахдаа орлого буюу нөөц, зарцуулалт буюу зардал гэх ойлголтоор нь баталж байгаа. Манайх ихэнхдээ алдагдалтай төсөв баталдаг. Нэг үгээр хэлбэл, нөөц нь хүрэхгүй болохоор зээлээр санхүүжүүлж байна. Мөн орлогыг хэт өөдрөг төсөөлдөг, эрсдэлийн үнэлгээ хийж байна уу үгүй юу гэдэг нь өөрөө асуудалтай. Жишээ нь, нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдал, дэлхийн чиг хандлагыг харвал Хятад Улс нүүрсний хэрэглээг ирэх жилүүдэд бууруулах бодлого барьж байгаа. Үүнтэй уялдуулж нүүрсний экспортоо тооцохгүй бол өнөөдөр өсөн нэмэгдэж буй байдлаар тооцох нь оновчтой бус байх.
Дэлхий дахин ногоон эдийн засаг руу чиглэж буй тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг аль болох багасгая гэдгийг ярьж байна. Тэгэхээр бид түүхий нүүрсээ ямар аргаар боловсруулж экспортлох вэ гэсэн стратегийн шийдэл гаргах хэрэгтэй байх гэж бодож байна.
Нөгөө талаар Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж буй дүнгээр эдийн засгийг яаж тэлэх вэ гэсэн төслүүдийг гаргах шаардлагатай болов уу. Наад захын жишээ нь нэгдүгээр ангид сүүлийн жилүүдэд 50 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байсан бол энэ онд 78 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ гэсэн статистик байна. Гэтэл багш, боловсон хүчин хүрэлцээтэй юу. Зургаан жилийн өмнөөс энэ бэлтгэлийг хийх ёстой байсан. Урт хугацааны стратегийн шинжтэй үйлдлүүдээ бид бодох ёстой. Хэдий “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг яригдаж байгаа ч чиг үүргийн дагуу төсвийг баталж чадаж байна уу гэвэл үгүй.
-Өнөөдөр эдийн засаг Хятадаас шууд хамаарч байгаа нь нууц биш болсон. Төсвийн гол орлого ч уул уурхайн салбар тэр дундаа нүүрс бүрдүүлж байна. Хэрэв урд хөрш манайхаас нүүрсний импортоо хязгаарлавал төсөв улайх эрсдэл ч бий. Гэтэл эдийн засгийг солонгоруулах тухай олон жил ярилаа. Ирээдүйд эдийн засгийн зураглал ямархуу байх бол. Ийм таамаг бий юу?
-Орлогогүй л болно гэсэн үг. Зэрэгцээд өр л үүсэх байх. Ер нь эдийн засаг уул уурхай, нүүрсний экспортоос л хараат байх эрсдэлтэй байна. Уг нь “Алсын хараа-2050”-д баримтлах бодлогоо тусгасан ч үүндээ чиглэсэн төсөв зарцуулахгүй байна гэдгийг л би онцолж байгаа шүү дээ.
Мэдээж эдийн засгийг солонгоруулах шаардлагын хувьд бүгд шаардлагатай гэж ярьж байгаа. Гол нь хэрэгжүүлэх л чухал. Үгүй бол нүүрсний үнэ ханш, экспортын хэмжээ нэмэгдснээр эдийн засаг өслөө гэж хөөрч болохгүй.
Эдийн засгийг солонгоруулах гэж байгаа бол уул уурхайгаас бусад салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийх боломж нөхцлийг маш тодорхой гаргах шаардлагатай. Мөн бодлого боловсруулахдаа тухайн салбарын орц, боловсруулалт, гарцыг уялдаатайгаар бодож боловсруулах шаардлагатай. Ер нь хэрэгжүүлж буй бодлого нь аль нэг хэсэг дээрээ алдаатай болоход үр дүн гардаггүй. Дахин хэлэхэд “Алсын хараа-2050” бодлого баталсан бол үүндээ чиглэсэн төсвийн хуваарилалт хийхгүйгээр яамд руу эхэнд хуваарилахаар мөрөөдлийн хүсэлт шиг зүйлс орж ирдэг, дараа нь уялдаа холбоогүй, бодлогын бичиг баримт руугаа чиглэсэн зүйл байхгүй болно.
-Мөрөөдлийн хүсэлтэд жишээ нь таны дурдсанчлан халамж багтаж байгаа юу?
-Аливаа улс оронд халамжийн бодлого байх ёстой ч хэтрүүлж болохгүй. Ирээдүйд хор хөнөөлтэй. Тиймээс халамжийг хаана, хэнд өгөх вэ гэдгийг бодох ёстой. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байж тэтгэвэр тогтоолговол тэр нь зөв үү? Өнөөдөр нийгмийн даатгалын сангийн орлогын 70 орчим хувийг нийт хөдөлмөрийн насны хүмүүсийн 15 хувь нь бүрдүүлж байна гэсэн судалгаа ч байна.
Халамж хавтгайрвал баялаг бүтээх сэтгэхүй байхгүй болох аюултай. Ер нь сонгуулийн жилүүдэд халамжийн зардал байнгын өсөн нэмэгддэг.
Дээр нь тодорхой чиглэл рүү биш тухайн жилийн зарцуулалт руу илүү хийгдэж буй өнгө аяс харагдаж байна.
-Магадгүй 2024 оны төсөв сонгуульд зориулсан, халамж нэмэгдэх ч эрсдэлтэй байх нь ээ?
-2024 оны төсөв аймшигтай дүр зураг харагдана. Одоо бэлтгэл ажил нь хийгдэж байна. Засгийн газрын зардал өссөн, халамж тэтгэмж нэмэгдэж байгаа энэ дүр зураг нь Монгол Улсын хөгжлийг боомилсон ирээдүйг харж байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ