Ирэх онд эдийн засаг 6.1 хувь хүртэл өсөх хүлээлт бий. Энэ жил 5.4 хувиар сэргэх төсөөллийг Азийн хөгжлийн банк саяхан танилцуулсан. Урт хугацааны хямралын дараа ийнхүү эдийн засаг сэргэх өөдрөг таамагллыг дагаад иргэд ч бас ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлөх болж, худалдан авалт дахин сэргэж байна.
Үндэсний судалгаа зөвлөгөөний “Эн Ар Си Си” компанийн Монгол Японы төвтэй хамтран улирал бүр гаргадаг Хэрэглэгчийн итгэлийн индексийн энэ оны нэгдүгээр улирлын тайланд энэ тухай дурджээ.
Судалгаанд оролцогчдын 43.4 хувь нь ирэх зургаан сарын хугацаанд удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахаар төлөвлөжээ. Энэ нь өмнөх улирлаас 6.5 пунктээр их үзүүлэлт аж.
Иргэдийн дийлэнх нь буюу 56.8 хувь нь орон сууц худалдан авахаар зэхэж байгаа бол бусад нь автомашин, эд хогшил, цахилгаан бараа худалдан авахаас гадна дотоод, гадаадад жуулчлах сонирхолтой байна.
Графикт зээл авах эрэлт нэмэгдэж, том худалдан авалтын эрэлт 43.4 хувь байгаа нь өмнөх улиралтай харьцуулахад өсчээ. Иргэдийн хувьд 19.4 хувь нь зээл, 18.6 хувь нь аялал жуулчлал, 15.3 хувь нь эд хогшил, цахилгаан бараа, 13.8 хувь нь автомашин, 7.3 хувь нь үл хөдлөх авахаар төлөвлөжээ.
Үүнээс харвал цар тахлын хүнд сорилт, хилийн хориг, геополитикийн хямрал зэргээс шалтгаалсан эдийн засгийн хүчтэй өвдөлтүүд намжиж иргэдийн худалдан авалт ч сэргэж байгаа нь харагдаж буй. Үүнд инфляци буурч, хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдсэн нь нөлөөлсөн бололтой.
ӨРХИЙН САНХҮҮ САЙЖИРСАН Ч ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
Өрхийн санхүүгийн байдал өмнөх улиралтай харьцуулахад сайжирсан үзүүлэлттэй байгаа ч иргэд сэтгэл хангалуун биш байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 65.0 хувь нь өнгөрсөн долоо хоногт ядаж нэг цаг ажилласан эсвэл тогтмол ажилтай байна.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2022 оны мөн үеэс 10 пунктээр өссөн дүн аж. Гэсэн ч судалгаанд оролцсон иргэдийн 50.7 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж хариулжээ.
Энэ нь өмнөх улирлаас 7.7 пунктээр бага, жилийн өмнөхөөс 3.1 пунктээр өндөр байна. Иргэдийн 18.9 хувь нь орлого 50 хувиас илүү буурсан гэж үзэж байгаа юм.
Хэрэглээний үнийн индексийг тодорхойлдог инфляцын түвшин улсын хэмжээнд 12.2 хувьтай байна. Энэ оны төгсгөлд инфляцыг нэг оронтой тоо руу оруулахаар төв банк зорьж буй. Хэрэглэгчийн итгэлийн индексээр ирэх зургаан сарын хугацаанд инфляци 8 хувьтай байх хүлээлт гарчээ. Мөн ирэх нэг жилийн хугацааны инфляцын хүлээлт 9.6 хувь байх төсөөлөл байна.
Хэдийгээр инфляци нэг оронтой тоо руу орж буурах хүлээлттэй байгаа ч иргэдийн 43.6 хувь нь валютын ханш өснө гэж хүлээж байна.
Ирэх зургаан сард ам.долларын ханш 3673 төгрөг байх төсөөлөл байгаа юм. Ам.долларын хүлээгдэж буй дундаж ханш өмнөх улирлаас нэг хувиар буурчээ. Нөгөөтэйгүүр, иргэдийн төгрөгт итгэх итгэл алдарч валютаар хадгалах сонирхолтой байна. Графикаас харвал,
ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ЭЕРЭГ "ТӨСӨӨЛӨЛ"
Хэрэглэгчийн итгэлийн индексээр, иргэд эдийн засгийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж бизнесийн орчин, ажлын байр, орлого нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа ч Засгийн газарт итгэх итгэл эрс /18 пунктээр / унасныг дурджээ.
Арилжааны банканд итгэх итгэл 8, ХК-д итгэх итгэл 10, биржид итгэх итгэл 3 пунктээр тус тус буурсныг график харуулж байна.
Тайлангаас харвал "Хэрэглэгчийн итгэлийн индекс"-т эдийн засгийн ойрын ирээдүйг иргэд өөдрөгөөр төсөөлж буй. Мөн Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.4, ирэх жил 6.2 хувиар тус тус өсөх хүлээлттэй байгаа ч цар тахлын шинэ хувилбар, ОХУ, Украины дайн илүү хурцадмал болох, дотоодын улс төрийн эрсдэл, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд огцом унах зэрэг нь эдийн засгийн төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлтэй болохыг ч сануулсан юм.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ