Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно...Их зохиолч Д.Нацагдоржийн “дөрвөн цаг” найргийг мэдэхгүй Монгол хүн байхгүй. Хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал энэ найрагт л мөнхөрч, зүлэг ногоон тал зөвхөн гэрэл зурагт үлдэх вий. Ийм аюул бидний хоолойд тулсан асуудал болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ч.Сономдагватай ярилцлаа.
-----------------------------------------------------------------
- Хаврын сар дундаа орж, удахгүй зуны эхэн сар гарах дөхөж байна. Гэвч хавар нь өвөл шиг, зун нь хавар шиг болох үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Хүмүүсийн дунд инээд, наргиан болгож ярих болсон улирлын онцлог цаагуураа уур амьсгалын өөрчлөлтийг харуулж байна уу?
- Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн талаар бүгд ярьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг бүс нутагт бид ордог. Жилийн дундаж температур хур тундасны эрчим өөрчлөлт манай улсад хамгийн эмзэг байна. Уур амьсгалын өөрчлөлтийн илрэх шинж тэмдэг нь жилд унах хур тундасны хэмжээ. Гэхдээ хэмжээнд өөрчлөлт гараагүй юм шиг харагдаж байгаа ч хур тундасны орох эрчим өөрчлөгдөж байна.
Нэг өдөрт ордог хур тундас нэг цагт эсвэл 10 минутад буюу хүчтэй аадар бороо, үер болох үзэгдлийг хэлж байгаа юм. Нөгөө талаар шороон шуургатай өдрийн тоо нэмэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд маш өндөр хувьтай мэдэгдэхүйц өндөр түвшинд хүрснийг иргэд ч харж болохоор байна. 2021, 2022 онд болон энэ жил шороон шуурганы улмаас гэр малаа алдах, хэдэн өдөр үргэлжлэх тохиолдол байна. Энэ жилийн хувьд энэ хавар 10 удаагийн шороон шуурга давтагдаж байна. Энэ мэтчилэн шороон шуургатай өдрийн тоо 1960 оноос хойш нэмэгдэж байгаа. Дээр нь ган гачиг, зудын давтамж ойртсон. Жил дараалан ган, зуд нүүрлэж байна. Өнгөрсөн хоёр жил баруун таван аймагт дараалсан ган боллоо. Үүнээс үүдэн мал төв, зүүн бүс рүү оторлох, төвийн болон зүүн бүсийн ачаалал бүр хэтрэх, баруун бүсэд малын тоо толгойн цөөн боловч ургамал бүрхэвчгүй болсон зэрэг улсын хэмжээнд бэлчээрийн доройтол бий болж байна. Энэ нь малын тоо толгой огцом өсөж бэлчээрийн бүтэц, малын сүргийн бүтэц алдагдсантай холбоотой асуудал өрнөж байна. Энэ жилийн тухайл малын тоо толгой 70 сая гарлаа. Монгол орны малын бэлчээрийн даац 40 орчим сая гэж судлаачид тооцдог. Үүнээс дээш бэлчээрийн даац хэтэрнэ гэсэн үг. Хэрэв бэлчээрийн даац хэтэрвэл цөлжилт болох, ган зуд нүүрлэх зэрэг эргэсэн холбоог үүсгэдэг. Ийм учир шалтгаантай.
- Ялангуяа улирлын өөрчлөлтийг судлаач хүний зүгээс хэрхэн харж байна?
-Хавар намар урт болж, зун богиносч байна. Өвлийн улирал ч богинослоо. Цаашид хавар, намар гэсэн хоёр л улиралтай болох дүр зураг ажиглагдаж байна.
- Магадгүй зуншлага тааруу боллоо гэж сүүлийн үед ярих болсон нь цөлжилтийн нэг шинж тэмдэг үү?
-Ган, зудын давтамж нэмэгдэх, тааруу болох нь өнгөрсөн өвлийн орсон цас хур тундастай холбоотой. Дээр дурдсанчлан зуны эхэн сард бороо орохгүй мөртлөө намар нь бороо ордог, жилийн дунджаар нь авч үзвэл хур тундасны хэмжээ өөрчлөгдөөгүй ч орох цаг хугацаа нь өөрчлөгддөг. Энэ нь цаг уурын өөрчлөлттэй л холбоотой.

-Ер нь хаврыг шороон шуургаар л төсөөлдөг боллоо. Магадгүй 20 жилийн өмнө нь хавар өнөөдрийнхөөс эрс ялгаатай байсныг үгүйсгэхгүй. Ийм судалгаа бий юу?
- Бид сүүлийн 30 жилийн шороон шуурганы өдрийн давтамжийн тухай олон улсын өгүүллэг бичиж байна. Энэ талаар өмнө нь маш олон өгүүллэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн. Даанч манайхан тоож уншихгүй юм, төр засаг нь ч бидний хийсэн судалгааг тоож хардаггүй. Таны яриад байгаа асуудлыг бид аль хэдийнэ судалсан. Үүгээр тоо баримт гаргасан.
1990, 2000 оны үед жилд нэг удаа, зарим жилд хоёр удаа л шороон шуургатай байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хаварт хоёр удаа эсвэл дөрвөн удаа зэрэг давтамж нь 20 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн.
50 жилийн өмнөхтэй харьцуулахад 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байгаа юм. Үүний хэрээр л цөлжилтөд нэрвэгдэж байна.
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС НУТГААС БУСАД ГАЗАР ЦӨЛЖИЛТӨД НЭРВЭГДСЭН
-2020 оны үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 79.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Гэтэл цөлжилт зөвхөн говь цөлөөр хязгаарлагдахаа байлаа?
- Улсын тусгай хамгаалалттай бүс нутгаас бусад бүх газар л цөлжилтөд нэрвэгдсэн. Өөр газар байгүй. Нийт нутгийн 18 хувийг улсын тусгай хамгаалалттай газар л байгаа шүү дээ. Гэтэл бүх газрыг бэлчээр гэж боддогтой холбоотой цөлжилт тэлж байна. Уул уурхай бол нийт нутаг дэвсгэрийн нэг хувийг л эзэлж байна. Үүнээс тодорхой хэмжээний нөлөөллүүд байгаа байх. Энэ хаврын тухайд ярихад л шороон шуурга хэд хэдэн удаа давтагдлаа. Улаанбаатарт хүртэл шороон шуурга болж байна.
Маргааш хүртэл шуурах бололтой. Өчигдөр, өнөөдөр хүртэл Говь-Алтай, Баянхонгор, Ховдод болсон шороон шуурга Улаанбаатарт нэмж орж ирж байна. Уг нь Монгол орны хуурай хээр говийн бүсэд л болдог байсан шуурга өмнө нь их цөөн болдог байсан.
Гэтэл өнөөдөр давтамж нь нэмэгдэж, тоо нь ойртож байгаа. Ойт хээрийн бүс, Улаанбаатар хот руу хүртэл шуурч байна. Энэ хавар нийслэлд гурван удаа шороон шуурга боллоо. Энэ бол улсын хэмжээний асуудал. Шороон шуурга тэлж байгааг бид биеэрээ мэдэрч, нүдээрээ харж байна. Үүнээс цааш харах, хүлээх шаардлагагүй. Малын тоо толгойг хязгаарлахад татварын бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид ажил хийж хөдөлмөрлөж байгаа хүмүүс цалингаас гадна бараа бүтээгдэхүүн худалдан авахад нийт 40 хувийн татвар төлж байж гар дээр орлого үлдэж байна. Гэтэл малчид хэдэн хувийн татвар төлж байгаа вэ. Бүгд л шударга байх ёстой. Олон үйл ажиллагааг зоригтой хийх ёстой. Зөвхөн сонгуульд зориулж сонгогчдод таалагдах байдлаар үйл ажиллагаа явуулсны үр дүн нь л энэ шүү дээ.
- Сонгуулийн амлалт, попролт уур амьсгалын өөрчлөлтөд хүртэл нөлөөлж байна гэсэн үг үү?
-Тийм шүү дээ.
- Бид цөлжилтөд нэрвэгдээд удаж байгаа. Энэ байдлаараа удахгүй зүлэг ногоон дэвжээгүй, тал газар там болох вий гэж хүмүүс ч болгоомжилж байна. Нөгөөтэйгүүр, малчдын хэрүүлийн алим нь бэлчээр болж, даац хэтрээд удаж байна?
-Ногоон өнгөний цаана хүртэл асуудал байгаа. Харахад л ногоон байснаараа бэлчээрийн унаган ургамал ургаж байгаа гэсэн үг биш. Ялангуяа цөлжиж эхэлж байгаа бэлчээрийн талхлалт, доройтолд өртөж эхэлж буй хөл газрын ургамал буюу бидний хэлж заншсанаар шарилж ургах нөхцөл бүрдэж байна. Энэ нь малын болон бусад хоол амьтны хоол тэжээл болох боломжгүй ургамлууд юм. Ганцхан өвслөг ургамалтай хээр, говь цөлийн бэлчээр багасч байгаа юм биш.
Ойн сан буурч байна. 20 гаруй жилийн өмнө 2000-аад оны үед Монгол орны нийт нутгийн 15 орчим хувь ой бүхий талбай байсан бол өнөөдөр 7 орчим хувьтай байгаа нь ойн сан бүхий талбайн хэмжээ багасч байна гэсэн үг.
Энэ нь түймэр, хортон шавж, хууль бус мод бэлтгэлтэй холбоотой ойн талбай буурч байгаа юм. Үүний эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Ойн сан багасах нь ой цэвдэгийн алдрал бий болж байгаа. Цэвдэг багасахад гол горхи ширгэх үндэс болно. Энэ мэтчилэн бүгд хоорондоо уялдаа холбоотой. Зөвхөн ой гэдгийг том мод биш, бут сөөглөг ургамал ойн санд орно. Гэтэл малын нөлөөгөөр энэ ургамал өртөх аюул байна. Үүнээс гадна шороон замын нөлөө, уул уурхай, хотын ногоон бүс дэх ойн санг хувийн эзэмшил болгож байгаа нь ойн сан бүхий талбайг багасгах, цэвдэгийн алдрал болох хүчин зүйл болж байна гэж хэлж болно.
ХУУЛИА МЭДСЭН Ч ЗӨРЧДӨГ НЬ ОЙН САН БУУРАХАД НӨЛӨӨЛЖ БАЙНА
-Тэгэхээр ой модыг хувийн эзэмшил болгох нь эргээд уур амьсгалын өөрчлөлд хүчтэй нөлөө үзүүлж байна гэсэн үг үү. Хүмүүсийн хувьд аль болох ой модтой ойр хувийн эзэмшилтэй болохыг эрмэлзэх болсон шүү дээ?
-Уг нь бид хуультай улс. Ойн сан бүхий талбайгаас 100 метр дотогш газарт байшин барилга барихыг хориглодог. Ийм атал байшин барихыг хориглоно гэдгийг уншиж байгаа хүн нь хүртэл зуслангийн байшин худалдан авахдаа ой руу орсон уу, ой модтой юу гэж сонирхож өөртэйгээ зөрчилддөг. Хуулиа мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй хандлага ч тогтлоо. Телевиз, цахим сүлжээгээр хүртэл ой модтой ойрхон, ой модонд дунд вилла, хаус сурталчилж байна.
“Богдхан ууланд байгальтай ойр тав тухтай орчинд амьдар” гэж санал болгож байна. Гэтэл энэ бүс нутаг дархан цаазат, аялал жуулчлалын зориулалтын зориулалтаар ашиглах боломжтой байтал бүхэл бүтэн орон сууцны хороолол барьсан.
Зайсан бүхэлдээ л хороолол боллоо. Дархан цаазат бүс нутаг руу хүртэл орсон. Хууль зөрчиж байгааг нь хүмүүс мэдэж шүүмжилдэг хэрнээ үйлдэл гаргадаггүй нь тэдэнтэйгээ адил болж байгаа юм. Бүгд л ойн зах руу хувийн эзэмшилтэй болохыг хүсч байгаа нь ой тэлж ургах боломжгүй болж байна. Ойн сан гэдэг нь ойн модтой захаас 100 метр хүртэл хэсгийг хэлж байгаа байхгүй юу. Харахад ойгүй боловч ой мод тэлж ургах боломжтой хэсэг. Энэ бүс рүү орох нь хуулиараа хориотой байтал бүгд л газар эзэмшиж байшин барьдаг. Тэгэхээр газаргүй болохоор ой яаж ургах вэ. Ийм дүр зураг зөвхөн Улаанбаатараар зогсохгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг бүх аймаг суманд ажиглагдаж байна. Аялал жуулчлалын бааз, хаус барьж байна. Тэгэхээр дүрэм журмаа иргэдээсээ эхлээд л зөрчиж байгаа мөртлөө ой модоо хамгаалахыг төр засгаас шаарддаг. Ойгоо ургуулъя, хамгаалъя гэвэл өөрсдөөсөө л эхлэх ёстой. Энэ бол маш чухал асуудал. Бага гэлтгүй. Хэмжээгээр нь тооцвол маш бага.
-Ярилцлагын эхэнд дурдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжээд бүтэн хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хөдөлгөөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үр дүнгээ хэр өгч байна гэж та харж байгаа вэ. Жил бүр хавар, намар хүн бүр л мод тарьдаг атал эргээд ургуулж, арчилж тордоход анхаардаггүй юм шиг. Уг нь мод тарина гэдэг зүгээр газарт булаад орхихыг хэлэхгүй байх?
-Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх хоёр гол арга зам нь мод тарих, байгаа модоо хамгаалах юм. Энэ хоёр гол зүйлд анхаарах ёстой. Энд мод тарьж, тэнд мод бут сөөг устгаж тариад байвал утгагүй. “Тэрбум мод” хөдөлгөөний санаачлагчийн тухайд яривал улс төрчидтэй холбогддог. Тиймээс нэг хэсэг нь магтаж, нөгөө хэсэг нь шүүмжилдэг. Бид чинь нам болж талцдаг учраас өөрийнх нь намын хүн санаачилсан бол зөв, эсрэг намынх бол буруу гэж шүүмжилдэг шүү дээ. Ард түмэн хүртэл ингэж хардагт харамсдаг.
Бодит өнцгийг л олж харах ёстой. Ер нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эхний гол үр дүн нь хүмүүсийн тархинд мессеж очих ёстой, хүн бүр мод тарих хүсэл эрмэлзэл төрж, санаачилга бий болно гэдэг хамгийн чухал үр дүн.
Хөрсөн дээр ургах эсэх нь дараагийн асуудал. Өмнө нь бид модыг ойгоос хулгайлж, гал түлж, байшин барих тухай л боддог байсан бол өнөөдөр хүмүүст мод тарих хүсэл эрмэлзэл бий болж байна шүү дээ. Эхний ээлжид нэг удаа ч болов мод услахгүй байсан ч тарьж байгаа нь л өөрөө маш чухал. Тиймээс бүх нийтээрээ мод тарих хүсэл эрмэлзэлтэй болсон нь том үр дүн. Ийм манлайллыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзүүлж чадлаа.
"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ХҮМҮҮСИЙН УХАМСАРТ МОД ТАРЬСАН НЬ МАШ ТОМ ҮР ДҮН
-Тэгэхээр “тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь хүмүүсийн сэтгэлгээнд мод тарьсан гэсэн үг үү?
-Тийм, чадсан. Мод тарих, багш нарыг сургах, бодлогын бичиг баримт боловсруулах, боловсон хүчнээ бэлдэх зэрэг саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг эхний хоёр жилийн хугацаанд нэлээд амжилт гаргасан гэж бодож байна. Хувийн хэвшил, уул уурхайн компаниуд хүртэл мод үржүүлгийн газартай болж эхэлж байна. Тиймээс дараа нь мод ургуулах нь хурдтай байх болов уу. Ер нь мод тарих, хогоо ангилах экологийн боловсрол олгох нь илүү үр дүнтэй гэж хардаг.
-Таны бодлоор хүн амын дунд экологийн боловсрол хэр байна вэ. Бид ярьж байгаа шигээ байгаа орчиноо хайрлаж хамгаалж чаддаггүй шүү дээ?
-Сүүлийн үед экологийн боловсрол тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Гэхдээ бид бодлогын хувьд суулгаж өгөх ёстой. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдэд ногоон гэрэл цагаан шугам шиг мод тарих, хогоо ангилах зэрэг экологийн боловсролыг олгох ёстой. Харин насанд хүрсэн иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олгох ёстой. Малчид хүртэл нэг үеэ бодвол бэлчээрийн тухай ойлгож эхлээд байна. Зун аялахдаа хүртэл хогоо авч явж байна, гэвч нэг газар тавьдаг эргээд нохой хөглөрүүлдэг. Хог төвлөрүүлэх цэг байхгүй учраас нэг газар яах аргагүй хаяж байна. Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ