Д.БАТЖАРГАЛ: Муудаж боловсруулсан махыг дотоодын хэрэгцээнд ашиглахгүй

1
2023 оны 5 сарын 82023-05-08
Д.БАТЖАРГАЛ: Муудаж боловсруулсан махыг дотоодын хэрэгцээнд ашиглахгүй

“Эмээлт” дэх  махны үйлдвэрүүд дахин асуудал дагуулж эхэллээ. Одоогоос жил гаруйн өмнө "Эм Ди Си Пи" компани муудсан махыг химийн бодистой хольж, хадгалдаг тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй шуугиан тарьсан. Мөн саяхан Үүлэнгөү ХХК-ийн үйлдвэрээс их хэмжээний муудаж хөгцөрсөн махыг бодисонд оруулж савлаж байсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Энэ дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААҮЯ/ болон цагдаагийн байгууллагаас газар дээр нь ажиллажээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус компанийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд одоогоор түр зогсоогоод байгаа юм. 

Тус компанитай холбоотой асуудлаар ХХААХҮЯ-ны салбарын хяналтын ахлах мэргэжилтэн Д.Батжаргалаас тодрууллаа.

----------------------------------------------------------------------

“Үүлэнгөү”  ХХК нь их хэмжээний муудсан мах хадгалж байсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Яамны зүгээс тухайн нөхцөл байдалтай очиж танилцсан гэсэн шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Өнгөрсөн бямба гарагт  Үүлэнгөү ХХК-ийн үйлдвэрт их хэмжээний муудсан мах хадгалсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг асуудлаар манай яамны удирдлагууд газар дээр нь очиж үзлээ. Биднийг очиход цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байсан. Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 7-ны 00:02 цагийн орчимд дууссан. Үүнээс хойш Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийнхэн маханд үзлэг хийх, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Бид тавдугаар сарын 7-ны өглөө 06:00 цаг хүртэл ажиллаж, компанийн бүх ажилчид гарч явсан байсан учраас махыг зайлуулж хөргөгчинд хийх боломж байгаагүй. Тиймээс тус компанийг лацадсан. Үйлдвэртэй холбогдож тус үйлдвэрийн бүх махыг хөргөгчинд хийж хадгалах арга хэмжээ авсан. Учир нь мах бол стратегийн чухал бүтээгдэхүүн бас хүний эд хөрөнгө шүү дээ. Мөн  тодорхой үүрэг чиглэл ч өгсөн.

- Тэнд хэчнээн тонн мах байв?

- Бидний зүгээс эхний байдлаар бага хэмжээний мах байгаа гэж тооцож байсан. Ер нь өлгөж, гэсгээж сойсон 14 орчим тонн мах байсан. Тус үйлдвэрийн махнаас 10 дээж авсан, хариу нь одоогоор гараагүй. Урьдчилсан байдлаар махны дээжийн хариу 72 цагийн дараа гарах ёстой. Үйлдвэрийн бүх өрөөг лацадсан. Гаднаас хүн орон ямар ч боломжгүй. Гадагшаа мах гарах асуудал байхгүй.

-Цахим орчинд цацагдсан зураг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээллээс харахад тухайн орчин маш бохир байсан шүү дээ. Тухайн муудсан гэх махыг хаашаа нийлүүлдэг байсан бэ?

- Та бүхэн лайв харсан байх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй, нэлээн хөгц ургасан, зарим нь үхсэн малын мах байж болзошгүй. Та бүхэн харсан бол эрүүл ахуйн шаардлага хангахгүй, мах нь шалан дээр. Ажилчдын хувцас, үйлдвэрийн орчин үнэхээр бохир. Компанийн бидэнд мэдээлснээр экспортод бэлтгэх зориулалттай. Бүх холбогдох бичиг баримтыг нь авч, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

-Тухайн компани мах экспортлох зөвшөөрөлгүй мөртлөө экспортын зориулалтаар муудсан мах бэлтгэж байсан гэсэн үг үү?

- Энэ компани нь 2022 оны дөрөвдүгээр сард хийсэн шалгалтаар үйл ажиллагааны дүгнэлт нь цуцлагдсан. Тухайн үед 16 компанийн үйл ажиллагааг цуцалсны нэг нь “Үүлэнгөү”  ХХК.  Хэрэв тус компани үйл ажиллагаа явуулахаар болбол холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэж ойлгох хэрэгтэй.

- Ямар хариуцлага тооцох вэ?

- Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Манайх зөрчлийн хэрэг нээнэ. Тиймээс цаашид “Үүлэнгөү” ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогсох байх. Энэ бүхэн шинжилгээний хариу гарсны дараа шийдэгднэ.

- Муудсан махны асуудал дахин гарч байна. Жилийн өмнө мөн л ийм асуудал Эмээлтэд гарсан шүү дээ. Гэтэл энэ зөрчил дутагдал арилаагүй, ахиад сөхөгдлөө. Ер нь салбарын яам энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байсан юм?

- Өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байсан шүү дээ. Тухайн үед шалгалт хийж байсан. Одоо салбарын яам хариуцаж байгаа. Яамны зүгээс стратегийн хүнс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиг үүрэг өгч байгаа. Нийслэлийн хэмжээнд нийслэлийн мал эмнэлгийн газар нийслэл дэх махны үйлдвэрүүдийг хянаж хариуцаж байна. Мөн Нийслэлийн хүнс хөдөө ахуй газрын хүнсний байцаагч хүнсний чиглэлээр хяналт тавьж байгаа.

- Муудсан махыг дотоодын хүнсний хэрэгцээнд ашиглах вий гэх айдас болгоомжлол ч байгаа. Өмнө нь хяналт шалгалт хийхээс өмнө худалдаанд гаргасан тохиолдол бий юу?

- Махыг дотоодын хүнсний хэрэгцээнд гаргах боломжгүй. Яагаад гэвэл, хиам хийе гэж бодоход мах нь хиамны стандартад тэнцэхгүй. Шулж ангилсан өөхгүй мах учраас монголчууд өөхгүй мах идэх боломжгүй. БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргах протокол байна. Уг протоколд махыг шулж өөхнөөс нь салгасны дараа усанд сойж, чанаж гаргах процесс. Ер нь монголчууд чанасан мах иддэггүй шүү дээ.

- Эмээлтэд маш олон махны үйлдвэр байгаа. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна?

-Эмээлтэд 40 гаруй махны үйлдвэр байна. Бүгд муу биш шүү дээ. Энэ үйлдвэрүүд нь стандарт хангасан сайн үйлдвэр байгаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс стратегийн бүтээгдэхүүнд хяналт шалгалт эрчимжүүлж, шуурхай чиглэл өгч байна. Хяналт шалгалт өнөөдрөөс албажна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

20 өдрийн өмнө
Х.Нямбаатар: "Баялагтаа эзэн байя" гэсэн суртал ухуулга Улстөрчдийг олон жил тэжээлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа

1 сарын өмнө
Мөстэй усны “акул” Ш.Даваадорж

“Шаргуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Энэ л гайхам амжилтын эзэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж юм. “Газар уснаа явагч” гэж ч хэлж болох ийм нэгэн сонирхолтой түүхтэй, спортын салбарт нэрээ мөнхөлж алдар цуугаа тамгалсан ийм нэгэн эрхэм хүмүүнийг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт зочноор урив.

1 сарын өмнө
Э.Батшугар: 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 сарын өмнө