Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барих ажил жил гаруй яригдаж байж тавдугаар сарын 3-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас УИХ-ын дарга Г.Занданшатарын гарт очлоо. Шуурхай хэлэлцэх бололтой, ээлжит бус чуулган зарлаж нэлээд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлж амжив.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд дундуур нь өөр асуудал хэлэлцдэггүй. Төслийг УИХ гурван хэлэлцүүлгээр оруулах бөгөөд энэхүү харилцааг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нарийвчилж зохицуулсан байдаг.
УИХ-д өргөн барьсан ҮХНӨ нь ерөөсөө хоёр өгүүлбэр. “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн нэг заалт.
Уг нь өнгөрсөн долоо хоногийг хүртэл бүтэн нүүр төсөл байгаад, түүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн тухай Д.Тогтохсүрэн дарга нь нийтэд ярьсан юм л даа. Бүлгээр орсны дараа тавдугаар сарын 3-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг ҮАБЗ хуралдахдаа нэг өгүүлбэр болгож танажээ. Танаагүй хувилбарыг дор харуулъя.
Үндсэн хуулийн цэц одоогоор иргэний үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцдэггүй. Жишээ нь, эрүү шүүлтэд өртөхгүй байх нь Монгол Улсын иргэний үндсэн эрх. Хэрэв Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийн маргааныг хүлээн авч шийддэг байсан бол С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байхдаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж болох байсан. Тэд эрүү шүүлтэд өртөж явсаар, энэ асуудлаа шүүхэд тавьж явсаар гурван шатны шүүхээр таслагдсан. Иргэд тайвнаар жагсаж цуглах үндсэн эрхтэй. Гэвч жагсаж цуглахад нь төрийн байгууллага, цагдаа саад хийдэг. Цэц үндсэн эрхийн маргааныг хянадаг болвол тэдгээр иргэн энэ эрхээ цэцэд хандаж хамгаалуулах боломжтой болох байсан. Өнөөдөр энэ эрхийг хамгаалж байгаа газар алга. Германд Үндсэн хуулийн шүүх нь иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай гомдлыг яг эрх нь зөрчигдсөн иргэнээс нь л авдаг. Эрх нь зөрчигдөөгүй иргэн төлөөлж гомдол гаргавал хүлээж авдаггүй тухай саяхан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ярьж байсан юм. ҮХНӨ төслийг өргөн барихаасаа өмнө хассан энэ заалтыг МУИС-ийн доктор О.Мөнхсайхан, ОТИС-ийн доктор Р.Очирбал нар нэлээд ярьсан. Тэд МАН-ын захиалгаар хуулиудад хүний эрхийн талаар судалгаа хийж, тус нам “хүний эрхийг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ” гэж зарласныг хүмүүс мартаагүй.
Хоёрт гэвэл, Засгийн газар, Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц зэрэг байгууллагыг нийслэлээс өөр суурьшлын бүс рүү нүүлгэх асуудлыг шийдэх гэж байгаад больчихлоо. Өөрөөр хэлбэл, зөвхөн УИХ байгаа газрыг нийслэл гэж үзэх өөрчлөлт хийх гэж байгаа болив.
Гуравт, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг сүүлд 2021 онд өөрчлөхдөө цэцийн гишүүнийг улиран томилогдохыг хориглосон. Гэхдээ сая ҮХНӨ-ийн төсөл дээр “нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэсэн заалт оруулсан байснаа хасав. Нэгмөр хааж, дахин салбарын хуулиар нь улираахыг хориглох гэж байгаад зориг нь хүрсэнгүй бололтой.
Дөрөвт, одоогийн Үндсэн хуульд “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт байдаг. Үүнийг тодотгохдоо “ХЭҮК болон УИХ-ын нийт гишүүдийн аравны нэгээс доошгүй гишүүний” хүсэлтээр Үндсэн хуулийн маргаан үүсгэхээр зохицуулах гэж байжээ.
Тавд, Үндсэн хуулийн 2028 оноос мөрдөж эхлэх “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг хүчингүй болгуулах гэж байгаад больсон байна. Саяхан Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан юм.
Өнгөрсөн 7 хоногт цахим санд байршуулаад устгасан ҮХНӨ-ийн төслөөс ҮАБЗ яагаад дээрх заалтуудыг хассан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар хэлсэн. Тэрээр, “Эхний ээлжид гишүүдийн тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгох тогтолцооны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь томоохон өөрчлөлтийг авчирна. Сонгуулийн зардал хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг болгож чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос болж байна. Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. УИХ-ын гишүүн нь сайд хийхээр УИХ-ын үйл ажиллагаанд доголдол гарах, нөгөө талаар Засгийн газрыг УИХ хянахад доголдол үүссэн. Үүнээс улбаалж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь сэдэв болж яригдаж ирсэн. Тэгвэл ҮХЦ 2022 онд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнээр ажиллах нь нээлттэй, гагцхүү УИХ нь Засгийн газраа хянах үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэх ёстой.
Олон улсын жишгийг харвал парламентын гишүүний тоо хэт цөөн байгаагаас болж байна гэж ҮХЦ тогтоолдоо тусгасан. Тиймээс энэхүү өөрчлөлтийг оруулж байна. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, УИХ-ын 54 дүгээр тогтоолд үндэслэн Засгийн газар ҮХНӨ-ийн төслийг өргөн барьсан гэдгийг тодотгон хэлье. Судалгааны дүнг харахад иргэд ерөнхийдөө гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна. Харин 152 байх уу, өөр байх уу гэдэг дээр хоёр хуваагдсан байдалтай байгааг судалгааны дүн харуулж байна. Хэлэлцүүлэг эхэлбэл иргэдийн саналыг харж үзээд тоог нь хэд байхыг өөрчилж болно” гэв.
Мөн эдгээр өөрчлөлтийг хийснээр, “Малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн олон төлөөлөл парламентад суух боломжтой. Ингэснээр төлөөллийн зарчим хангагдана. Чанартай хууль батлагдан гарах үндэс болно. Одоогийн байнгын хороонд гэхэд 11 гишүүн ирснээр ирц баталгаажиж, зургаан гишүүн дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Парламентын гишүүн бага байх тусам эрх мэдэл нэг дор төвлөрч, хуйвалдаан зэрэг сөрөг талын зүйл гардаг учир 150-аас дээш гишүүнтэй байх ёстой гэдэг олон улсын жишиг бий. Тиймээс эрх мэдлийн төвлөрлийг багасгана” гэдгийг хэлж байв.
Г.Улсболд