Эмээлтэй морь, Энх-Амгалан хаан брэнд болсон түүх

2
2023 оны 5 сарын 112023-05-11
Эмээлтэй морь, Энх-Амгалан хаан брэнд болсон түүх

Нэгэн үе 300 гаруй ажилтантай байсан шаазан эдлэлийн томоохон үйлдвэр зах зээлийн шуурганд өртсөнөөс хойш 30 жил өнгөрчээ. Тухайн үед монголчуудын урласан ваар гадаадынхны нүдийг хужирлаж, экспортод гаргадаг байсныг өнөөдөр мэдэх хүн цөөн. Тэр л үйлдвэрт эд эс нь болж явсан  эрхэм бол Д.Дашдэлгэр. 20 гаруйхан насандаа чамингийн тасагт зураачаар ажиллаж явсан тэрбээр тухайн үедээ шувууны бага нь байж.

Өнөөдөр ч тэр амь тасарсан шаазан үйлдвэрийнхээ үргэлжлэл нь болж өөрийн хувь нэмрийг оруулж яваа нэгэн. Бас хамгийн залуу үйлдвэрлэгч гэдгийг хэлж байлаа.

Энэ тухай ярихдаа “Шаазан үйлдвэрлэгчдээс хамгийн залуу үе нь би л байна. Гэхэд одоо 60 нас хүрч явна шүү дээ. Тухайн үед шаазангийн үйлдвэрт хамт ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь одоо өндөр настангууд болсон. Зарим нь бурхан болсон. Гэтэл өнөөдөр ч  манайх шиг ийм шаазангийн үйлдвэр байхгүй”  гэж байлаа. 

Эхнэртэйгээ танилцаж байсан тэр л үйлдвэр нь 1995 онд татан буугдснаас хойш 25 жилийн дараа 2019 онд дахин үүдээ нээжээ. Налайх дүүрэгт байрлах мөрөөдлийн цомхон үйлдвэртээ тэр  амь тасарсан шаазангуудыг ахин сэргээж буй.

ЭМЭЭЛТ МОРЬ, ЭНХ-АМГАЛАН ХААН 30 ЖИЛИЙН ДАРАА БРЭНД БОЛОВ

морь.jpg

Нэгэн үе айл бүрийн хойморт заларч, монголчуудын сэтгэлд хоногшсон өврөөрөө дүүрэн хүүхэдтэй Энх-Амгалан хаан, эмээлтэй морь дахин залуу үеийнхэнд уламжлагдан ирж байна.  Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Хятад, Оросын шаазан эдлэлүүд монголчуудын дотоодын хэрэгцээг хангах болсон ч хуучны эдлэл үнэ цэнээ алдаагүй бололтой.

Өөрөөр хэлбэл, Эмээлтэй морь, Энх-Амгалан хаан түүний брэнд.

Яагаад мода хөөхөөс илүүтэй хуучны шаазан эдлэлийг дахин сэргээх болсон тухай ярихдаа “Өнөөдөр айл бүр монгол шаазангаас илүү урд зүгийн сувинер, шаазан эдлэлээр гоёх дуртай болсон нь харагдаж байгаа. Хэрэв анхнаасаа шинэ загварууд сонговол  “Өө Хятадынх л юм байна”  л гэж ойлгоно. Хэрэв яг л хуучны шаазангууд худалдаанд гараад эхэлбэл “Ээж, аав иймийг авч байсан, манай авдар дээр энэ байсан” гээд л дурсана шүү дээ. Манай залуус гадагшаа ажиллаж, амьдрахаар явахдаа эмээлтэй морь, Энх-Амгалан хаан, ноён хатныг их захиалж авдаг. Өвөрмонгол, буриадууд ч бас үр хойчдоо өвлүүлнэ гээд л ихээр авдаг юм” гэж байлаа.

Д.ДАШДЭЛГЭР: МОНГОЛЫГ ХӨХ ГҮЦ, ХАР САВХИ, ТАРВАГАНЫ АРЬС ТЭЖЭЭЖ БАЙСАН

Ер нь хятад, монгол шаазан харваас андашгүй гэнэ. Тэр тусмаа монгол хүний ур хийц шингэсэн шаазан эдлэл дахин давтагдашгүй аж. Ийм бүтээлүүд одоо шаазан эдлэл цуглуулагчдад байдаг.

Хийц загвар нь ховордохын хэрээр 30 сая хүртэл төгрөгийн үнэтэй байгаа юм. Хэн ч харсан гайхан бишрэхгүй байхын аргагүй ховор нандин бүтээлийн нэгээхэн хэсэг Д.Дашдэлгэрт ч байдаг.

Түүний шүүгээнд өрөөстэй  шаазан эдлэлүүд 1950-1990 оны хооронд.  Социализмын үед  нэгэн дээвэр дор ажиллаж явсан найз нөхөд, ах эгч нарынх нь урласан  бүтээлийг ийнхүү хадгалж ирсэн нь энэ.

shan.jpg

Үүний дотор өөрийнх нь урласан ховор  содон шаазангууд ч бий. Тухайлбал, өвлийн өвгөн, харуул занги, хөх луутай ваар. Тэр дундаа хамгийн ховор, үнэ цэнтэйд тооцогдох хөх луутай ваарыг тухайн үед маш цөөн тоогоор үйлдвэрлэж Япон, Унгар зэрэг улсад экспортолж байж. Учир нь тухайн үед хөх шаазанг зөвхөн монголчууд өөрсдөө л урладаг нарийн технологитой байсан тул гадаадынхы нүд хужирладаг байсан юм билээ. Одоо зөвхөн зураг нь л үлджээ.

1990-ээд онд ардчилал гарахаас өмнө  хөх гүц, савхин хүрэм, тарваганы арьс монголчуудыг тэжээж байсан талаар Д.Дашдэлгэр гуай инээд алдан ярьсан юм.

Тэрбээр “Оюутнууд гадаадад сурахаар явахдаа хөх гүц, хар савхин хүрэм, тарваганы арьсны аль нэгийг заавал авч явдаг байлаа шүү дээ. Хэрэв гурвууланг нь авч явбал бөөн мөнгөтэй болоод нутагтаа ирдэг. Ингэж л зах зээл анх хөгжсөн. Энэ гурав л монголчуудыг тэжээж байсан даа. Хөх гүц бол маш ховор, валютын дэлгүүрт л худалдаалдаг байсан эд. Дотоодын хэрэгцээнд үйлдвэрлэдэггүй байсан юм. Монголчуудын оюуны өмч байлаа шүү дээ” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Өнөөдөр шаазан эдлэлийг цуглуулагчид л хадгалж уламжлан авч явж байна. Гэхдээ би цуглуулагч биш үйлдвэрлэгч. Магадгүй олон арван жилийн дараа миний бүтээлүүд ч бас цуглуулгын нэг болохыг үгүйсгэхгүй” гэдгийг хэлсэн.

АМЬ ТАСАРСАН ШААЗАН УРЛАЛ ДАХИН СЭРГЭЖ БАЙНА

шаазан.jpg

Түүний хувьд 30 жил мөрөөдсний эцэст өөрийн үйлдвэрээ нээсэн нь энэ. Анх хэрхэн үйлдвэрээ нээсэн талаар түүхээсээ “Шаазан үйлдвэр бол миний 30 жилийн мөрөөдөл. Анх үйлдвэрээ нээнэ гэхэд эсэргүүцэх хүн олон байсан.

Зах зээлийг Хятадын шаазан эдлэл эзэлсэн байхад шаазан үйлдвэр нээх нь бүтэшгүй санаа болохыг зөвлөх нэгэн ч байсан. Гэхдээ мэргэжилдээ хайртай, дуртай болохоор бүх хөрөнгөө шавхаж, үйлдвэрээ нээсэн.

Шантарвал шантрахаар, замаас нь буцаж хаахад амархан л байсан байх. Гэхдээ шаазан эдлэл үйлдвэрлэх нь миний хобби учраас өдийг хүргэлээ” гэж товчхон хувцаалцсан юм. Тэрбээр шаазангийн үйлдвэрээ нээхээс өмнө  барилгын компани, Цонжин болдогийн ойролцоо амралтын газар  ажиллуулж байсныгаа зарж ийнхүү мөрөөдлийн үйлдвэрээ барьсан нь энэ аж. Үүнээс харахад түүний амьдрал шаазан эдлэлтэй салшгүй холбоотой.

ноён хатанп.jpg

Монголд шаазангийн урлаг, үйлдвэр байгуулагдсан түүхээс сөхвөл зохион бүтээгч Х.Дагвадоржоос ламаас эхлэлтэй гэдэг. Тэр анх шашны номоос шаазангийн орц нормыг олж, Монголд байгаа материалуудыг нь судалж туршиж үзжээ. Түүний санаачлан хөөцөлдсөөр 1955 онд Монголын үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн харьяанд Шаазангийн артель анх байгуулан улмаар “Монгол шаазан” үйлдвэр болтол хөгжсөн. Харамсалтай нь 1995 онд хаалгаа барьж татан буугдсан юм.

Угтаа бол  дотоодын бэлэг дурсгал, өргөн хэрэглээний хэрэгцээг бүрэн хангахын сацуу Япон, Куба, Унгар зэрэг улсад экспортолж байсан оргил үедээ ийнхүү хаалгаа барьсан нь даанч харамсалтай.

Гэсэн ч амь тасарсан шаазан урлагийн хөгжил 30 жилийн тэртээгээр бүр мөсөн тасарчихаагүй амьтай голтой үргэлжилж байгааг  Д.Дашдэлгэрээс харж болохоор. Тэр цаашид ч  шаазан эдлэлийн амийг таслахгүйн тулд өнөөдөр өөрийн мэдэх чадах бүхнээ залуустаа сургаж өвлүүлж байгааг үйлдвэрээс нь харж болохоор. 

шаазангаа.jpg

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

6 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө