Цахилгаан шат гацлаа, гэмтлээ, уналаа гэх таагүй мэдээ мэдээлэл нийгэмд шүүмжлэл дагуулсаар байна. Өчигдөр гэхэд л Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутагт өчигдөр 34 настай эмэгтэй гурван сартай охины хамт цахилгаан шатанд түгжигдсэн байжээ. Энэ тухай дуудлга орой 18:09 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн аж. Үүний дагуу албан хаагчид цахилгаан шат хариуцсан засварчинтай хамтран 30 минут ажиллаж хаалгыг онгойлгож гаргасан байна.
Улсын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас 6000 нь нийслэлд бүртгэлтэй. Эдгээр лифтний угсралт, засвар, ашиглалтын үйл ажиллагааг хариуцдаг 160 орчим аж ахуйн нэгж байдаг ч 50 гаруй нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан насжилт нь дууссан 130 орчим лифт бий. Уг нь цахилгаан шатны аюулгүй байдал, стандартад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавих үүрэгтэй. Гэвч тус байгууллагад уг асуудлыг хариуцсан ердөө 2 мэргэжилтэнтэй. Иймд нийслэл дэх цахилгаан шатнуудыг хянаж “чадахгүй” гэдгийг ч албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Нөгөөтэйгүүр цахилгаан шатны арчилгаа, аюулгүй байдлыг хариуцах ёстой СӨХ-той холбоотой иргэдийн гомдол мэдээлэл тасардаггүй. Үүнд нь бас л иргэд буруутай гэнэ. Бүх оршин суугчид мөнгөө төлөөгүй болохоор лифтийг засварлуулах мөнгө байдаггүй, хариуцсан эзэн байдаггүй гэх зэрэг шалтгаан, шалтаг тоочсоор. Хамаарал бүхий байгууллагуудын өөрсдийгөө өмгөөлсөн, амиа хичээсэн, хайнга үйлдлийн золиос нь иргэд болж байна. Эргэн сануулахад,
2022.01.27 Баянгол дүүргийн 18 дугаар хороо хороо 86 дугаар байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гуравхан настай хүү харамсалтайгаар долоон давхараас унаж амь насаа алдсан. Тус хэргийн дүгнэлт одоогоор гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
2022.02.16 Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр баригдаж буй барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, 52 настай эрэгтэй цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүн нүхэнд унаж осолдсон.
2020.08.23-нд Залуус хороололд цахилгаан шат унасны улмаас дөрвөн хүний хоёр нь биедээ хүнд гэмтэл авсан байдаг. Тус байрны 48Б байрны зургаадугаар давхраас B1 давхар луу цахилгаан шат унасан бөгөөд 48, 53 настай хоёр иргэн эрүүл мэндээрээ хохирсон.
Статистик сөхвөл, осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгааны нэгдүгээрт өндрөөс унах. Дараа нь амьгүй механик хүчинд өртөх (даруулах гэх мэт) бол гуравдугаарт зам тээврийн осол, дөрөвдүгээрт хүчирхийлэл, сүүлд нь амьтай механик хүчинд өртөх гэсэн осол багтаж байна.
Цахилгаан шат гацсан, унасан, гэмтсэн, хүний амь эрсэдсэн зэрэг дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт цөөнгүй бүртггэддэг болохыг тус газрынхан хэлсэн. Хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй ч зарим тохиолдлоос дурдвал,
2021.03.11 Онцгой байдлын албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргаж байв. Тус хорооллын 48/В байрны дөрөвдүгээр давхарт 35, 37 настай Я, Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү гацсан байсныг амь насыг нь аварсан. Гэхдээ өмнө нь тус хороололд энэ мэтчилэн гацсан, унасан тохиолдол цөөнгүй.
2018.11.28 Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд цахилгаан шат гацаж гурван хүн түгжигдэж байв. Орон сууцны дөрөвдүгээр давхарт 48, 35 настай хоёр эмэгтэй, 10 настай хүү гацсан байсныг албан хаагчид эсэн мэнд гаргаж аварч байв.
Цахилгаан шатны аюулгүй байдалд анхаарахгүй бол цаашид хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирохыг ч таашгүй нь.
Б.ЦЭЦЭГ