Дэлхийд данстай ТАМИРЧИН гэр бүл

2023 оны 5 сарын 182023-05-18
Дэлхийд данстай ТАМИРЧИН гэр бүл

Дугуйт тэшүүрийн спортын мастер М.Шинэтөрийн гэр бүл өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд гар бие оролцож буй. Тэрбээр 2015 оноос эхлэн цана, сноубоардын сургагч багшаар ажилласан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Монголын Үндэсний Шигшээ багийн Сноубоардын дасгалжуулагчаар ажиллах болжээ. Гэр бүлийн 5 гишүүн  тэшүүр, уулын цана, сноубоардоор дагнан хичээллэдэг. Хамгийн бага нь 9 настай бол хадам ээж Н.Эрдэнэтуяа гуай 63 настай. Энэ удаагийн сурвалжлагаараа дээрх спортлог гэр бүлийг онцолж байна. 

Эднийх цом, медалийн арвин цуглуулгатай. Н.Эрдэнэтуяа гуай гэхэд дангаараа 80-90 медальтай. Үүн дээр хоёр зээ хүү, хүргэний медалиуд нэмэгдвэл  энэ урт улаан туузанд багтахааргүй их. 

Түүнд тэшүүрээс гадна ахмадын сагсан бөмбөг, волейбол, софьт волейбол, Граунд гольф, шатар, явган алхалт гээд олон төрлийн спортоор авсан шагналууд ч бий. Н.Эрдэнэтуяа гуай багаасаа л  спортоор хичээллэх дуртай хүүхэд байж. Тиймдээ ч спортоо хаялгүй 1982 онд УБДС-ийг Биеийн тамирын багш мэргэжилээр төгсчээ. Түүхийн ухааны магистр, “Зөвлөх” багш зэрэглэлтэй учраас  боловсролын байгууллагад 39 жил, мэргэжлийн боловсролын салбарт 37 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ гарсан байна. Хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч спортоо орхилгүй Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороонд тэшүүрийн секц хичээлүүлж байгаа бөгөөд  2024 оны  олимпод гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаагаа бидэнд дуулгасан юм. 

346119561_1379384779298662_8848345736366673890_n.jpg

Тэрбээр  "Ахмадын олимп гэхээр жижиг тэмцээн биш ээ. 2015 онд Канад улсын Кюбек хотод зохиогдсон Ахмадын Өвлийн II дахь Олимпод Монгол улсаас анх удаа Өвлийн тэшүүрийн төрлөөр оролцож 500м, 1000м,1500м-н зайнд  уралдаж хошой 3 хүрэл медаль авсан. Залуудаа олимпт  оролцож тив дэлхийд уралдаж байсан мундаг тамирчидтай хамт уралддаг. 2020 онд 5000 м-т уралдаж Монголдоо рекорд тогтоосон. Энэ нь төв цэнгэлдэхийг 12 удаа тойрсон хэмжээтэй. Залуудаа биелүүлж чадаагүй мөрөөдлөө нас яваад л биелүүлж байна даа" гээд инээмсэглэв. 

Түүнчлэн олон улсын тэмцээн уралдаанд оролцоход  зардлаа хувиасаа гаргах нь хүндрэлтэй байдаг гэдгийг нуусангүй.  Цар тахлаас өмнө бүх зардал 5 сая төгрөгт багтдаг байсан бол онгоцны тасалбар гэхэд дангаараа 5 сая төгрөгт хүрсэн нь ахмад тамирчдыг эдийн засгийн дарамтанд оруулжээ. Тиймдээ ч Н.Эрдэнэтуяа гуай 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэшүүрийн тэмцээнд оролцолгүй өнжсөн байна.

Тэрбээр "2022 онд дэлхийн аваргад урьсан ч эдийн засгийн хүндрэлийн улмаас  ахмад тэшүүрчдээс нэг нь ч яваагүй. Уг нь явсан хүмүүс ганзага хоосон ирдэггүй. Цар тахлын дараа  онгоцны тасалбар, очоод байрлах газар бусад зардлаа бодохоор 10 сая төгрөг гарахаар байсан. 10 саяыг би өөртөө зарцуулахаар гэр бүл маань яах уу. Тиймээс тэмцээнээ өнжсөн. Би өөрөө энэ спортод чин сэтгэлээсээ хайртай учраас тэтгэврийн зээл аваад тэмцээндээ явдаг.  

2015 оноос хойш 2020 он хүртэл тасралтгүй гадны тэмцээн уралдаанд оролцоход хувиасаа 40 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

Бараг нэг өрөө байрны мөнгө тэр чигтээ явсан. Би ер нь тэмцээнд явахдаа улсаас мөнгөн тусламж авч үзээгүй ээ. Хэрэв манай гэр бүл энэ спортоос хол намайг ойлгодоггүй байсан бол би шантрах байсан.  Азаар бүгд өвлийн спортын төрөлд хайртай" гэдгийг онцлов.  

Түүний амьдралд цас, мөснөөс хол байсан өдөр тунчиг цөөхөн. Осолдохгүй охиноо төрүүлэх гэж л эмнэлэгт очсоноос биш бусдаар эмнэлэгт очиж байгаагүй гэнэ. Үүнээс харахад уг спорт Н.Эрдэнэтуяа гуайн амьдралд эм болсон гэхэд буруудахгүй.  Тиймдээ ч наснаасаа залуу хөнгөн шингэн харагддаг биз. 

Н.Эрдэнэтуяа гуай 2015 оноос хойш Дэлхийн 4 удаагийн аварга, Ахмадын Олимпийн хошой 4 хүрэл медальтай, Ахмадын 14 удаагийн аварга болжээ. 

  • 2016 онд АНУ-ын Чикаго хотод болсон  гүйлтийн тэшүүрийн ахмад Мастеруудын Дэлхийн аваргаас анхны 3 алтан медаль авлаа
  • 2017 онд Нидерланд улсад болсон гүйлтын тэшүүрийн ахмад мастеруудын Олон улсын холын зайн уралдаанд 3000 м зайд түрүүлж “Алтан цом” авсан.
  • 2018 онд Итали улсад болсон Ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах Гүйлтийн тэшүүрийн Бага олон төрөлд оролцож мөнгөн медаль авсан.
  • 2020 онд Австари улсын Инсбургт болсон ахмад Мастеруудын Өвлийн III дахь Өвлийн Олимпод анх удаа 5000 м зайд уралдаж 60-64 насны Монгол улсын рекордыг шинээр эвдэж хүрэл медаль авч байжээ. 

Түүний нийт шавь нараас улсын аваргын 360 гаруй медаль авснаас алтан медаль 190, мөнгөн медаль 125, хүрэл медаль 45 авсан байна. 

346122256_121063917623671_161921365371016591_n.jpg

Н.Эрдэнэтуяа гуайн хүргэн дугуйт тэшүүрийн спортын мастер М.Шинэтөр нь хөнгөн Атлетикийн багш дасгалжуулагч мэргэжилтэй. Түүний хувьд хоккейн тэмцээний үеэр  өвдөгнийхөө чагтан холбоосыг бэртээсний улмаас хайртай спортоо орхисон ч 2015 оноос хойш уулын цана, сноубоардоор хичээллэж эхэлжээ. Улмаар 2019 онд сноубоардын  төрлийг Монголдоо хөгжүүлэх зорилготойгоор найзуудынхаа хамт "Ehlel team" бүлгэмийг байгуулсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Монголын Үндэсний Шигшээ багийн Сноубоардын дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн байна. 

2023 оны нэгдүгээр сард Америк улсад зохиогдсон Оюутны дэлхийн аваргын тэмцээнд Монголоос анх удаа сноубоардын шигшээ багийн тамирчин Г.Ганзориг, дасгалжуулагч М.Шинэтөр нар оролцсон юм. 44 тамирчдаас Г.Ганзориг 23-р байранд орж Монголын анхны рекорд амжилтыг тогтоосон байна. 

Өөрөөр хэлбэл, Монголын түүхэнд анх удаа сноубоардын Слалом төрөлд дэлхийн түвшинд уралдах боломжтойг баталж чадсан юм. Тэд  хожим дурсах түүхийн эхлэлийг ийнхүү  амжилттай тавьжээ. 

260973201_4366728953439542_7833395509368820761_n.jpg

Тэрбээр "Сноубоард бол  эр зоригийн спорт. Мэдээж гулгахын өмнө сноубоардоо  янзлаад сууж байхад зүрх маш хүчтэй цохилж, амнаас гарах гэж байгаа юм шиг санагддаг. Энэ бол айдас шүү дээ. Яг тэр айдсаа даваад бүх зүйлийг хяналтдаа аваад буусны дараах  мэдрэмж нь бүр илүү. Нэг ёсондоо айдсаа нам дарж байгаа юм. Буусныхаа дараа дахиад  гулгамаар санагддаг. Ер нь сноубоард бол  өөрөө их загварлаг спорт шүү дээ. Залуучууд энэ спортоор дамжуулж хувцасныхаа имиж, гадаад өнгө төрхөө тодорхойлдог болсон. Анхлан суралцагчид юун түрүүнд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, заалгах ёстой. Тэгэхгүй бол буруу техник эзэмшсэнээс болж бэртэх магадлал өндөр. Хоёрдугаарт аюулгүй байдлаа бүрэн хангах нь чухал" гэдгийг онцлов. 

 Түүний сүүлийн үед гаргасан амжилтаас дурдвал: 

  • 2017 онд Монголын мэргэжлийн экстрем холбооны “Шилдэг удирдагч” цом
  • 2018 онд ОУ-н Мастеруудын тэшүүрийн тэмцээний хүрэл медаль
  • 2018 онд Мастеруудын УАШ тэмцээний мөнгөн медаль
  • 2019 онд Тэшүүрийн  Мастеруудын УАШ тэмцээний мөнгөн медаль
  • 2019 онд Монголын мэргэжлийн экстрем холбооны “Шилдэг Тамирчин” цом
  • 2023 онд Бүх Ард түмний XVI-р их наадмын Мөнгөн медаль

М.Шинэтөрийн эхнэр Э.Оюунчулуу нь ургамал судлал, нөхөн сэргээлтийн мэргэжилтэй.  Аравдугаар ангиа төгстөл тэшүүр, дугуйт тэшүүрээр хичээллэх хугацаанд өсвөр үеийн 3 удаагийн хотын аварга, 15 гаруй спортын хүрэл, мөнгө, алтан медаль авч байжээ.  

Том хүү Ш.Мөнхтөр нь 13 настай бол дүү нь Ш.Түвшинтөр нь 9 настай.  Эмээ нь тэднийг уулын цана, шорт трекийн спортоор дасгалжуулж байгаа. Тэд ирээдүйд тамирчин болох хүсэлтэй. 

346124818_6460171050740748_872573673453411624_n.jpg

Ш.Мөнхтөр нь :

  • 2019 онд Шорт трекийн нээлтийн тэмцээнд 500м зайд 3-р байр өргөмжлөл
  • 2022 оны 12 сард Хэнтийн Дэлгэрхаанд болсон Аймгийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн нээлттэй  тэмцээнээс 1 алт, 3 мөнгөн медаль
  • 2023 онд Гүйлтийн тэшүүрийн нээлтийн тэмцээний 11-12 насанд 500м 3-р байр
  • 2023 оны 2 сарын 8-13 –нд Орхон аймагт болсон Монголын Хүүхдийн Спортын   Өвлийн VII наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд анх удаа оролцож хувийн рекорд амжилтаа 300м,500м шинэчлэн тогтоосон.
  • 2023 оны 2 сарын 28-нд болсон Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Өвлийн  спортын наадмын Шорт трекийн аварга шалгаруулах тэмцээнд 11-12 насанд  500м, 100м зайд түрүүлж аварга болж алтан медаль авсан.

Ш.Түвшинтөр нь :

  • 2021 онд Гүйлтийн Тэшүүрийн 2021-2022 оны Өвлийн улирлын нээлтийн тэмцээнд  6-8 насанд 2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2022 оны 2 сард Гүйлтийн Тэшүүрийн Өсвөрийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд  шагналт 4-р байр
  • 2023 оны 2 сарын 28-нд болсон Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Өвлийн спортын    наадмын Шорт трекийн аварга шалгаруулах тэмцээнд 7-8 насанд 300 м    түрүүлж аварга болж алтан медаль авсан.

ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЬЕ

Өвлийн цагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хоккей, мөсөн гулгуурын талбай, цанын бааз нэгэн үеийг бодвол нэмэгдсэн. Монголдоо л ганц гэж хэлж болох мөс, цасны хоёр том бүтээн байгуулалт болох "Скай ресорт", "Мөсөн өргөө" бол бүхэлдээ хувийн хэвшлийн өмч. Харин улсын гэх шаардлагад нийцсэн, аюулгүй байдал хангасан цанын бааз, мөсөн гулгуурын талбайг дүүрэг бүрт барих шаардлагатай байна. Тэгэхээр төр гэхээсээ илүүтэйгээр хувийн хэвшлүүд өвлийн спортыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэж дүгнэж болохоор байна. 

2014 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, уг зарлигт өвлийн спортыг дэмжих дарах чиглэлийг тусгаж байв.

Зарлигт:

  • Өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан, задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;
  • Ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутны өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;
  • Үндэсний шигшээ багийн өвлийн спортын олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Өвлийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих талаар тусгасан ч тусыг эс олсон. 

Тиймдээ ч төрийн ажлын залгамж халаа гэж зүйл алга болсон нь ийнхүү харагдаж буй.   Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо тэргүүтэй бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч байгууллагууд өвлийн спортын төрлүүдийг дэмжих тал дээр нэгдсэн нэг чиглэл, бодлоготой болж, ажлаа эхлүүлье.

Олон улсын тэмцээнд оролцох тамирчдын зардалын талыг нь ч болтугай даадаг болчихвол уг спортын хөгжилд дэмтэй юм даа.

БИЧЛЭГ ҮЗЭХ

Э.БУРАМ

Санал болгох

Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр.

26 минутын өмнө
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа

7 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

9 цагийн өмнө