Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж, "5Ш" ажиллагааг өрнүүлж буй. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн мэдээллийг өнгөрсөн сард ил тод болгосон нь өнөөдөр ч анхаарлын төвд байна. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Авлигын эсрэг 5Ш ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн 1997 оноос хойш мэдээллүүдийг ил болгосон. Энэ хугацаанд 150,000 гаруй оюутанд 1.2 сая удаагийн тэтгэлэг олгосон” гэж өчигдөр Засгийн газрын индэрээс онцолсон юм. Санг тойрсон асуудалтай холбогдуулан дараах байр суурийг хүргэе.
----------------------------------------------------
ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЗЭЭЛД ОРОЛЦСОН БҮХ ТАЛЫГ ШАЛГАНА
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох:
- Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажиллагааны шугамаар гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд хэрэг нээгээд ажиллаж байна.
1992 оноос яагаад шалгаагүй тухайд гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хуулийн зохицуулалттай.
Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтооно. Ингэхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй байж зээл авсан байвал оролцсон бүх талыг шалгана гэлээ.
ЗЭЭЛИЙН САНГ ИЛ ТОД БОЛГОСОН НЬ ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ХУМИХ ЭХЛЭЛ
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.ЭнхАмгалан:
-Монголд Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч дүрэм журмаа дагахгүй, эргэн төлөлтөө хийхгүй, зувчуулах асуудал гарсан. Энэ бол ирээдүйд тус сангаас зээл авах хүмүүсийн боломжийг хааж байна гэсэн үг. Эдийн засгийн хувьд мөн адил богино хугацаанд үр нөлөөгүй мэт боловч боловсролын салбар урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгч байдаг.
Өөрөөр хэлбэл, урт хугацаанд өсөх байсан эдийн засаг, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Ерөнхийдөө Засгийн газар боловсролын зээлийн сангийн асуудлыг ил тод болгосон нь далд эдийн засгийг хумих эхлэл нь боллоо.
Цаашид Боловсролын зээлийн сантай холбоотой дүрэм, журмыг эргэж харах шаардлагатай. Ер нь хөнгөлөх, чөлөөлөх гэдэг асуудлыг цуцлах хэрэгтэй. Үгүй бол албан тушаалийн нөлөөллүүд орж ирж өөрт хамаарал бүхий хүмүүсийг чөлөөлүүлэх цоорхой гарна. Иймд хөнгөлөлт, чөлөөлөлтийг цуцалснаар бусдын боломжийг хязгаарлах асуудал гарахгүй. Ялангуяа санхүүгийн аудитын байгууллага хяналт шалгалтаа сайн хийх хэрэгтэй гэлээ.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГ ИЛ БОЛГОСОН НЬ ЧУХАЛ Ч ОРХИЖ БОЛОХГҮЙ
Улс төр судлаач Д.Бумдарьтай утсаар холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэе. Тэрбээр нуугаад өнгөрдөг улс төрийн соёлд салхи оруулж байгааг онцолж байсан юм.
-Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн тухай асуудал анхаарлын төвд байгаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа мартагдахыг ч үгүйсгэхгүй. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Иргэн хүнийхээ хувьд хэлье. Төсөв буюу татварын мөнгөөр санхүүжүүлсэн аливаа бүх үйл ажиллагаа ил тод байх ёстой. Тиймээс иргэд хяналт тавих боломжийг өгөх, илтгэлцлийг бий болгох нь чухал.
Энэ ч үүднээс Боловсролын зээлийн санг ил тод болгох нь маш зөв. Гэхдээ энэ асуудалд үе үеийн сайд нар хариуцлага хүлээх ёстой. Процессын хяналтыг маш чанга тавих хэрэгтэй.
Нэг үгээр хэлбэл, хариуцлагатай, зарчимтай, хуулийн дагуу, улс төрийн хариуцлагыг хүлээдэг байх улс төрийн соёл суулгах цаг нь болсон. Үгүй бол цаашид дараа, дараагийн асуудлыг сенсацаар дарах нь нийгмийн бүтцийг алдагдуулна. Энэ асуудлыг хэсэг яриад өнгөрч болохгүй. Нөгөөтэйгүүр, олон нийтийн сүлжээнд нийтээрээ Боловсролын зээлийн сангийн тухай шуугьж байна. Гэхдээ зээлтэй холбоотой асуудалд бүх зүйл тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, журмын дагуу байсан уу гэдэг нь нэн түрүүний асуудал. Дээр нь үнэхээр тэтгэлэг байдаг уу. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хэрэв зээл авсан бол ямар хэлбэрээр вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Одоо зүгээр өнгөрөх ёсгүй, буруутай нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
-Засгийн газар холбогдох албан тушаалтнуудад Боловсролын зээлийн сангаар дамжуулан шахалт үзүүлээд эхэллээ. Судлаачийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Боловсролын зээлийн санг ил тод болгосныг өөрсдөө шүгэл үлээлээ гэж харж байна уу. Энэ нь хэр зөв шийдвэр бол?
-Засаглал дахь процесс ил тод байх ёстойгоос гадна төсвийн мөнгө учраас үүнийг хэрхэн зарцуулж байгааг иргэдийн хяналтад байх ёстой. Шилэн дансны хуулийг төрийн бүх байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн үйл ажиллагааг төрийн захиргааны хуульд заасан процессын үйл ажиллагаа ил тод байх ёстой.
Тиймээс өмнө нь Засаглал дахь процесс ямар их алдаатай байсныг Шилэн дансны хууль, Боловсролын сангийн зээлийг ил тод болгосны ачаар бид харж байна.
Иймд засахаас өөр аргагүй. Гэхдээ тухайн үед холбоотой хүмүүсийн толгойг илнэ гэсэн үг биш. Өмнө нь далд байсан учраас л мэдэгдэхгүй өнгөрөөж болдог улс төрийн соёл суусан байсныг л сайн Засаглал нь шахалтад оруулахаар процессын алдааг ил болгож байгаа юм. Гол нь сенсаци болгоод хаяхгүй байх нь чухал. Үгүй бол дараа нь иргэдийн итгэл алдрах эрсдэлтэй. Бүх зүйлийг сенсац гэж харах магадлал өндөр.
-Таны хувьд 5Ш ажиллагааг хэрхэн харж байгаа вэ. Боловсролын зээлийн санг ил болгосон нь үүнтэй холбон тайлбарлаж байгаа шүү дээ?
-Авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлогыг эрчимжүүлж буй ажил. Авлигын эсрэг бодлого удаашралтай, ард иргэдэд тодорхойгүй байгаа учраас л 5Ш ажиллагааг хөтөлбөр болгож хэрэгжүүлж байна. Гол нь үр дүн чухал гэлээ.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ