Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн Газрын “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг надад үүрэг болгосон.
Энэ дагуу өнөөдөр /2023.05.26/ зургаан санг ил тод болгож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийв.
Үүнд:
- БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
- БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
- ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
- ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.
ЦХХХ-ийн сайд Н.Учрал:
-Тусгай сангийн зориулалт бүхэлдээ буруу гэж үзэж болохгүй. Тиймээс асуудалд шинжлэх ухаанч байдлаар ул суурьтай хандах хэрэгтэй. Засгийн газрын тусгай сангуудыг ялгахгүйгээр хяналт тавих учиртай. Зарим нь эргэн төлөгдөх нөхцөлгүй байгаа ба түүний зарцуулалтыг хянах ёстой. Зарим сангаас иргэдэд олгожээ. Тухайн иргэн төслөө бичиж, судалгаагаа хийгээд, үр дүндээ хүрсэн эсэхийг хянах ёстой. Байгаль орчин орчин, уур амьсгалын сангаас авсан мөнгө зориулалтынхаа дагуу ашигласан уу, эсвэл өөр зориулалтаар ашиглагдаж уу гэдгийг хянах ёстой.
Шинжлэх ухаан, технологийн сангийн хувьд 2007-2023 оны мэдээллийг бидэнд ирүүлсэн. 322 байгууллага 59 иргэнд 151.9 тэрбумыг зарцуулсан. Аль сайдын үед тушаал шийдвэр гарсан бэ гэдгийг https://shilen.gov.mn сайтаас харах боломжтой.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан 2009-2023 онд 2000 гаруй иргэнд 3.1 тэрбумыг зарцуулсан. Ялангуяа цар тахлын үед 408 иргэнд эмчилгээ үйлчилгээ болон тусгаарлах байр, хүнсний багц, замын зардалд мөнгө зарцуулсан.
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 2012 оноос хойш 2.6 тэрбумын нөхөн төлбөрийг олгосон. Нөхөн төлбөрийн 975 сая буюу 36 хувийг холбогдох журмын дагуу тус санд буцаан төвлөрүүлсэн. 63 хувь буюу 1.6 тэрбумын үлдэгдэлтэй.