Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш. Хэрэв уг бодлого ажил хэрэг болбол эдийн засаг богино хугацаанд тэлж, уул уурхайгаас хараат бус болох нь тодорхой. Энэ ч үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хамтран ажиллах, шийдэл олох зорилготой “Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн” уулзалт өнгөрсөн баасан гарагт болсон юм. Ерөнхий сайдын санаачилсан эл уулзалтад төр, хувийн хэвшлийн төлөөлөл 1400 гаруй зочин оролцож цаашдын гарц шийдлийг тодорхойлохоор чуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ "Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна" гэдгийг тодотгож байв.
Зөвлөгөөн Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс гадна хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон өргөн цар хүрээнд өрнөв. Хувийн хэвшлийнхний зүгээс дэд бүтэц, тээвэр ложистик, валютын зөрүү зэрэг олон асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлэгт оролцсон төр, хувийн хэвшлийнхний зүгээс хэлэлцэж ярилцахаас илүү хэрэгжүүлэх тухайд санал нэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэржилтийн сэргэлтийн талаар өнгөрсөн хугацаанд олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Мөн адил “Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн” нь 40 дэх удаагийнх гэдгийг хуралд оролцогчид хэлж байсан.
ДЭД БҮТЭЦ, ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТЭД СААД БОЛЖ БАЙНА
Тэдний төлөөлөл Кью Эс Си ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир
“Илтгэгч нар хэллээ, өнөөдрийн арга хэмжээ 40 дэх удаагийнх. Гэтэл арга хэмжээ, хэлэлцүүлэг бүрт л бид дэд бүтцээ шийднэ, хууль эрхзүйн орчноо сайжруулна гэх зэргээр яригддаг. Олон дахин зөвлөгөөн хийх нь ичмээр болж байна. Цаашид үр дүн гаргах хэрэгтэй. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд томоохон төслүүд яригддаг. Энэ талаар үеийн үед хангалтгүй байлаа ” гэсэн юм.
Түүний үзэж буйгаар хувийн хэвшлийнхэнд тулгардаг хамгийн том чөдөр нь дэд бүтэц.
Наад захын жишээ нь, үйлдвэр байгуулъя гэхэд эрчим хүчний хүрэлцээ хангалтгүй, өнөөдрийг хүртэл томоохон цахилгаан станцын төслүүдийг хөдөлгөөгүй байгааг хэлж байлаа. Үүний дараа хууль эрхзүйн орчин, мөн төр өөрөө болохыг ч хэлсэн. Учир нь төр хувийн хэвшлийнхэнд итгэдэггүй, гар бие оролцох зэргээр бизнест нь саад болдог аж. Тиймээс дэд бүтцээ шийдэж, бодлогоор дэмжиж эдийн засгийн эрх чөлөөг нь өгвөл аж үйлдвэржилтийн сэргэлт амьдрал дээр хэрэгжих боломжтой гэсэн байр суурьтай байгаа юм.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-г байгуулсан байдаг. Тус хороо нь аж үйлдвэржилтийн салбарт эхний ээлжинд бодитоор хэрэгжихүйц төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм.
ОРОН НУТАГТ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД УЯЛДАА ХОЛБООГҮЙ БАЙНА
Ашигт малтмалын газрын тосны газрын дарга Л.Баярмандал:
-Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулагдаад удаагүй, нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хорооны зорилго бол Засгийн газрын “шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж аж үйлдвэрийн сэргэлтийг эрчимжүүлж, томоохон төслүүдээ хөдөлгөх зорилготой. Энэ хүрээнд хамгийн гол нь төр, хувийн хэвшлийнхэн судалж ярилцаж бодлогоо тодорхойлох зорилготой зөвлөгөөнийг зохион байгууллаа. Гол нь цуглаж, хуралдаад тарах биш хэрэгжүүлж эхэлье. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ч хэлж байна, өнгөрсөн удаа 40 гаруй хурал хэлэлцүүлэг болсон байна. Тиймээс хэрэгжүүлье, цаг үе өөрчлөгдөж, боомтууд сэргэж эхний ээлжид эрдэс баялгаа сайн гаргаж, ам.долларын ханш буурч байгаа нь боомтын сэргэлтийн үр дүн.
Дараагийн том сэргэлт нь аж үйлдвэрээ хөгжүүлж нэмүү өртөг шингээсэн том төслүүдээ хөдөлгөх нь чухал байна.
Ашигт малтмалын газрын тосны газар бол тусгай зөвшөөрөл, газрын тосны салбарыг хариуцдаг. Монгол Улсад газрын тосны үйлдвэр баригдаж байгаатай холбоотой газрын тосны нөөц чухал байна. Бид 10 талбайд тендер зарласны гуравт хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байгаа. Үйлдвэр баригдсны дараа газрын тосны нөөц өснө. Дараа нь тусгай зөвшөөрлүүдийг шинээр олгож цахимаар зарлаж байна. Ер нь зөвхөн төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа биш төр засаг ч бас дотроо уялдаатай ажиллах асуудал яригдаж байна.
Ялангуяа орон нутагт төр захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, салбар хоорондын уялдаагүй байна.
Жишээ нь, уурхай барилаа гэхэд ус, замын асуудал гардаг. Өдийг хүртэл салбарууд уялдаа холбоогүй ажиллаж байна. Тиймээс үндэсний хороо байгуулсан зорилго нь нэгдсэн бодлоготой ажиллах. Мөн хувийн хэвшлүүдэд АМНАТ-аас эхлээд тулгамдсан асуудлууд бий. Үүнийг хамтарч шийдэхийн тулд хороо байгуулсан гэлээ.
АХМАДУУДЫН МЭДЛЭГ, ТУРШЛАГЫГ АШИГЛЪЯ
Мэдээж дэд бүтэц, хууль эрхзүйн орчин чухал ч ажиллах хүчний нөөц, боловсон хүчнийг анхаарлын гадна орхиж болохгүй. Зүйрлэвэл, байшингийн суурь гэж болохоор. Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн зүгээс мэргэжлийн боловсон хүчин тийм ч хангалттай биш гэдгийг нуугаагүй. Тэгвэл боловсон хүчний нөөцийг хэрхэн барих талаар ахмад эрдэмтэн дараах байр суурийг илэрхийлсэн.
Техникийн ухааны доктор Ч.Нанжаа:
-Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд Үндсэн хуулиасаа эхлэх хэрэгтэй. Үндсэн хуульд үйлдвэржилтийн бодлогыг орхигдуулаад 30 жил болсон. Иймд Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ гэсэн ганц өгүүлбэр оруулах хэрэгтэй.
Хүний нөөцийг тогтвортой барихын тулд залуу үе 33 хувь, дунд насныхан 33 хувь, ахмад үе 33 хувь тус тус бүрдүүлэх нь хамгийн тохиромжтой. Гэтэл ажиллах чадвартай ахмад настнуудыг тэтгэвэрт нь гаргаж байна.
Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад ч ийм бодлого гаргаагүй. Мөн ОХУ ч бас ахмад настнуудынхаа ажиллах чадвар, мэдлэгийг ашиглаж байна шүү дээ. Атал гуравхан сая хүнтэй Монгол Улс ахмад настнуудынхаа мэдлэг чадварыг ашиглахгүй байгаа нь өөрөө гамшиг. Хоёрдугаарт, энэ салбарын мэргэжилтэн бэлтгэхэд дотоодын нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй гэсэн юм.
Эдийн засагчдын зүгээс урт хугацаанд бус богино хугацаанд үр ашигаа өгөх төслүүдийг хөдөлгөх нь илүү үр ашигтай болохыг зөвлөсөөр байна.
Б.ДЭЛГЭЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.УУГАНСҮХ