“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.
Хууль тогтоох дээд байгууллага хулгайн замыг хаасан хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх л ёстой. Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банкны хулгайг илрүүлж, хулгайчдыг зарласан боловч хулгайн замыг нь хаах хуулийн өөрчлөлт нэг л явахгүй байна. Өнөө Төрийн өмчийн багц хуулийн өөрчлөлт яасан бэ. Тендерийн хуулийг өөрчилнө гэсэн яасан бэ. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчилнө гэсэн яасан бэ. Засгийн газрын тусгай сангуудыг цаашид хэрхэн вэ. Засгийн газраас өргөн барьсан Сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг баталж, улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтнуудын төрөөс мөнгө хийх, давуу боломж эдлэх хууль бус ажиллагааг хаана гэсэн яасан бэ. Энэ их ажил овоорчихоод байхад хаврын чуулганыг хаах шаардлага байна уу.
Сенсаацаас сенсаац
Хэвлэлийн бидэнд мэдэгдэж байгаачлан хэдэн сая төгрөгийн хохиролтой хэргийн тухай мэдээллийг хүн тоож уншихаа болилоо. Хэдэн тэрбум, хэдэн их наядын хулгайн мэдээлэл сонссоор дөжирч байгаа нь тэр. Бараг “хэдэн сая л юм байна, сүртэй юм бэ. Тэрний оронд том хулгайч нараа бич” гэж эсрэгээрээ мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг буруутгах нь холгүй. Хулгайн мэдээ нийгэмд хангалттай, хангалттай байгаа нь зарим үйл явдлыг олны анхаарлаас холуур өнгөрөөхөд “тус болж” байна. Жишээ нь, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл. Монгол Улс УИХ-ын гишүүдийнхээ тоог одоогийнхоос 50-иар нэмэх, ингэхдээ тэр 50 гишүүнээ намын нэрийн жагсаалтаар сонгодог болох түүхэн үйл явдал ид өрнөж байна.
Үндсэн хуульд нэг л удаа ингээд орчихвол хоёр удаагийн сонгууль буюу найман жил энэ заалтыг хөндөж болохгүй хуультай. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлэг дуусчихсан. УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж, ирэх зургадугаар сарын 2-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө очсон гишүүдэд “цалин, тэтгэврээ нэм” гэж ярьсан шиг, гурав дахь хэлэлцүүлгийн өмнө очиход нь “Боловсролын зээлийн сан” ярьсаар хэлэлцүүлэг дуусгах юм гэж үү.
Ер нь сайн яривал “Боловсролын зээлийн сан” гэдэг сэдвийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр олон юм яриад байгаа УИХ-ын гишүүдийг тойрогтоо очих нүүргүй болгох гэж намаас нь захиалга өгсөн тухай ёстой л “Төрийн ордоны тамхины цэг” гээч дээр яриад байсан шүү. Гишүүдийг 152, үгүй ядаж буулгаад 136 дээр тогтоох гэж байхад нь 126, цаашлаад 108 болтол нь буулгах хэрэгтэй гэж ярьсан УИХ-ын гишүүдээ төв намаас нь БЗС-аар нь “хашрааж” байгаа нь энэ юм болов уу. Эхлээд үгэнд орохгүй байгаа Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Т.Доржханд гурвыг л салгаж нүдүүлж байтал бусдынх нь БЗС-ийн асуудал илрээд, “тэнцвэртэй мэдээ”-лэгдэж байгаа юм байна. “Бүгд ялгаагүй хулгайч” болчих үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал эсрэгээрээ явахад хүндэрнэ шүү дээ, нөгөө талдаа. Хулгайч нараар Үндсэн хууль батлуулахгүй гээд л.
Нам дугуйлах уу, хүн дугуйлах уу
Малын тоонд биш чанарт анхааръя гэж байхад өөрсдийнхөө чанарт биш тоонд анхаарч байгаа УИХ-д хөдөөгийн малчид, фермерүүд юу хэлж байгаа нь сонин. Бас 26 мянган хүнийг төлөөлсөн ард түмний элч, төлөөлөгч гэж хуульчилсан 76 нь өнөөдөр 46 мянган хүн төлөөлөөд хүрч ажиллаж чадахгүй болсон, хууль тогтоомжийн төсөл бүр дээр нямбай ажиллаж чадахгүй байгаа явдал бодитоор байгаа. Нэмэхдээ хүрвэл дагалдуулаад популизмыг багасгах, хууль тогтоох дэг журмыг сайжруулах, эрх мэдлээрээ мөнгө олох боломжийг нь хаах, гишүүдийн халдашгүй байдлыг байхгүй болгож эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг нэгмөр шийдэх шаардлагатай.
Холимог тогтолцоо хэрэгтэй. Гэтэл улс төрийн нам миний хүсээгүй улстөрчийг намын жагсаалтын 50 дотор оруулаад ирвэл яах билээ. Уг нь 20-иод эмэгтэй байна, нэр цэвэр, боловсролтой, ажил хөдөлмөр мэдэх залуус байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч байна, багш, эмч нар байна. Энэ жагсаалт дотроос Засгийн газрын гишүүдийг сонгоно оо. Тэд “жалга довны улстөр хийхгүй, улсын бодлогын төлөө тууштай ажиллана” гэх маягтай. Гэхдээ 50 дотор “хүсээгүй baby” бас байна аа. Гуя дагуулж хүзүү гэдэг шиг 50-ууланг нь буюу нам дугуйлах хэлбэр рүү Сонгуулийн тухай хуулийг чиглүүлбэл яах вэ.
Зургаан нам УИХ-ын сонгуульд орлоо. Зургаан намаас тус бүр 50 хүн нэр дэвшүүлжээ. Нийт 300 хүн дотроос иргэд 2024 оны сонгуулиар 50 хүнийг сонгож жагсаалтын 50 гишүүнийг бүрдүүлэх ёстой. Ийм хэмжээний цаасан зардал өртөгтэй, УИХ-ын сонгуульд саналаа өгөх гэж байгаа ахмадууд, анх удаа өгч байгаа залууст хүндрэлтэй гэдэг өнцөг гарч ирнэ. Өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа найман нэр дэвшигчээс гадна 300 хүн дотроос хайж 50 хүн олох чинь оролцож байгаа хүмүүстээ ч, сонгож байгаа хүндээ ч, зохион байгуулж байгаа улсад ч түвэгтэй учраас “шууд л намын нэр дугуйлъя” гээд хуульчилбал “шууд сонгох зарчим” яах билээ гэж бодогдоно. Дөрвөн жилд нэг сонгоод, дөрвөн жил харааж ерөөдөг сонголтдоо хэн ч гэсэн цаг гаргачихмаар байх юм.
Г.Улсболд