Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт 1681 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс 1300 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 67 мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан бол 61 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээр нийт 10167 хэрэг бүртгэгджээ.
Үүнээс гэр бүлий хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 394 нь буюу 91.8 хувь нь хөнгөн бол 35 буюу 8.2 хувийг хүнд гэмт хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 51 хувь нь Улаанбаатар хотод бол 48.2 хувь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас он гарснаас хойш 403 хүн хохирсны дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 396.5 сая төгрөгийн хохирол учирсан аж.
Б.ЦЭЦЭГ