“Ноён эмэгтэй” ноёлсонгүй

3
2022 оны 9 сарын 72022-09-07
 “Ноён эмэгтэй” ноёлсонгүй

Хүсэл, шунал, өш хонзон, хараал зүхэл... Энэ бүгдийг  “Ноён эмэгтэй”-гээс  харж болохоор. Киноны үйл явдал  1974 оноос эхлэлтэй.  Гэнэн цагаахан охидын нөхөрлөлд, түрхэн зуурын уур хилэн,  болгоомжгүй үйлдэл насан туршийн харуусал, хар толбыг үлдээнэ. Энэ үйл явдлын гол эзэн, киноны гол дүр бол гавьяат жүжигчин Г.Уранчимэг. Тэр жүжиглэх ур чадвар, стиль имижээрээ үзэгчдээ гайхшруулдаг. Шоронгийн “атаман”-ыг  үнэхээр ч харуулж  чадсанд нь маргахгүй. Гэхдээ  жүжиглэлтээс илүү киноны агуулга бидэнд юу үлдээв гэдэг нь чухал.

Хорих ангид хоригдож буй эмэгтэйчүүдийн хоорондох талцал, атаа жөтөө, эрх мэдлийн төлөөх “дайн”-д хүний амьдрал, амь нас хумхын тоос шиг болох нь киноноос харагдах аж. Ийм ч гэлээ хүн бүрийн дүгнэлт өөр болов уу.

Хатуухан хэлэхэд, сонсмооргүй хараал зүхэл, нүд халтирам хэсэг кинонд цөөнгүй байлаа. Үүнийг гэр бүлээрээ тэр дундаа бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй.

Хорих ангид эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байсныг 20 гаруй жилийн өмнөх үйл явдлаар дүрслэхийг зорьжээ. Гэвч хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Үүн шиг хүчирхийллийг илүүтэй харуулах нь хэр зохимжтой вэ.

Киноны зохиолч Г.Бямбасүрэн “Биднийг дандаа хар бараан төрлийн кино хийх юм, гэгээлэг уран бүтээл хийгээч ээ гэх сэтгэгдлүүд ирдэг. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд уран бүтээлчид бид энэ нийгэмд бүтээлээрээ дамжуулан хүчтэй дуугарч байх хэрэгтэй” гэж  “Эргэлт.мн” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий. Атал нийгэм хар бараан зүйлсээр дүүрэн, хүмүүс бухимдалтай байгаа нь нууц биш.

Өдөр бүр хүчирхийллийн тухай бараан мэдээлэл хөвөрдөг, хүмүүс ч залхаж “дасч” байна. Харин бид хүчирхийлэлд дасч болохгүй.

Хүмүүс  ч бас өдөр тутмын хар бараан мэдээлэл, стресс бухимдлаас холдох гэж кино театрыг гэр бүл, найз нөхдөөрөө зорьдог болов уу.

Даанч манай дэлгэцийн бүтээлүүдэд жүжигчдийн уйлсан, хорссон, гомдсон, харааж зүхсэн дүр нийтлэг өнгө болжээ сүүлийн үед.  Ер нь үзэгчдээ уйлуулсан кино бүхэн сайн бүтээл гэсэн ойлголт биш хэдий ч “Мөн ч их хүлээсэн дээ...” хэмээн бяцхан охин хоолой зангируулан аавдаа хэлдэг хэсэг тухайн үеийн үзэгчдийн зүрхэнд тусаж, сэтгэлд хоногшсон. Найруулагч Г.Бат-Өлзийгийн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны энэ л хэсэг хүмүүст одоо ч тодхон байдаг биз ээ. 2001 онд үзэгчдийн хүртээл болсон энэ бүтээлийг хэчнээн удаа үзсэн ч үзэгчид уйдаагүй.  

Харамсалтай нь өнөөдөр кино нь үзэгчдийгээ юун соён гэгээрүүлэх манатай, дийлэнх нь шүү. Өнгө нялсан, хэлбэр хөөсөн кинонд нь үзэгчид хууртдаг болоод удлаа. Хар тамхи, хараал зүхэл, хүчирхийлэл аль эсвэл хошин шог  нийтлэг хэв маяг болсон гэвэл нэг их буруудахгүй биз. Кино урлагийн салбарт тэсрэлт хийх өндөр хүлээлттэй “Ноён эмэгтэй”-ч бас энэ хязгаарыг давсангүй, хайрцагнаасаа гарсангүй бололтой.

“Хувьсал”-аар овоглосон Г.Бямбасүрэнгийн тухайд киноныхоо зохиолыг үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Жаргалсайхан гуайн “Бид эрчүүдийг хүснэ” жүжгийн зохиолоос сэдэвлэн 2019 онд бичсэн байдаг. Мөн өөрөө Туул гэх туслах эмэгтэйн дүрийг бүтээж.

Киноны хамгийн гэгээлэг атал богинохон хэсэг нь энэ л туслах дүр байсан юм шиг. Туул гэх эмэгтэй хорих ангид ял эдэлж байгаа ч хайрлаж дурладаг, хайртай залуу нь ааруул өгдөг хэсэг бас л нандин.

Үнэндээ “Ноён эмэгтэй” хүчирхийллийн эсрэг, хүний эрхийг хамгаалахуйцаар нийгмийг цочроосонгүй. Кино хэрхэн бүтсэн тухайд, 2020 онд  Дархан хотоос 100 гаруй уран бүтээлч, 300 орчим арын албаны ажилтантай зураг авалтаа эхлүүлснээс хойш чамлахааргүй хугацааг зарцуулсан уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн бүтээлийг буруутгах гэсэнгүй. Ийм боловч кино багийнхан нийгмийг “харлуулах” бус гэрэл гэгээтэй талыг нь илүү олж харсан бол “Худалдагч охин” шиг шинэлэг байх байлаа. Харин  “Хувьсал”-ынхан өмнө нь  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”,  “Тэнгэрээс буусан од”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг киногоороо  тухайн үедээ шуугиан тарьсан ч эргээд үлдэх зүйлгүй нь нууц биш. Зөвхөн “Хувьсал” гэлтгүй жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино, тэрбүүхэл цахим “од”  О.Осоржамаагаар ч кино хийснийг одоо бүгд л мартсан байх.

Үзэгчид ч бас сүүлийн жилүүдэд нээлтээ хийсэн монгол кинонуудыг нэгээс илүү үзэх дургүй гэцгээдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл бидний алтан үеийнхэн гэж нэрлэдэг “Морьтой ч болоосой” , “Мандухай Сэцэн хатан” , “Зэрэг нэмэхийн өмнө”, “Бүлээн нурам”, “Суварган цэнхэр уулс” зэрэг киноноос үзэгчид уйдаагүй хэвээр л байна. Кино зохиол нь уу? Агуулга нь уу? Жүжиглэлт нь үү? Яагаад эдгээр кино үе дамжин бидний сэтгэлд хоногшиж байна вэ.

Товчхондоо, Монголын кино урлаг хэлбэр хөөхөөс илүү үзэгчдээ соён гэгээрүүлж, агуулгадаа анхаарах цаг нь болжээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй

1 сарын өмнө
Авлигачдыг алагчилъя

Авлигачдыг, хар тамхины наймаачдыг, хүчингийн хэрэгтнүүдийг, гадаадын тагнуулыг, террористыг өршөөлд хамруулдаггүй. Энэ бол гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй Засгийн газар ийм бодлого барьж төслөө боловсруулаад, хууль тогтоох дээд байгууллага УИХ нь баталж байна. Нэгэнт улс нийтээрээ авлигатай тэмцэе гэж байгаа бол зөвхөн зардал, цаг хугацаа хэмнэх зорилгоор авлигачдын толгойг илж тэдэнд хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломж олгодог байдлыг халах шаардлагатай. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгддэг нийт хэргийн 0.5 хувь нь авлигынх.

1 сарын өмнө
Хуульчдын форум: Цэц ичих хэрэгтэй

Монголын Хуульчдын холбоо их хурлаа 12 сарын 10-нд товложээ. Үүнээс наана өнөөдөр “Хуульчдын форум”-аа Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Зохион байгуулагчийн тоолсноор 130 мянган төгрөгөө төлсөн 290, зохион байгуулагчтайгаа нийлээд 320 хуульч оролцсон юм байна. Сурвалжлагчийн хувиар форумд оролцож, тайзан дээр уригдсан, зааланд суусан шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаачидтай ярилцаж үзэв. Хуульч биш, хөндлөнгийн хүн учраас ерөнхий уур амьсгал, давтамжтай өгч байсан мессеж, илтгэлээс базсан ажиглалтаа хуваалцах нь зөв биз ээ. Энэ форум хуульчдынх, тэрийг дагаад зүйл, заалт уйтгартайн дээр, дараа нь “хүний хэлээр” зажилж бичиж болох тул энэ удаад үлдээе гэж бодлоо.

1 сарын өмнө
Хоцрогдсон стандартаар хоцрогдсон байдлыг хамгаалж байна

Шадар сайд С.Амарсайханы танилцуулснаар Монгол Улсад 6525 стандарт байна. Гэтэл аль салбарт, төрийн болон бизнесийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд ямар стандарт мөрдөгддөг болохыг Стандарт, хэмжил зүйн бие даасан агентлаг иргэдэд сурталчилж, ойлгуулаагүй явж ирсэн. Иргэд тэрхүү “стандарт” гэгчийг мэдэхгүй учраас бид өнөөдөр идэх хүнс, хэрэглэх бараа, авах үйлчилгээ, эдлэх хөрөнгө, байх орчин, явах зам чанарын наад захын ямар шаардлага хангасан байх ёстойг төдийлөн мэдэхгүй. Мэдэхгүй учраас хэнээс юу шаардахаа мэддэггүй, ердөө л “сэтгэл гаргасан, гаргаагүй” гэх тодорхойгүй хэмжүүрээр тэдгээрийг үнэлж иржээ.

2 сарын өмнө