Сэхээний орон дээрх СЭТГЭЦИЙН эрүүл мэнд

2
2022 оны 9 сарын 142022-09-14
Сэхээний орон дээрх СЭТГЭЦИЙН эрүүл мэнд

Чөлөөт нийгэмд шилжээд 32 жил болжээ. Нийгмээрээ нэг хүлээснээс ангижирсан ч хүнийхээ хөгжлийг орхигдуулсныхаа горыг өнөөдөр бид амсаж байна. Өөрөөр хэлбэл, хүн байх, хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авч хайрлах, ойлгох сэтгэл зүйн боловсролыг бид мартан өдийг хүрсэн нь хамгийн том алдаа болжээ. Монгол хүний авир араншин хэчнээн эвдэрч шунахай сэтгэл, цэвдэг араншинтай болж байгааг сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдээс харж болохоор.

Тиймдээ ч Монголын нийгмийн сэтгэл зүй маш эмзэг буюу хүчтэй хүрвэл хагарах шаазан шиг болсон гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна.

Статистик дурдвал, 2022 онд нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймаг  333 сумын нийт 7919 хүнийг хамруулан монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааг хийжээ.  Судалгаагаар иргэдийн 60 орчим хувь нь сэтгэл түгших эмгэгтэй, 70 орчим хувь нь сульдлын хам шинжтэй, 39 хувь нь сэтгэл гутралтай гэж гарсан нь анхаарал татав. СЭМҮТ-өөс 1984-1992 онд хийсэн судалгааг дээрх судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн байна.

Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн асуудалтай аль эсвэл тухайн цаг хугацаанд сэтгэл нь хямарсан хүмүүс ямар ч зан, ааш гаргаж болно. Уг нь тэр хүнд илүү хүнлэг, ухаалаг тусламж үзүүлдэг байх хэрэгтэй. Сэтгэл бол эрхтэн. Иймд сэтгэцийн эмгэгтэй, сэтгэлзүйн асуудалтай хүнийг бид “муухай, арчаагүй, дорой” гэж харахаа л болих цаг болсон.  Нэг үгээр хэлбэл, сэтгэцийн эмгэг бол сэтгэл гутрал шүү дээ. Монголд айл бүрт нэг бөө, нэг сүлжээчин байдаг гэж өмнө нь ярьдаг байсан бол өнөөөдөр нэг сэтгэл гутралтай хүн байна гэж ярьдаг болсон. Гэтэл сэтгэл гутрал нь амиа хорлох шалтгаан, айдас түгшүүр болж байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Ялангуяа цар тахлын нөлөөгөөр хүн амын дунд айдас түгшүүр нэмэгдсэн. Энэ утгаараа Монголд амиа хорлолт маш  өндөр байна. Магадгүй өнөөдөр гаднаас нь харахад зүгээр байсан хүн маргааш нь амиа хорлосон байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь бид хүн бүрт  сэтгэлзүйн боловсрол олгох хэрэгтэй. Олон нийтэд мэдээлэл, мэдлэг өгөх нь чухал. Хэрэв бид сэтгэлзүйн талаарх мэдээлэл, боловсролтой бол ойр дотнын эргэн тойрны хүмүүсээ хамгаалж чадна” гэдгийг онцлов.

-АЖИЛГҮЙДЭЛ БА АРХИДАЛТ-

305302837_472644314724521_3280278281723130627_n.jpg

Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай болсон тухай судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргажээ. Уг судалгаанд Монгол Улсад архины дон туссан 10 мянган хүн бий гэсэн байна. Тоон мэдээнээс харахад цар тахлын улмаас 2021 онд ажилгүй иргэдийн тоо 18.5 мянгаар өсчээ. Ямартай ч  бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээллийг харахад дээд боловсролын дипломтой ажилгүй иргэд жин дарж байна. Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насныхан ажил орлогогүй байгаа нь архидалтын  гол шалтгаан болсон гэхэд буруудахгүй болов уу.

Үнэндээ монголчуудын дунд архины хэрэглээ өссөн, баян тансагтаа хүмүүс шил шилээр нь худалдан авч уугаад байгаа юм биш. Ажил олдохгүй, амьдрал ядуурснаас архинд нэг хэсэг нь “живж” байна. Дээр нь төр халамжийг зайлшгүй хэрэгцээтэй хэсэгт хүргэж чаддаггүй. Ажил хөдөлмөр хийх боломжтой хүмүүс халамж хүртдэг. Үүний үр дүнд хар залуугаасаа ажил хийх сонирхолгүй арми хэдэн үеэрээ бий болж байгаа нь нууц биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сард эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 10 жилээр бага байгаад архи  нөлөөлсөн гэдгийг тодотгоод  “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх талаар дуулгасан. Архитай тэмцье гэвэл эхлээд иргэдээ ажилтай, орлоготой болгоход л анхаарах шаардлагатай болжээ.

СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаа “Архины хамааралтай болох өвчний нэг, хоёрдугаар шатанд хүн өөрийгөө мэддэггүй. Энгийн үе шигээ нийгмийн амьдралд чөлөөтэй оролцдог хэрнээ уухаараа 2-3 хоног уудаг байх жишээтэй. Харин хүнд шат руугаа ороод ирэх үед тархинд нь өөрчлөлт орж эхэлдэг. Стресс, бухимдалтай болж эхэлнэ, уугаагүй үедээ хурдан уурлана, нойргүйднэ. Нойргүйдэлтэй болсон гэх шалтгаанаар хандаж буй хүмүүс их байдаг. Гэтэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь архинаас болж тархинд нөлөөлж нойргүйдэлтэй болсон гэдгээ ойлгодоггүй. Хамгийн хүнд шинж тэмдэг бол архины солиорол гэж зүйл. Нойргүй олон хоног унталгүй явснаас чихэнд хий юм сонсогдох, нүдэнд хий юм харагдах үед хүмүүс эмнэлэгт ханддаг. Эмнэлэгт хандсан үед нь шинж тэмдгээр нь тест авахад архины 3-4 шатны хамааралтай болчихсон байдаг. Архины хамаарлыг олон төрлийн тестээр үнэлдэг. Хялбарлаад хэлэхэд, тухайн хүнийг архины хамааралтай болсныг илтгэх шинж тэмдэг нь архийг олон хоногоор хэрэглэх, шараа архиар тайлах, чухал ажлаа тасалж эхлэх, ажлаас архийг урьтал болгох, нийгмийн зөрчлүүдийг бий болгож эхэлдэг” гэв.

- ХҮҮХДҮҮД Ч АМИА ХОРЛОХ ТАЛААР БОДДОГ-

305295454_635661634836108_3248748589971679033_n.jpg

2022 онд "Оптимал Эн Макс" ХХК 14-19 насны 2000 орчим хүүхдүүдээс “Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”-г хийхэд оролцогчдын 21 хувь нь амиа хорлох талаар 5 болон түүнээс дээш удаа нухацтай бодож, 16 хувь нь нэг удаа амиа хорлохыг завдсан гэжээ.

Өөр нэг судалгаанаас харахад 13-17 насныхны дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой байдаг бол ойролцоогоор 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийж үзсэн гэсэн байна.

Өнөөдөр бидэнд талхны мөнгөнөөс илүүтэй сэтгэл зүйн хэрэгцээ дутагдаж хэн нэгний халуун дулаан үгс, урмаар цангаж байгааг дээрх тоо баримтаас харж болохоор. Үүнээс харахад өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болжээ. Тэдний амиа хорлох бодол, үйлдэлд биеийн болон үгэн хүчирхийлэл хамгийн их нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчин нь бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг, хүүхдэд ээлгүй хэвээр. “Есдүгээр ангийнхан 7-8 ангийн хүүхдүүдийг  жагсааж наад тамхиа тат, пиво уу гэж шахдаг.  Татахгүй бол зодно гэдэг” талаар нэрээ нуусан сурагч охин ярив.

Өөр нэг хөвгүүн “Үе тэнгийхний хүчирхийлэлд нас хүйс хамаарахгүй. Анги дэвших тусам бүрт энэ асуудалтай тулгардаг. Ялангуяа харагдах байдлаас шалтгаалж ил болон далд хэлбэрээр дээрэлхдэг. Бүдүүн байна, царай муутай байна гэх мэтээр. Үүнээс болж бусад хүүхдүүд дагаж шоолдог болсон. Энэ нь миний өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн” гэлээ. Энэ мэтээр сургуулийн орчин дахь хүчирхийлэл нийгмийн нэг эмзэг асуудал болжээ. Дээд ангийн сурагчид пиво, тамхи авахуулахын тулд доод ангийнхнаа дээрэлхэж, мөнгө нэхдэг гэнэ.  Авч өгөхгүй бол зодно. Янз бүрийн зураг авснаа цахим орчинд нийтэлнэ гэж сүрдүүлдэг аж.

Харин сурагчдын зүгээс “Эцэг эхтэйгээ ярилцах гэхээр ойлгодоггүй учраас нарийн зүйлсээ найзуудтайгаа ярилцдаг” гэдгийг хэлэв. Мэдээж бүх зүйлд төр засаг, багш нарыг буруутгаад өнгөрч болохгүй. Хамгийн чухал нь эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь эцэг эх бүрдүүлэх үүрэгтэй.  Гэвч яаж ч ядарч, завгүй байсан хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.

Тэгвэл сэтгэлзүйчид  хүүхэдтэйгээ ярилцахын тулд “Хүүхэд хичээлдээ дургүй болох, сургуульдаа очихгүй байх зэрэг сэтгэлд нь ямар нэгэн учир шалтгаан, үйл явдал хуралдсан учир тийм үйлдэл гаргаж байгаа. Дотроо бодоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ цуглуулсаар байгаад эцэст нь үйл хөдлөлөөрөө гаргаж байна. Тэр нь магадгүй сургуулийн орчин дахь үл ойлголцол, үерхэл шохоорхол юу ч байж болно. Удаан хугацаанд толгойд нь эргэлдсэний дараа үйлдэл хийх хэмжээнд хүрч байгаа юм. Хүүхдийг шууд ярь гээд яриулах хэрэггүй. Илүү хүлээцтэй байх хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрсдөө мэдрэмжээ хуваалцаарай. Тэрнээс биш уурлаж, загнавал хүүхэд тань улам л эсэргүүцнэ” гэдгийг зөвлөв.

-ЭРЧҮҮД УЙЛАХ ЭРХТЭЙ-

305841022_451111116972033_892702141002227002_n.jpg

Иргэдийн амьдралын хэв маяг, чанарын ялгарал ихсэх тусам нийгэмд уур бухимдал стресс нэмэгддэг. Түүнчлэн хүнийг амиа хорлох шийдвэр гаргахад зөвхөн сэтгэл зүйн байдал бус эдийн засгийн хараат байдал маш ихээр нөлөөлдөг бөгөөд тухайн улс орны эдийн засгийн байдал сайжрахтай зэрэгцээд амиа хорлолтын статистик буурдаг гэдгийг бусад орны туршлагаас харж болохоор юм. 

Амиа егүүтгэсэн хүмүүс хүнд нөхцөлд байгаагаа хэнд ч хэлдэггүй. Үүнийгээ зөвхөн гэрээслэлдээ тусгасан бөгөөд ар гэр болоод, ойр орчных нь хүмүүс тухайн хүнийг ийм хүнд байдалд байгааг анзаараагүй байдаг гэнэ. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийн 88 хувь нь дуугүй, зожиг, асуудлыг бусадтай хуваалцдаггүй, өөрийгөө илэрхийлдэггүй, амьжиргааны түвшнээс  доогуур, эсвэл дөнгөж дээгүүр орлоготой өрх байсан нь тогтоогджээ.

Ялангуяа эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлж байгаагийн хортой үр дагавар нь тухайн хүүхэд насанд хүрсэн хойноо өөрт нь асуудал тулгарахад нээлттэй байж, шийдэх гарцыг олж чадахгүйд хүргэж байгааг сэтгэл судлаачид хэлж байв.

Учир нь хөвгүүдийн талаар монголчууд бидний ойлголт хоцрогдмол. Эрэгтэй хүүхдийг хатуу чанга гараар хүмүүжүүлэх ёстой, эрэгтэй хүүхдийг эрхлүүлж болохгүй, эрэгтэй хүүхэд байж уйллаа, эрэгтэй хүүхэд юм чинь сурахаас илүү ажил хий гэх мэт хандлага гаргадаг. Гэтэл эрэгтэй л болохоос тэр чинь хүн. Охид илүү эрхтэй, хөвгүүд дутуу эрхтэй гэсэн хууль хаана ч байхгүй. Хүний эрх бүгдэд эн тэнцүү, ижил шударга үйлчлэх учиртай. 

 

 -ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ-

Олон улсын туршлагаас үзэхэд, өндөр хөгжилтэй Европын улс орнууд болон Япон, Солонгос гэх мэт улсад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэл зүйн хичээлийг оруулж өгсөн байдаг. Мөн сургууль, цэцэрлэг бүрт сэтгэл зүйчийн орон тоо байх ба өдөр бүр хүүхдүүдийг ажиглаж, тэдэнтэй ярилцдаг байна. Дээрх арга туршлагыг хэрэгжүүлсэн Япон Улсад гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд амиа хорлолт 18 хувиар буурсан гэх мэдээлэл бий. 

Улмаар Монголд амиа хорлолт эрт илрүүлгийн тандалт судалгааны алба, шаардлага хангахуйц донтолтын төв болон сэтгэцийн эмгэгтэй хүнийг асрах төрөлжсөн асрамжийн газар байгуулах, өсвөр насныханд зөвлөгөө өгөх сэтгэл зүйн төв, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөтгөж дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж болох юм. 

Э.СОСОРБУРАМ

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

8 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

19 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө